Эрх баригчид эдийн засгаа аврах гарц нь татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа нэмснээр шийдэгдэх мэтээр ярьж, хэлэлцэж эхэлсэн. Машин, хадгаламжийн хүү, нийгмийн даатгал, 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд, том байртай хүмүүсээ дарамталж, найман төрлийн татвар нэмэхээр Засгийн газар санал оруулж ирэв. Эдийн засгаа аврах гарц нь ердөө л иргэдээ дарамталсан шийтгэлээр эхэллээ. Ингэж татвар нэмэх тухай хуралдахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “150 квадрат метр талбайтай орон сууцтай иргэдээс татвар авна гэвэл нийт иргэдийн 90 хувьд нь таалагдана” гэхэд Л.Энх-Амгалан гишүүн “200 метр квадрат орон сууцтай гэж өөрчилж болохгүй юу” гэхэд “Манай байр гурван өрөө байсан. 150 метр квадрат хүрдэггүй юм. Таваас дээш өрөөтэй байж л метр квадрат нь 150 хүрдэг. 200 болговол татварт хамрагдах хүмүүс цөөдөх гээд байна. Ингэж татвар авна гэх юм бол олон нийтийн 90 хувьд нь таалагдана” гэж хэлж байна лээ. Дийлэнх нь баярлана, олонхид нь таалагдана гэхээрээ л коммунизм болдог. Үүнийг бид мэднэ. XX зууны эхээр коммунизм руу, нийгмийн ихэнхэд нь таалагдана гэж үзсэн. МАН коммунист угшилтай нам. Тэр нь хэвээр байгаад байна. Нийгмийн 90 хувийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулна гэж том эндүүрээд байна. Цагтаа Ленин, Сталин тавиас илүү хувийн дэмжлэгтэй нударганы газрыг булааж, хөрөнгийг хурааж байсан. Язгууртан, тайж, ноёдоо үгүй хийж, хэргэм зэрэг, эд хөрөнгийг нь булаасан энэ үйл явц манайд ч давтагдсан. Үе залгамжилсан хэргэм зэргийг нь үгүй хийж, бүгд ижил эрх тэгш байхыг сурталдаж, эд хөрөнгийг нь тоолж, хураасан. 1924 оны Үндсэн хуулиар улсынхаа нэрэнд “бүгд” гэдэг үгийг оруулж, бүгдээрээ тэгш байх ёстой хэмээн аль олигтой бүхнээ үгүй хийсэн.
Тэр үедээ 90 хувийн дэмжлэг хүрээгүй байхад өнөө цагт Ж.Эрдэнэбат ийм дэмжлэг авна гээд хээв нэг хэлж байна. Үнэн хэрэгтээ 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцтай иргэд ердөө 4300 л байдаг юм байна. Нийт орон сууц эзэмшигчдийн 2.6 хувь л болж байгаа юм. 200 метр квадрат талбайтай айлаас 50 метр квадратын татвар авахад жилд 450 мянган төгрөг болно гэж Сангийн сайд нь хэлнэ лээ. Тийм тооны хүнээс ийм хэмжээний татвар авлаа ч улсын төсөв бүрдэж, эдийн засгийн хямралаас гарчих уу. Том орон сууцтай болъё гэж мөрөөдөөд ч хэрэг алга.
