БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагад дуучнаар ажилладаг монгол залуугийн ярилцлагыг өмнө нь нийтэлж байсан. С.Гантогоо хэмээх эл залуу өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-ын Чанвон хотод болсон “Migrant Arirang Multiculturural festival- 2016” олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналыг хүртжээ.
Тус наадам нь Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохион байгуулагддаг аж. С.Гантогоо тус улсад есөн жил амьдарч буй бөгөөд долоон жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцож байжээ. Тухайн үед амжилт гаргаагүй тухайгаа тэрбээр дурссан байна. Харин энэ удаад тэмцээний эцсийн шатанд тунан үлдэж, 3000 гаруй дуучинтай өрсөлдөж Гранпри шагнал хүртжээ.
Сонирхуулахад өнгөрсөн есдүгээр сард гаргасан түүний анхны уран бүтээл болох “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дуу нь БНСУ-ын хамгийн том хит парад гэгдэх “M-net”-ын шилдэг 100 видеонд багтсан юм.