Categories
мэдээ нийгэм

Шилдэг сургууль, цэцэрлэг, багш нар тодорлоо

Олон улсын багш нарын өдрийг өнөөдөр “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т тэмдэглэж байна. 2014 оноос эхлэн жил бүрийн 10 сарын тавны өдрийг “Монголын багш нарын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. “Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдөр” өнөөдөр тохиож байгаа юм байна. НҮБ-аас 2016 оныг “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн дор “Багш нарын үнэлэмж, тэдний статусыг дээшлүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ удаагийн багш нарын баяр НҮБ-аас дэвшүүлсэн зорилттой уялдаж байгаагаараа онцлог юм байна.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь багш нарт хандан хэлэхдээ “БСШУСЯ нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэх үзэл баримтлалд тулгуурлан багш нарын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, яамны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт болгон ажиллах болно” гэдгээ хэллээ.

Уламжлал ёсоор оны тэргүүний багш, улсын тэргүүний цэцэрлэг, сургуулийг тодруулж шагнал гардууллаа. Боловсролын чанар, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх амжилтаараа тэргүүлсэн багш, хамт олныг танилцуулъя.

“Оны тэргүүний багш”-аар

  • Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ундрал
  • ХААИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Баатархүү
  • АШУИС-ийн багш Н.Баясгалан
  • Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс

“Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
  • Хэнтий аймгийн хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан” цэцэрлэг
  • Увс аймгийн Улаангом сумын Ц.Пагмаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг

“Улсын тэргүүний сургууль”-аар

  • Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
  • Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
  • Өвөрхангай аймгийн Н.Энхтуяа захиралтай “Орхон” цогцолбор сургууль тус тус шалгарчээ.

“Оны тэргүүний багш”-аар шалгарсан ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Баатархүү “2016 оны тэргүүний багшаар шалгарсандаа туйлын их баяртай байна. Миний бие улсад ажиллаад 17 жил өнгөрсөн байна. Сургалтын таатай орчинг бүрдүүлж өгсөн ХААИС-ийн тэр дундаа цахилгаан хангамж, электроникийн тэнхмийн хамт олны минь шагнал юм гэдгийн хэлмээр байна. Цааш цаашдаа манай тэнхмийн хамт олон үр бүтээлтэй ажиллах болно” гэлээ.

Мөн “Оны тэргүүний багш”-аар шалгарсан Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс “Монголын нийт багш нартаа тэр дундаа Шихихутаг их сургуулийн хамт олондоо “Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Мөн үргэлж намайг дэмжиж урамшуулдаг гэр бүл, найз нөхөддөө баярлалаа” гэж сэтгэл хөдлөнгүй ярилаа. Харин АШУИС-ийн багш Н.Баясгалан “Юуны түрүүнд бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Би улсад ажиллаад 30 жил болж байна. Үүнийг минь үнэлэн маш их нэр хүндтэй шагналаар шагнасанд их баярлаж байна. Ээж аавдаа бас шавь нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *