Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлчихлээ?
-Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ маргааныг шийдэхэд олонхиороо шийдвэрээ гаргадаг. Олонхиороо шийдвэр гаргаж байгаа нөхцөлд өөр саналтай байгаа шүүгч өөрийнхөө саналыг тусгайлан бичиж, ямар үндэслэлээр яагаад энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа, олонхи болсон шийдвэрийн үндэслэлийг яагаад үгүйсгэж байгаагийнхаа учир шалтгааныг тайлбарладаг. Энэ тайлбар нь өөрөө хэвлэгдэж ил болдог. Ардчилсан орнуудын шүүх хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэж харах толь нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн тусгай санал ил тод, нээлттэй байдагт оршдог. Ингэж байж шүүгч хараат бусаар, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийг дээдэлж ажиллах орчин бүрддэг. Монгол Улсад хууль зүйн энэ орчин албан ёсоор бүрдээд цөөнгүй жил болж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Би Үндсэн хуулийн Цэцэд шүүмжлэлтэй ханддаг. Юунд харамсч байна вэ гэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааг 1960 оны Үндсэн хуулиас ч өмнөх үеийн шүүхийн үйл ажиллагааг коммунист захиргаадалтын аргаар хэрэгжүүлж, хаалттай, нууц, цөөн дарга, удирдагчийн үгээр явдаг тогтолцоо болгон хувиргахад энэ Цэц их хувь нэмэр оруулж байна.
-Цэц энэ удаад ч буруу шийдвэр гаргачихлаа гэж үү?
-Маш том ухралт, харалган шийдвэр. Уул нь шүүх гэдэг нэг хамт олон, нэг сонирхолтой байгууллага биш. Шүүгчийг багаар бус тус тусад нь хувь хуульчийнх нь хувьд сонгон шалгаруулж томилдог. Шүүгч тус тусдаа лицензтэй хуульчид байдаг. Тийм учраас гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг тус тусдаа хүлээдэг. Түүнээс биш хамт олноороо, дундын хариуцлага хүлээх тухай ойлголт байхгүй. Харамсалтай нь шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдлын тухай ярьж байгаад эсрэгээр нь шүүх бүрэлдэхүүний олонхид удирдагдах, цаашлаад шүүхийн удирдлагад захирагдах шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Өнөөдрийн нэг шүүгчийн тусгай саналд дурдагдсан үндэслэл, тайлбар маргааш олон шүүгчийн шийдвэрийн үндэслэл тайлбар болж болно гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Цэцийн энэ мэт хааж, нууцлах, ухарч буцах хандлагатай шийдвэрүүд сүүлийн зургаа, долоон жил олон болсоон.
-Цэцийг уг нь Үндсэн хуулийн манаач гээд байдаг?
-Дэлхий нийтэд манайх шиг Үндсэн хуулийн дагнасан шүүхтэй орон, за даа бараг Дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг улс орнууд ч мөн адил бүгдээрээ л Үндсэн хуулийн хяналт хамгийн ил тод байх ёстой, маргаан мэтгэлцээнийн үйл явц нь олны нүдэн дээр, шийдвэр, тусгай саналууд нь нийтлэгдэж хэвлэгдэх ёстой гэж үздэг. Манай Үндсэн хуулийн Цэц өөрөө хаалттай, нууцлагдмал болох гэж тэмүүлэхийн сацуу Дээд шүүхийг хаалттай болгох гэж оролдож байна.
-Намуудын шинэчлэлийн асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад байгаа. Гэтэл энэ асуудал чинь 2006 онд ч яригдаж байсан. Та улс төр рүү анх орохдоо ч улс төрийн намын хуулийг шинэчлэх, өөрчлөх ёстой гэсэн зүйл ярьдаг байсан юм билээ?
