“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол ардын нам 100 хоногт” хэмээх хараат бус тайлан гаргаснаа танилцуулав.
О.Магнай хэлэхдээ,“Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга. Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садангууд цуглаж байна. Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь УИХ-ын гишүүд болон МАН-ын дарга нартай ямарваа нэг садан төрлийн холбоотой байгаа нь харагдлаа.
Энэ бол жирийн ард иргэдэд өсч дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Бид Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2-3 ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигийг чиглүүлж болдог уу гэвэл болдог. Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Харамсалтай нь, ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлига гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй. Мөн өнөөдрийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлөвлөгөөгөө энэ 100 хоногийн хугацаанд гаргаж чадсангүй” гэлээ.
Түүний гаргасан тайлан гурван хэсгээс бүрджээ.
Засгийн газрын томилгоо
- Улсын их хурлын дарга, Монгол ардын намын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов.
- Улсын их хурлын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон зэрэг төрөл садны холбоотой 32 жагсаалт энэ хэсэгт багтжээ.
Засгийн газрын хийсэн ажлууд
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зогсоов.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов.
- Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг зогсоов гэх мэт ажлуудыг дурьдсан байв.