Ленин Сталинаасаа ч том дэмжлэг авч хэлмэгдүүлнэ гэж санаж. Эрх баригчид нэг юмыг мэдэхгүй байна. Бид чинь XXI зуунд амьдарч байна. Хойно үлдсэн XX зууныг дахин бүү давт. Дэлхийд байхгүй болсон коммунизмаа сэргээх гэж бүү оролд. Өнөөдөр бүх юм өөр болсон. XX зууны эхэн үеийн сэтгэхүйгээс өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийн сэтгэхүй тэс өөр болсон. Хүмүүс ухаажсан, хэрсүүжсэн, дээр нь мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Арван хувийг нь нухчихын тулд 90 хувийн дэмжлэг авах тухай ордны өрөөндөө ярьж эхэлж байхад чинь л аль хэдийнэ энэ талаар хэлэлцэж, эргүү тэнэгээр нь дуудаад эхэлж байна. Тийм ч амар тархиа угаалгахааргүй болсон. Тиймээс таны татвар нэмэх саналыг 90 хувь нь эсэргүүцэж байна. Мэдээлэл ийм хурдтай түгж, хүмүүс эрүүл ухаанаар асуудалд ханддаг болсон. Дэмжлэг авна гээд байгаа 90 хувь чинь татвар авах гээд байгаа арван хувийг илүү олон болгохоор тэр хувьд багтах гэж зүтгэж байгаа нь олон. МАН сонгуульд орохдоо татварыг нэмэхгүй гэчихээд сонгогдсон хойноо үүнийхээ эсрэг үйлдэл хийгээд эхэллээ. Хүнийг том байранд амьдарлаа гэж татвар нэмж авч байгааг “Дэлхийд хаана ч байхгүй ийм юм байдаггүй. Орлого олох, мөнгө олох, бизнесээ идэвхжүүлж эдийн засгаа босгохоо бодохгүй, ард түмнээ татвараар дарамталж, эдийн засгаа босгодоггүй” гэж Сангийн сайд асан, шилдэг эдийн засагчдын нэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байн байн анхааруулж хэлээд л байна лээ. Зарим нэг тулхтай улстөрч Орон нутгийн сонгуулиар далаараа тавиулав гэж анхааруулаад ч Ж.Эрдэнэбат тэдний үгийг сонссонгүй, сонсохыг ч хүссэнгүй. “Цөөнх байхдаа ард түмэнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан” гэж Ерөнхий сайд бүлгийн хурал дээрээ ярьсан байна лээ. Олонхи болохоороо ард түмнээрээ тоглож болно гэж ойлгосон бололтой. Олонхиороо түрээ бариад энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжчихлээ. Эрүүл саруулаар шүүмж хэлсэн гишүүдээ бүлгийн хурал дээрээ МАН-ынхан олонхиороо дарамталж, хэвлэл мэдээлэлд хамаагүй юм ярьж болохгүй гээд үүрэгдчихлээ. Коммунизм нэвт ханхлуулаад эхэллээ.
Хөрөнгө мөнгөтэй хүн болгон луйвар хийсэн байдаггүй. Хөлсөө илүү дуслуулж арай том машин унаж, арай том байранд амьдарснаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ад шоо болох нь. 150 квадрат метрээс дээших орон сууцны татвар яваандаа 130, 120, 100, 90, 80 байр орон сууц болгоноос татвар авдаг болдгийг ард түмэн эрхбиш мэднэ. За яахав, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр Монголын мөнгөтэй хөрөнгөтэй, том байртай болгоноос татвар авч, нийт ард түмний 90 хувийн дэмжлэг авъя гэж бодъё. Тэгвэл иргэдийн 70 хувь нь цаашдаа өөсрдийнх нь унаж яваа ганц машинаас ч өндөр татвар нэхээд унахыг мэдэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг дэмжих ерэн хувьд багтахыг бас хүсэхгүй.
Энэ байдлаас нь харахад хамаг юмыг нийгэмчилж коммунизм байгуулах нь л дээ. Байгуулах гэлээ ч дэмжихгүй, байгуулчихсан байлаа ч дэмжихгүй. Ард түмнээрээ хэлэлцэж баталсан Ардчилсан хувьсгал гараад ганц хийсэн юм гэж ч ярьдаг шашин шүтлэг, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг Ж.Эрдэнэбат сайд та зөрчиж байна. Харин тантай хамт бид Үндсэн хуулиа зөрчихгүй. Таны санаа бүтэхгүй ээ. Хэн нэгнээс дэмжлэг хүсч байгаа бол дэмжигдэхгүй. Харин ирэх сонгуулиар 90 хувьтай таны, та нарын эсрэг санал өгч болж чадах байх шүү. Цөөнх болоод юу ч ярьсан бас итгэхээргүй болсон. Учир нь ард түмэнд таалагдах гэж л юу ч хамаагүй ярьдаг байсныг нь Ерөнхий сайдынх нь үгнээс бид мэдчихсэн шүү дээ.
Д.Мөнгөндалай