-Ер нь бол ганц хууль биш л дээ. Монгол Улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Улс төрийн нам гэдэг нь намын гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийнхөө хатуу гишүүнчлэлд барьцаалагддаг байгууллага байж болохгүй. Намууд бол иргэдэд үйлчлэх, энэ улс оронд хэрэгтэй бодлого боловсруулж гаргах, нийтийн ашиг сонирхлыг хамгийн зохистой аргаар хангахад зорилго нь оршсон тийм институци. Гэтэл манай улс төрийн намууд юу болоод хувирчихсан юм гэхээр социализмын үеийн хатуу гишүүнчлэлтэй намын загварт орчихоод нэгдүгээрт, гишүүдийнхээ төлөө санаа зовдог байгууллага болоод хувирчихсан. Ийм болчихоор яаж гишүүдээ ажилтай болгох уу, тэдэнд яаж нийгмийн халамж, төрийн үйлчилгээг илүү хүртээх үү гэж боддог болчихно. Үр дүн нь төрийн албыг намын харьяаллаар улстөржүүлж, төрийг мөлжиж, төсвийн эх үүсвэрүүдийг танил тал, хамаатан садан, намынхаа гишүүд рүү чирдэг луйврын маягийн бүлэг, хуулиас давсан хэлхээ холбоо болоод хувирчихаж байгаа юм. Энэ тогтолцоог шинэчлэхгүйгээр улс оронд хэрэгтэй нийтийн ашиг сонирхлыг хангаж чадах эрүүл саруул улс төрийн намууд хөгжинө гэж байхгүй л дээ. Бүгд л харж байгаа биз дээ. Сонгууль боллоо, засаг солигдлоо. Тогтвортой ажиллах төрийн албан хаагчид эрсдэлд ороод бүгд айцгаасан. Нам солигдсон учраас намаар дамжиж чадалтай, чадалгүй бөөн хүн орж ирнэ гэдэг болгоомжлол бий болчихсон. Нам солигдлоо, нийгмийн халамж, төрийн үйлчилгээ мөн адилхан аль нам, хэн байх вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг. Төрийн эх үүсвэрүүд эрх баригч намын дараагийн сонгуульд ялах ялалтын гол зэвсэг болон хувирдаг. Тэгэхээр аль нэг намыг дагахгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Ямар нэг намыг санхүүжүүлж, хандив өгч байж бизнес эрхлэгчид эрсдэлгүй, аюулгүй байх жишээтэй. Тонуул дээрэмд суурилсан чөтгөрийн тойрог л гэсэн үг. Ардчилсан намын шинэчлэл гэж ярьж байгаа боловч Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй энэ нэг чөтгөрийн тойрог үүсгэсэн буруу угшил, буруу арга барилтай улс төрийн намын тогтолцоог өөрчлөх, явуургүй улс төр хийдэг, зарчимгүй байдлыг халах шаардлага байна. Энэ нь мэдээж дөнгөж одоо яригдаж байгаа шинэ зүйл биш.
1996 онд яригдаж л байсан. 2000 оны том ялагдлын дараа ярьж л байсан. Хийж чадаагүй. Одоо 2016 оны ялагдлынхаа дараа бас ярьж л байна. Ингээд яриад байгаад байх уу, үүнийг жаахан зоригтой хийх үү гэдэг л асуудал байгаа.
-Тэгээд энэ намуудыг яаж шинэчлэх вэ?
-Улс төрийн намд 50, 50 хувийн хүчтэй нөлөө байдаг юм. Намын дарга гэдэг бол улс төрийн намын 50 хувь. Зарим шинэчлэлийг хэн нэгэн манлайлж, өөрөө дагуулж үлгэрлэж байж хийдэг. Тиймээс намын дарга шинэчлэлийн уур амьсгалуудыг ойлгох чадвартай. Түүнийгээ ойлгоод зүгээр хоосон ярихаас илүүтэй бодит үйлдлээрээ бусдыг дагуулж манлайлах чадвартай байвал улс төрийн нам дахь шинэчлэлийн уур амьсгал эерэг болно.
Үлдсэн 50 хувь нь тэр намын даргыг дэмжин ажиллаж байгаа намын олон нийт болон тухайн намд үйлчилж байгаа дүрэм журам, үйл ажиллагаандаа эрхэмлэх зарчмуудаас шалтгаална. Тиймээс нэгдүгээрт, намын гишүүнчлэлийг эргэж харах ёстой. Намын гишүүнчлэл гэдэг нь зөвхөн өөрийгөө тойрон хүрээлүүлсэн, өөрийгөө магтан дуулсан хэдхэн хүнээр хэмжигдэхгүй. Бас хэн нэгнийг мөнгөний уурхай гэж хараад алхам бүрээ мөнгөөр үнэлж “Та намын дарга, та минь даргаараа байвал бол оо” хэмээн зулгуйдан, хүний мөнгөөр хувийн амьдралаа шийдэх гэж оролдож байдаг шимэгчдийн бөөгнөрөл болоод хувирчихвал аюултай. Ийм нөхцөлд манлайлагч нь нэг бол “диктатор” нөгөө бол “хулгайч, авлигач” болно. Тэгэхээр ер нь энэ намын хатуу гишүүнчлэл байх уу, үгүй юу. Байлаа гэхэд гишүүд нь намаас хувийн ашиг хүртье гэхээс илүүтэй, итгэл үнэмшил, үзэл санаа, нийгмийн өөрчлөлтийг хүлээж байдаг хүмүүс болж чадах уу үгүй юу гэдэг их чухал.
