Categories
мэдээ нийгэм

Чойр-Сайншанд чиглэлийн замыг цасан шуурганы улмаас түр хаажээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Айраг сумын хооронд буюу Чойр-Сайншанд чиглэлийн замд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон тул Аймгийн онцгой байдлын газраас автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сум шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тээврийн хэрэгсэл саатаж болзошгүй байгааг мэдээллээ.

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагас болон хойд хэсгээр хур тунадас, цас орж сэрүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ. Энэ үеэр салхины хурд зарим газраар 14 м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байгаа аж.

Нойтон цас орчны улмаас замын гадаргууд мөстөлт үүсч болзошгүй тул орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчихыг жолооч нарт анхаарууллаа.

Цаг агаарын мэдээ

Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэрч хононо.

2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 11-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

/Гэрэл зургуудыг Авто тээврийн үндэсний төвийн цахим хуудаснаас авав/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *