Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн
ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг
өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан
өгсөн юм.
Энэ үеэр
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт
эрдэмтэн судлаачид аа,
Хүндэт багш,
оюутнууд аа,
Монгол Улсын
Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд,
ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг
тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн 97
дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр
хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсад дээд
боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн
өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65
жилтэйгээ энэ жил золгож байна. Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй
оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан
бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион
байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1000–аад багш,
ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад
төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой
үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн
хүндэтгэл илэрхийлье.
Тус сургууль нь Монгол
Улсын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын хөгжилд их хувь нэмэр оруулж
ирснийг мөн бахархан тэмдэглэж байна. Монголын хөгжлийн ирээдүй оюуны
боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн
хөгжлийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч нь өндөр боловсрол, бүтээлч сэтгэлгээтэй
боловсон хүчин, тэднийг сурган хүмүүжүүлэгчид байх болно.
Оюун билиг, эрдэм
ухаан бол хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн дархлаа билээ. Чухамхүү
үүнийг дээдлэн шүтэж, төрийн бодлогын тулгуур болгосон улс үндэстэн, ард түмэн
аль ч цаг үед аз жаргалтай амьдарч, хөгжил дэвшлийн манлайд явж байна. Та
бүхнийг багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн
шинэчлэн хэрэгжүүлэхэд улам бүр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Амжилтаа
ахиулж, урагшаа тэмүүлээрэй.
Нэр төртэй,
хариуцлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа МУБИС-ийн эрдмийн хамт олон, оюутан
суралцагч, ажилтан ажилчид Та бүхэнд аз жаргалтай, эрүүл энх байж оюун ухааны
хишиг буян түгээх гэгээлэг, ариун үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.