Хоёрдугаарт, гишүүнчлэлийнхээ асуудлыг ингэж эрүүл саруулаар харж байгаа бол гишүүд болон намын лидер хоёрын хоорондын эргэх холбоо болон дотоод ардчиллынхаа системийг сайжруулах ёстой. Лидерүүд нь тасраад явчихдаг, гишүүд нь гомдоод үлдчихдэг байж болохгүй. Эсвэл гишүүд гэдэг нь лидерүүдээ гол үндсэн зарчим, үнэт зүйлээсээ унах хүртэл нь хулгай, тонуул руу шахаж “Та нар бидэнд мөнгө л өгөх ёстой. Та нар биднийг албан тушаалд аваачих ёстой” гэж шаарддаг мафижсан бүтэц байж болохгүй. Ил тод ажилладаг, дотоод ардчилалтай, зарчим үзэл санаан дээрээ лидер нь ч, гишүүд нь ч уулзаж ярилцаж чаддаг ийм бүтэц болох ёстой. Ийм зөв бүтэц болъё гэх юм бол улс төрийн намууд эрх ашгийн биш бодлогын нам болж хувирах ёстой. Судалгаатай, бодлого боловсруулдаг, улс орны хөгжил ярьдаг ийм бүтэц болж хувирах хэрэгтэй. Ийм бүтэц болъё гэж бодож байгаа бол үүнд хамгийн их халгаатай байгаа одоогийн санхүүжилтийнхээ системийг өөрчлөх хэрэгтэй.
-Улс төрийн намуудын хувьд хамгийн хаалттай сэдэв нь энэ л дээ. Уг нь ил тод байх ёстой?
-Өнөөдрийн бидний намын санхүүжилтийн тухай яриа нь намыг хэн нэгэн олигархи худалдаж авдаг эсвэл төрөөс мөнгө их хулгайлж чадсан нь намаа барьцаалдаг биш, нам, намын гишүүд үзэл санааныхаа төлөө улс төрийн үйл хэрэг явуулах санхүүгийн зөв бололцоотой байх тухай юм. АН ганцаараа, дангаараа үүнийг хийж чадахгүй. Улс төрийн намын тухай хуулиа өөрчилж, намууд бүгд адилхан зохион байгуулалттай, зөв дүрмээр, ил тод санхүүждэг болох ёстой. Тиймээс АН дотор өөрсдөд нь хамаатай үзэгдэл ч байгаа, улс орон, нийт улс төрийн амьдралтай холбоотой үзэгдэл ч байгаа.
-АН-ыг шинэчлэхийн тухайд гишүүд нь өөр өөрийн санаа оноогоо хэлж байна. АН-ыг тараах ёстой гэж байгаа хэсэг байхад энэ намын толгойд байгаа хүмүүсээсээ цэвэрлэгдэж дороос шинэ хүмүүс гаргаж ирэх цаг нь болсон ч гэх юм?
-АН-ын нүүрэн дээр батга адил болчихсон, олон нийтийг энэ намаас жигшиж холдоход хүргэж байгаа тийм зан характертай юм уу, эсвэл тийм үйл явдалтай хүмүүс байгаа бол улстөрийн хариуцлага хүлээгээд арын эгнээ рүү орох ёстой. Намын болоод улс орны шийдвэрт оролцох оролцоогоо багасгах ёстой. Тэр бол аль ч сонгуулийн дараа, сонгогчдоос муу дүн авсан бол хоорондоо ярилцдаг, нам дотроо хариуцлага тооцдог, том дүр зургаараа дотоод ардчилалтай байна уу, үгүй юу гэдгээ харуулдаг л алхам. Тэрийг үгүйсгэж болохгүй. Харин АН тарах ёстой, хуваагдал задрал нь эцэстээ хүрээд хэд хэдэн нам болж салах ёстой гэж бодох хүмүүс байгаа бол аливаа зүйлийг эвдлэх хялбар, эвлүүлэх хэцүү гэдгийг мартаж болохгүй. Өдий хэмжээнд эвлэж нэгдэж, цуглаж ирсэн АН-ын түүх өөрөө 26 жилийн зовлон, жаргал. 26 жилийн үйл хэрэг. Үүнийг хоёр, гуравхан өдрийн дотор үгүй хийнэ гэдэг их л харалган яриа. Хагалж бутаргах яриаг босоо суугаа завсарт, хурдан түүхий шийдэхгүй байх аа.
Харин энэ намыг муухай харагдуулж, гишүүдийг нь хагаралдуулж, ардчиллын үнэт зүйлээс нь салгахын сацуу намын нэрээр авсан эрх мэдлээ хувийн ашиг сонирхол, атгаг өширхсөн бодолдоо ашиглаж, сонгуулиар амласан амлалтаа улдаж үгүй хийсэн хүмүүсийг жаахан хол бай гэж хэлэхэд гэмгүй.
-АН, МАН бол манай улс төрийн хамгийн том хоёр хүчин. Хоорондоо үзэл бодлын болоод бусад зүйлсээрээ ч ангид, ялгаатай. Гэтэл сүүлийн жилүүдэд хэт сүлбэлдэж өнөө ялгаатай зүйл нь алга болчихлоо гэж шүүмжилдэг?
-Үүнд хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, АН өөрийн мөн чанар болсон иргэдийнхээ төлөө, жирийн хүмүүсийн төлөө дуугардаг, хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал, иргэний хувийн бизнес, хувийн өмч, аж ахуй эрхлэх таатай орчин, хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт гэх мэтчилэн яриануудынхаа эзэн нь байж чадахгүй байгаа. Нөгөө талаас МАН мөн чанараар тийм байж чадахгүй атлаа энэ зүйлүүдээр маш сайн хэлбэрдэж, жүжиглэж чадаж байгаа нь энэ хоёр нам ялгаагүй мэт харагдахад хүргэж байгаа юм. Гэхдээ мөн чанараараа өөр л дөө. Гудамжинд ч байсан, эрх мэдэлтэй ч байсан хүний эрх, шударга ёсны тухай дуугарч чаддаг хүмүүс АН-д байдаг. Олонд таалагдахын тулд гоё ярьчихаад бодит амьдрал дээр эсрэг хийдэг хүмүүс бол МАН-ын нийтлэг төрх ш дээ.
Хоёрдугаарт, нам дамнасан эдийн засаг, санхүү, хуулийн бүлэглэл бий. Аль нь засаг авч байгаагаас үл шалтгаалаад өөрсдийнхөө бизнес санхүүгийн системийг, өөрсдийнхөө эрх мэдэлтэй байх боломжийг сонгууль дамнуулан авч үлдэж чаддаг тийм бүлэглэл байгаа. Тэр бүлэглэлээс болоод зарим талаараа аль нь ч ялсан бодит байдал дээр ялгаагүй гэж ойлгогдоход хүрээд байгаа.
-Монголд хүчтэй лидер хэрэгтэй. Хүчтэй удирдагч болж чадахаар хүн энэ хоёр намд алга гэх юм. АН-д лидер байхгүй гэж үү?
-МАН-д ямар байгааг би мэдэхгүй. Өөр намын тухай тэр дундаа өөр намын лидерүүдийн тухай яриад юу хийх вэ. Тодорхой, таагүй бөгөөд буруу бодлого, үйлдэл байгаа бол тэрийг шүүмжилж ярьж болно. Манай намын хувьд лидерүүд байгаа байгаа. Хангалттай байгаа. Улс төрийн намын хувьд хөгжлийн бодлого гаргаж ирэх, сонгогчдыг төлөөлөх, улс оронд хэрэгтэй үйл хэрэг, зарчмыг тогтоох гээд намын шинж чанар байхаас гадна нам бол өөрсдийн лидерүүдийг бойжуулж гаргаж ирдэг нийгмийн институци. Энэ чиг үүргээ АН яаж биелүүлж байна вэ гэдэг дээр асуудал байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН гайгүй гэсэн бүх лидерээ өөрсдөө балбаж унагаасан. Юун лидер бойжуулж, улстөрчийн инкубатор болох. Яг эсрэгээрээ төрөөс хулгайлсан мөнгөө хэвлэлд тарааж байгаад намынхаа лидерүүдийг кампаничилж балбадаг муу жишиг, муухай арга барилтай нэг, хоёр улстөрч байв шүү дээ. АН-ыг лидергүй юм шиг болтол балбалаа. Тэрнийхээ горыг сонгуулиар амслаа. Тэгэхээр лидер байхгүй биш зохиол бичиж байгаад лидерүүдээ хэвлэлээр харлуулж гүтгэдэг “киночин”, тамын тогооны үлгэр шиг намдаа хандсанаас ийм ойлголт, дүр зураг олон нийтэд үүсээд “АН-д олигтой хүн байна уу, үгүй юу” гэж асуухад хүрсэн.
-Сонгууль дөхөөд ирсэн чинь Монголын улс төрд байгаа хүмүүсийн дунд оффшор дансгүй хүн гэж байхгүй мэт л болчихсон. Бүгдийг нь л тэгж хардсан. Магадгүй таныг ч тэгж ярьсан байж мэднэ?
-Надад оффшор байхгүй л дээ (инээв). Оффшор гэж юу вэ, юу нь зөв, юу нь буруу вэ гэж эрүүл саруулаар ярилцаагүй. Гурван жилийн өмнөөс энэ сэдэв гарч ирээд бужигнасан. Тэгэхэд хэлж л байсан, худлаа оффшор гэж хэвлэлийн сэдэв үүсгэн сүржигнэж нэг нэгийгээ мөнгө төлөн балбаж байхынхаа оронд үнэхээр л улс төрийн авлигыг хязгаарлая гэж байгаа бол оффшор бүсэд улстөрчид, төрийн албан хаагчид данстай байх нөхцөлийг хаасан хуулийг санаачлаад өргөн барьчих аа. Тэгээд асуудлаа шийдчих. Тэгэхгүй, зүгээр л өрсөлдөгчөө намнах сэдэв болгож хэрүүлийн алим дэлгэх нь хэнд ашигтай гэж. Үнэнийг хэлэхэд оффшор гэдэг энэ сэдвийг зөвхөн С.Баярцогтыг намнах хэрэгсэл болгосны гороор сүүлдээ энэ оффшор гэж яг юу юм, сайн муу нь юугаар хэмжигдэх юм, оффшор данстай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь хэн хэн байгаа юм гэдгийг бодитойгоор, эрүүл саруулаар харахгүй болтлоо нийгмийг өвчлүүлсэн. Энэ өвчлөлийн горыг АН үүрээд гарсан. МАН оффшорчдоо нүүрийг нь сайхан угаагаад бүгд эрх мэдэл, албан тушаалтай үлдчихлээ. Асуудлыг ул суурьтай шийдье гэж харахаас илүүтэй энэ сэдвээр би өрсөлдөгчөө намнаж болох юм байна, тэрийг хэн ч биш болгож болох юм байна, өс хонзонгоо авч болно гэж хардаг хүмүүсийн хар гайгаар нийгмийн асуудал хоосон хийрхэл болж хувирсан даа.
-Эрүүгийн хуулийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хийсэн маш том шинэчлэлүүдийн нэг байсан гэж тодотгодог. Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг хойшлуулсан нь шуугиан дэгдээсэн. Таны гар бие оролцон байж батлуулсан хуулиуд бараг бүгд хойшилчихсон?
-Зорилго нь их тодорхой л доо. Улс төрийн зорилготой. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл өрсөлдөгчдөө олонхи болсон дээрээ, эрх мэдэлтэй байгаа дээрээ хууль хүчний байгууллагуудаар дамжуулж намная, улс төрд хууль хүчний байгууллагыг ашиглая, өширхлөө жаахан ч гэсэн тайлчихъя, дургүй хүргэвэл хэн дуртайдаа хуулийн үзүүр үзүүлж чадна шүү гэдгээ харуулчихъя гэж хугацаа хожиж, хойшлуулж байгаа юм. Одоо байгаа хуулийн орчинд л ингэж чадна. Шинэ Эрүүгийн хууль тогтоомж үйлчилж эхлэхэд чадахгүй. “Гахайнууд шавхайгаа л хүсдэг” гэж үг байдаг биз дээ. Зорилго нь ердөө тэр.
-Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн бол хүний амь аврах гэж байсан эмч найман жилийн ял сонсох байсан, Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол энэ нийгэм бүхэлдээ балрах байсан гэх мэтээр тайлбарлацгааж байгаа?
-Зөрчлийн хуулиар хүнд ял өгөхгүй. Хүний амь аврах гэж зүтгэж байгаа эмчийг найман жилээр яллах тухай зүйл хуульд огт байхгүй. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд байгаа гэмт хэрэг.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
One reply on “Х.Тэмүүжин: Ард түмэндээ хайртай улстөрчдийн гай ямар аюултайг”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru