Categories
мэдээ цаг-үе

П.Очирбат: Албан тушаал худалддаг улстөрчидтэй харьцуулбал над шиг шударга, цэвэр хүн байхгүй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралд өртсөн шалтгааныг янз бүрээр тайлбарлах юм. Үүний зэрэгцээ уг хямралыг олон жил үргэлжилнэ гэсэн гутранги зүйл ярьцгааж байна. Хямрал олон жил үргэлжлэхээр байна уу?

-Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй байна. Үүнд нөлөөлж байгаа хоёр хүчин зүйл байгаа юм. Нэг нь, дэлхийд түгээмэл байгаа эдийн засгийн хямрал үүнд нөлөөлж байна. Манайх гадаад зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн харилцаанаас маш их хамааралтай болчихсон орон. Даяарчлалын үед улс орнуудын эдийн засаг бие биенээсээ зайлшгүй хамааралтай болчихоод байгаа юм. Дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй орон байлаа ч өөрийн орны бүх хэрэгцээгээ ганцаараа хангаад байдаг тийм хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Ухаан нь одоо Япон технологийн асар өндөр хөгжилтэй ч тэр эдийн засаг, технологио хангаад явах байгалийн нөөц байхгүй. Тэгэхээр тэднийх байхгүй юмаа заавал гаднаас авна. Гаднаас юм аваад оронд нь өөрт байгаа юмаа өгдөг худалдаа, эдийн засгийн харилцаатай.

Монгол энэ утгаараа гадаад нөхцөл, зах зээлийн байдлаас шууд хамааралтай орны нэг мөн. Монгол Улс буруу бодлого явуулаад гадаад орнуудаас хамааралтай болчихсон юм биш. Аль ч орон ийм л байгаа. Тийм учраас үүнийг дэлхийн даяаршсан хямрал гэж үзээд байгаа юм. Энэ хямрал муу нэртэй, муу үр дагавартай ч тодорхой мөчлөгөөр эргэлдэж л байдаг зүй тогтолтой. Дэлхий нийт анх удаа ийм эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш. Өмнө нь энэ шиг өлдөж л байсан, давж л байсан. Нэг ээлжит мөчлөг нь одоо явагдаж байгаа юм. Үүнийг бид яалтай билээ. Яаж ч чадахгүй. Харин энэ нөхцөл байдлыг ашиглаж Монгол Улс өөртөө ашигтайгаар энэ хямралыг даваад, дараахь үе шатанд бэлтгэлээ нэлээд хангачихсан, хөгжлийнхөө өсөлтийг боломжийн хэмжээгээр бүрдүүлчихсэн тийм суурьтай байх ёстой юм. Сайн, муу зэрэгцэж явдаг болохоор муу талын хажуугаар зөв ашиглаж чадвал ийм эерэг үр дагаварт хүрч чадах нөхцөлтэй.

-Хоёр дахь хүчин зүйл нь?

-Дотоодын хамаарал. Эдийн засгаа зөв жолоодож чадахгүй байгаа юм. Төрийн залгамж бодлого алдагдаад байна.

Шинэ Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газар, төрийн бодлогыг үргэлжлүүлээд сайхан авч явах. Магадгүй зарим нэг оновчтой биш зүйл байвал орхичихоод болж бүтэж байсан, үйл ажиллагаанд нэвтрээд үр дүнгээ өгөөд явж байгаа бодлогыг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой. Тэгэхээр манайд төрийн энэ залгамж чанар алдагдаад зүгээр л нэг сонгууль хоорондын бодлого, сонгууль хоорондын үйл ажиллагаа маягтай явуулаад байхаар Монгол Улс эдийн засгийн бодлогоо алсын хараатай, тууштай явуулж чадахгүй байна. Бид эдийн засгаа удирдахдаа гол асуудлаа барьж тууштай, зоригтой шийдэж чадахгүй байна. Эдийн засагтаа хувь нэмэр болох, эдийн засгийнхаа асуудлыг шийдэхэд гол суурь нь болж чадаж магадгүй мега төслүүдийн хэмжээний том ажлуудаа явуулахгүй байна. Хамгийн гол нь хүн. Хүн хөгжлийг бүтээж байгаа. Үйлдвэрлэл, бизнес юу ч бай бүхнийг хүн бүтээдэг. “Бид ийм зорилго тавиад байна шүү. Цугаараа хөдөлмөрлөж бүтээж аж амьдралаа дээшлүүлье” гээд хүнээ сайхан бэлтгэх тал дээр бид алдаад байгаа юм. Үүнийгээ намын бодлого, тухайн улс төрийн хүчний боловсон хүчин, хүний нөөцийн бодлого энээ тэрээ гэсэн юмаар авгайлж халхалдаг. Үнэн хэрэгтээ төрийн мэргэшсэн ажилтан, албан хаагчид тогтворжиж өгөхгүй байна. Нэг хэсэг нэг бодлого дээр төвлөрөөд ажиллаж байтал сонгуулийн дараа бүгдийг нь шинэчилчихээр нөгөө хүмүүс урдах хүмүүсийнхээ хуримтлуулсан туршлага, бодож байсан зорилго, зорилгодоо хүрэхээр төлөвлөж байсан нарийн юмнуудыг мэдэхгүй, шинээр эхэлж байгаа юм шиг ажилладаг. Ихэнх нь шинээр эхэлж гийгүүлж байгаа юм байхгүй, мунгинаж ажлынхаа учрыг сая нэг олох гэж байтал дөрвөн жил нь дуусчихдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар хүн болгонд, мэргэжилтэн болгонд төлөвшсөн, төвлөрсөн тийм сайхан туршлага, дадлага, санаачилга зэрэг дутагдаад байгаа юм. Тухайн хүний мэдэхгүй, чадахгүйтэй холбоотой биш. Систем нь өөрөө хүнийг, боловсон хүчнээ ингэж баллаад байгаа юм. Тиймээс хүн нь ийм тогтворгүй байгаагаас бодлого, ажил нь замдаа саармагжаад тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Нөгөө нэг нь болбол, бид Ш.Дулмаагийн шүлгээр бүтсэн “Амьдрал хайр дээр тогтдог” дууг дуулаад байдаг шүү дээ. Амьдрал хайр дээр тогтдог нь үнэн. Үүнтэй адил өнөөгийн нөхцөл байдалд Монголын эдийн засаг юун дээр тогтож байна гээч.

-Юун дээр?

-Эрдэс баялгийнхаа салбар дээр тогтож байгаа байхгүй юу. Нэгэнт тэр нь үнэн юм бол түүнийг хичнээн муу хэлээд тэрнийхээ оронд гаргаад тавих юмыг бид өнөөдөр бэлдэж чадаагүй л байгаа байхгүй юу. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч, сайн хэлсэн ч, муу хэлсэн ч энэ эрдэс баялгийнхаа салбар дээр тулгуурлаж хөгжөөд, тэндээс олсон, буй болсон хуримтлалаараа эдийн засгийнхаа бусад салбаруудыг солонгоруулах ёстой. Эдийн засаг нэг салбараас хэтэрхий хамааралтай болох нь хэцүү. Дэлхийн зах зээл дээр эрэлт нь буурахаар эдийн засаг нь савлаж байдаг, багахан өөрчлөлтөд үнэ нь буурахаар л эдийн засаг унаж байдаг. Ийм хэтэрхий шууд хамааралтай биш. Нэг нь хямрахад нөгөөх, хажуудах нь түшээд авдаг ийм эдийн засгийн бүтцийг буй болгох. Тэр бүтцийг буй болгох эх сурвалжийн нэг нь өөрийн баялаг байгаа юм. Өөрийнхөө баялаг, эрдсийн баялаг хоёроо хослуулчихаар бид нийгэмдээ орлого, ашиг, хуримтлал бий болгочих юм. Хоёр дахь эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт. Зээл биш, тусламж биш. Гадаадын шууд хөрөнгө оруулалт юугаараа давуу байдаг юм гэхээр тэр хөрөнгө оруулж байгаа хүн хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэх хариуцлага өөрт нь ногдож байгаа юм. Ашиг оруулах гэж хөрөнгө оруулж байгаа болохоос биш ах дүүгийн тусламж үзүүлж, биднийг хөгжүүлэх зорилгоор оруулж байгаа юм биш. Өөрөө ч ашиг олж, биднийг ч хөгжих боломжийг хангах ийм давхар харилцан ашигтай ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэх гэж орж ирдэг.

-Эдийн засгаа тогтвортой байлгах тал дээр манайхыг маш туршлагагүй гэж гадныхан дүгнэдэг. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагчид?

-Багахан өсөлт, уналт мэдэгдвэл “За, одоо төсвийн тодотгол хийнэ ээ. Тэгэхгүй бол баларлаа” гээд л юм хасч танаад эдийн засгаа бүхэлд нь самраад хаячихдаг. Оюу толгойг тэглээ. Одоо Таван толгой байна. Тавантолгойг хоёр, гурван жилийн өмнө дэлхийн зах зээл дээр чөлөөтэй тендер зарлахад том том орнууд өрсөлдөж байсан шүү дээ. Тэгтэл тэрийг янз бүрээр саатуулж, хойшлуулж урагшлуулсаар байгаад эцэст нь жил хагасын өмнө арайхийж хоёр том зах зээл, хоёр том өрсөлдөгч орж ирсэн. Хятад улс “Манайх хөрөнгийг чинь оруулаад өгье. Энэ үйлдвэрийг чинь мега төслийн хэмжээгээр нь босгоход оролцъё” гэсэн. Азийн болоод дэлхийн зах зээлийг эзэлдэг Япон “Бид зах зээлийг нь зохицуулаад өгье. Бид арилжаа наймаа, зах зээл, хэрэглэгчийг нь олоод өгье. Та нар, монголчууд өөрсдөө олборлоод ухаад угаагаад баяжуулаад өг. Гурвуулаа ингэж тодорхой функцийг хувааж аваад дундын үйлдвэр бариад энэ Таван толгойг чинь босгоё” гэсэн. Гэтэл “Үгүй ээ” гэж байгаа байхгүй юу. Засгийн газраараа юмыг нь хийлгэхгүй. Өнөө УИХ нь “Бид шийднэ” гэсэн. Тэд яаж шийдсэн бэ гэхээр унагаж л шийдсэн. Бид ингэж л өөрөө өөрсдийнхөө юманд тээг тавиад унагаад байдаг байхгүй юу. Эдийн засгийг төр удирдаж чадахгүй байгаа юм. Ухаан нь нэг сонгуулиар зохион байгуулагдсан Засгийн газар, УИХ хоёр л хэл амаа олохгүй байна шүү дээ. Бие биенийхээ ажилд саад болоод л. Уг нь эдийн засгийн асуудлыг Засгийн газар хариуцах Үндсэн хуулийн тогтолцоотой. Засгийн газрын ажил байтал гэнэтхэн яасан нь бүү мэд УИХ дундуур нь орж ирээд өнөө гэрээ, бичиг цаасан дээр гарын үсэг зурах гэж байтал зогсоогоод хаячихлаа.

Яг энэ хямралтай үед гэрээ хэлэлцээрээ хийж, хэл ам хэрүүл шуугианаа таслаад нэг талдаа гарах ёстой. Төмөр зам барина гэж найман жил боллоо шүү дээ. Нарийн, өргөн царигтай барих уу гээд л. Тэр болгоныг шийдчихсэн бол өдийд барьдгаа бариад дээгүүр нь нүүрсээ ачаад явж байх байсан. Гэтэл байхгүй. Дахиад л шороо овоолох, тэгшлэх юм яриад байна. Ингэж эдийн засгаа өөрөө өөрсдөө унагаад байгаа юм. Үүнд хямрал ямар ч хамаагүй юм. Ийм хоёр хүчин зүйлээс бид хямралд өртөөд юу ч үгүй байна.

-Татвар нэмэх боломжгүй бол зээл авах, бонд босгохоос өөр гарц үлдсэнгүй гээд байгаа?

-Зээлэх бол хамгийн эрсдэлтэй. Нөгөө хүн зээлүүлчихнэ. Чи энэ мөнгөөр яана уу, дураараа бол. Би чамаас зээлсэн мөнгөө хүүтэй нь авна. Чи найр наадам хийгээд үрэн таран хийгээд үрнэ үү, үйлдвэр барина уу хамаагүй. Чи миний зээлийг хүүтэй нь л төл гэдэг. Ингэж өрөнд идэгддэг байхгүй юу. Өр тавихыг маш ухаантай хийж, би энэ зээлээр ийм обьект бүтээнэ. Тэгээд үүнээсээ ингэж, ингэж ашиг олоод зээлээ ийм графикийн дагуу төлнө гэж төлөвлөх ёстой. Энэ бүхэн харин өнөө зээлдүүлэгчид хамаагүй. Зээлийн хариуцлагын асуудлыг ярихаар манайх шиг заримдаа цамаан, болгоомжгүй юм зардаг улсад зээл осолтой.

-Зээл авахад ур ухаан, авьяас чадвар шаарддаг. Чадвартай хүмүүс л гаднаас их хэмжээний зээл авчирдаг гэдэг?

-Зээл авахад авьяас хэрэгтэй. Тэгэхдээ тэр авьяас бол хүнээс зөвхөн юм салгах авьяас биш. Хүнээс салгасан юмаараа юм бүтээхийг давхар бодсон авьяасыг хэлж байгаа юм. Түүнээс биш худал үнэн юм ярьж аргалж байгаад л мөнгө салгахыг хэлээгүй. Манайхан “Зээлдүүлсэн мөнгөө гээсэн гэж бод” гэдэг шүү дээ. Тэгэхгүй. Зээлдэхэд их ухаан хэрэгтэй. Буцалтгүй тусламж гэж бас нэг хөрөнгийн эх үүсвэр бий. Тэр бол огт хэрэггүй шахуу эд байгаа юм.

-Буцааж авахгүй гэж зүгээр өгч байгаа юм?

-Өнөө маргаашийг аргацаасан, хоногийн хоол залгуулсан, өлсч байвал нэг удаа хоол өгч цатгаад тэгээд гүйцээ. Мөр бүтэн биш, хувцас хунар муутай байвал хуучин, шинэ муусайн хувцаснуудаа угааж индүүдээд чамд өгөхийг буцалтгүй гэж байгаа юм. Хүний хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулж түүгээр амь зогоож амьдарч болохгүй. Тэр бол нэлээд их ядарч зүдэрсэн үед, бидний хувьд 1990-ээд оны эхээр аргагүй тийм юмнуудыг авч байсан. Будаа, гурил мэтийг. Тэр чинь бол яг энэ намрын хураасан будаа нь биш. Тэр будаагаа чамд өгөхгүй. Иргэний хамгаалалтын журмаар агуулахдаа нэлээд олон жил хадгалчихсан, одоо тэрнийгээ сэлбэх болчихсон байвал хуучнаа өгнө шүү дээ. Тэгээд оронд нь энэ жилийнхээ шинэ будааг хийнэ. Үндэстэн өөрийнхөө аюулгүй байдлыг хадгалдаг тогтсон журам, хэм хэмжээтэй. Тийм болохоор үүн дээр биднийг хулхидаж байна, бидэнд муу муухайгаа өгч байна гэж бодохын аргагүй. Энэ мэт эх үүсвэрүүдээс хамгийн чухал эх үүсвэр бол өөрийн хүч. Өөрийн хүнээрээ, өөрийн баялгаараа баялгаа бүтээгээд амьдралаа дээшлүүлэх. Манайх үүнийгээ хийж чадахгүй байгаагаас эдийн засаг хямарч, хүнд байдалд ороод байгаа юм.

-Манайхтай төстэй эдийн засгийн бүтэцтэй орнуудын хувьд хямралын үед өрх бүр нь үйлдвэрлэгч байж, ард нийтээрээ хөдөлмөрлөж жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлсэн байдаг. Манай хувьд өнгөрсөн хугацаанд бондуудын мөнгөөр жижиг, дунд үйлдвэрүүдээ тодорхой түвшинд гаргаж ирсэн ч мега төслүүд хөдлөхгүй болохоор эдийн засгийг бүхлээр нь хөдөлгөх мотор ажиллахгүй байна гэж харж болох юм?

-Таны хэлдэг зөв л дөө. Ер нь хүн болгон хөдөлмөрлөж, бүтээж байж өөрийнхөө амьдралыг өөд нь татах нь зах зээлийн үндсэн зарчим. Бид үүнийг иргэддээ, хүмүүстээ их сайхан ойлгуулж, тэднийгээ дэмжих зөв бодлого тодорхойлж, баримталж тэрнийгээ хэрэгжүүлэхэд нь тусалж чадахгүй байгаа юм. Манай улсын ДНБ-ий өсөлт 17.5 хувь болж бид чинь өнөө бар гээч нь болох нь гээд л гадна, дотногүй баярлаад эхэлсэн шүү дээ, тийм ээ. Тэрний гол орлого бол эрдэс баялгийн салбараас л орж ирсэн. Нөгөө талаас их хэмжээний зээлийн эргэлт тодорхой хэмжээгээр манай санхүү, валютын ханшийг тэнцвэртэй, тогтвортой байлгахад нөлөөлсөн. Тэрний хүчинд өсөлт гарсан. Тэр өсөлт үнэндээ бидний хөдөлмөрөөрөө бүтээсэн өсөлт биш зээл, уул уурхайгаас бөөнөөрөө орж ирсэн орлогын үр дүнд буй болсон юм. Үүнийгээ хуримтлалд хадгалж арвижуулалгүй нийгэмдээ тараагаад өгчихсөн. Ингэж тараасан гол гай нь сонгууль. Сонгуульд өрсөлдөж байгаа нөгөө хоёр улс төрийн нам чинь “Иргэн болгондоо сая төгрөг өгнө өө” гэхээр нөгөөх нь сонгуульд ялчих санаатай “1.5 саяыг өгнө” гэдэг. Тэгээд л хоёулаа нийлээд 2.5 сая төгрөг. Яах вэ тэгж амлаад сонгуульд хоёулаа ойролцоо гарлаа л даа. Үүнээс болоод 2.5 сая төгрөгөө өгөхөөс өөр аргагүй болоод халамж, тэтгэвэр, тэтгэмжүүд өгч ингэвэл төдийг, тэгвэл төдөн төгрөг өгнө гэдэг нь дэндсэн л дээ. Бид чинь тэр үед тэтгэврийн улс болчих дөхсөн шүү дээ, улсаараа. Үнэхээр хавтгайруулчихсан байхгүй юу. Халамж бол буруу, хэмжээнээсээ хэтэрсэн, халамжлах эзнээ оновчтой олоогүйгээс манайхны хувьд хүн болгон хөдөлмөрлөх шаардлага байна уу даа, үгүй юу. Төр маань хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүй тэтгээд байхад зовлогоо зовоож ажил хийх шаардлага байна уу гэдэг сэтгэхүй олонхид нь төрчихсөн байсан байж магадгүй. Төр нь ажил олж өгөөд хөтөлж аваачаад “Чи энд ажил хий” гэдэг юм байхгүй шүү дээ. Ажлын байр бий болгох аятай таатай нөхцөлийг бүрдүүлчихээр бизнесийнхэн нь чөлөөтэй хөдөлмөрлөөд явах хэрэгтэй. Манайд юм л бол төр оролцоно. Төр оролцохдоо 51, 52, түүнээс ч дээш хувиар оролцож эзэмшинэ гэж оролцоогоо нэмэгдүүлээд байгаа юм. Франц чинь хувцасны моодыг гаргадаг гэсэн биз дээ. Тэрэнтэй адил Австрал улс уул уурхайн моодыг гаргадаг. Тэнд уул уурхайд төр нь ерөөсөө оролцдоггүй шүү дээ. Гэтэл манайд хэрэггүй юманд төрийн оролцоо хэтрээд байгаа юм. Төрийн энэ ухаалаг биш хандлагын үр дүнд их эмзэг эдийн засагтай болчихсон. Өөрөө өөрсдийгөө тэтгэх эдийн засгаа хөгжүүлье гэж 1990-ээд онд ярьчихаад одоо болохоор төр л хамаг юмыг нь хамж аваад оролцоод байх юм. Өөрт нь тийм боломж, хөрөнгө ч байхгүй. Зах зээлийн эдийн засгийг төр хийдэггүй. Бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэндээ тулгуурласан эдийн засгийн хөгжил чинь л улс орныг ерөнхийдөө авч яваад байгаа юм шүү дээ.

-Төрийн оролцоо, төр гэдэг ухагдахуунаа өөрсдөө сайн ойлгодоггүйгээс энэ бүх гажуудал гараад байна уу. Сүүлдээ бүр Монголд үндэсний хэмжээний том удирдагч хэрэгтэй. Путин шиг хүн хэрэгтэй болж байна ч гэх шиг?

-Энэ нэг сэтгэлзүйн хачин, хуучин юмнаасаа ерөөсөө салахгүй юм. Зарим нэг юм нь социализмын үед ихээхэн цэцэглүүлээд муу хэлээд байсан, сүүлдээ социализмыг нураасан нэг фактор одоогийн энэ төрд байгаа байхгүй юу. Ардчилал, зах зээлийн эсрэг гэж байгаа улс төрийн хүчин Монголд байхгүй. Дэлхий нийт ч Монголд ардчилал хөгжөөд байна гэдэг. Тэрний цаана хуучин угшил, юм тодорхой хэмжээгээр оршоод байдаг. Тэр рүүгээ нэг их буцаад орчихгүй ч гэсэн, урагшаа түргэн явахын оронд жаахан тээнэгэлзэж цаг алдаад, удаашруулаад байгаа юм. Цаг хугацаа, дэлхийн ерөнхий хурд асар түргэн яваад байна. Бид болохоор ухарч, хаширлаад байх юм. Энэ их саад болж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван эрх мэдлийг Үндсэн хуулиар хэн нь юу хийх ёстой вэ гэдгийг тогтоогоод бүгдийг нь заагаад өгчихсөн. Гэтэл манайд бие биенийхээ эрхлэх ажил руу ихээхэн орно. Ингэж юм юманд хамгийн их оролцдог гол газар нь УИХ. Өнөө муу Засгийн газрынхаа ажлыг шүүрч аваад болохгүй, зөвшөөрөхгүй гэдэг.

Зөв үйл ажиллагаа явуулаад ард түмнийхээ тусын тулд, тэднийхээ амьдрал ахуйг сайн сайхан болгохын тулд ихээхэн үр дүнтэй хүчин зүтгэл гаргаад байгаа бол тэр хүн чинь аяндаа нийгэмдээ таалагдаад хүндэтгэлийг нь хүлээгээд хүмүүс араас нь дагаад л явна шүү дээ. Тэгж ард түмнээрээ хүрээлүүлж, хүндэтгүүлж, ард түмэндээ сайн сайхныг бүтээж байгаа нь бага учраас хүмүүс зохих хэмжээнд үндэснийхээ лидер гэж хэлж чадахгүй байна. Манайд зарим оролдлого байсан л даа, өөрийгөө үндэсний удирдагч, удирдлага ч гэл үү дээ, тэгж нэрлүүлэх гэсэн. Тойрон хүрээлэгч гэдэг хуучин ойлголт бий шүү. Тэр чинь социализмын үед биш, манай энэ удирдлага дор цухалзаж, тойрон хүрээлэгчдээрээ өөрийгөө үндэсний удирдагч гэж хэлүүлчихсэн тийм үйл явдал ардчиллын жилүүдэд бас л гарсан л даа. Гэтэл чухамхүү үнэхээр үндэсний удирдагч байж, тэр хэмжээнд гарч чадсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тийм биз дээ. Манайд ажиглагдаж байгаа бас нэг ноцтой зүйл бол улс орны эрх ашгийн дээд талд намын эрх ашгаа тавиад “Манай нам, манай дарга” гэж намынхаа эрх ашгийг давын өмнө хамгаалуулах.

-Монгол орныг сонгуульжсан, улстөржсөн орон гээд буй. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ ороод “Би ч дэвшинэ, тэр ч дэвшинэ, тэрийгээ дэвшүүлнэ” гэцгээж ойр зуураа намналцаад эхэллээ?

-Сонгууль бол ардчиллын гол зарчим. Ардчилсан улс мөн үү, биш үү гэдэг үзүүлэлтийн хамгийн дээр явдаг нь Бүх ард түмний сонгууль. Заримдаа парламентын гишүүд дотор чинь хүмүүст таалагддаггүй гишүүн байдаг бололтой юм байна шүү дээ. Тийм хүний ярьж байгааг хараад “Ишш, энүүний оронд би байвал” гэж голох ухааны юм ярьдаг байхгүй юу. Хүн болгон төрийн энэ албыг гүйцэтгэхэд одоо байж байгаа хүмүүсийн заримыг голж байгаа учраас өөрсдийгөө дэвшүүлэх сонирхол бий болчихдог.

Өөрийгөө үнэлэх гэж нэг юм бий. Тийм хүмүүс асар их болсон байна. Төрийн тэргүүн Ерөнхийлөгч байна гэдэг бол нэлээд том шалгууртай хүн баймаар байгаа юм. Гэтэл хүмүүс нэрээ дэвшүүлчихдэг л дээ. Зургаан хүн нэрээ дэвшүүлээд Ерөнхийлөгчид өрсөлдөж байхыг үзсэн. Их хөрөнгө мөнгөтэй, дур хүсэлтэй тийм улсууд үзээд алдъя гэдэг. Тэд “Ерөнхийлөгч байхад нэг их мэдлэг, туршлагын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн маягийн тийм юм үүсгэчихэж. Хүн өөрийнхөө боломжийг үнэлэх үнэлгээний хэмжүүр их суларсан байна. “Би энийг хийчих юм байна дөө”, “Хэн ч байсан яадаг юм” гэдэг ч юм уу.

Ухаандаа, Ц.Элбэгдорж бол дэлхийд Монгол Улсыг төлөөлж чадаж байгаа Ерөнхийлөгч байхгүй юу. Дэлхийн хамгийн том байгууллага болох НҮБ асар их үнэлдэг, сонсдог. Гэтэл улс орон, дэлхий нийтэд тэгж үнэлэгдэж чадахгүй, монголоос өөр хэл мэдэхгүй, тийм хүмүүс одоо гологдоно. Дэлхийн том түвшин, том хүрээнд ажиллаж байгаа нөхцөлд гологдоно. Тийм учраас энэ бол зөвхөн дотоод амьдралын асуудал биш гадаад, дотоод аль аль нөхцөл байдалд маш их нэр хүндтэй ажиллаж чадах тийм мэдлэг, боловсрол, туршлага, авьяас чадвар, авхаалж самбаатай, сэргэлэн, хүний хүндэтгэлийг хүлээж, татаж чаддаг тийм хүн байх ёстой.

Манайхан ярьдаг шүү дээ. Арван хуруу тэгш хүн гэж байх биш дээ, алдаж онож л байдаг юм гэж зөөлрүүлдэг. Тэр нь ортой. Гадаад орны төрийн тэргүүнүүдийг харж байхад бас л алдаж оносон нь улс орондоо яригдаад загнуулаад шүүмжлүүлээд явж л байх юм. Тэрнээс болдог юм уу даа хүмүүс “Би нэрээ дэвшүүлнэ” гэж хөөцөлдөөд байх жишээтэй. Өөрийгөө мэдэж, өөрийгөө үнэлж чаддаг байх ёстой байхгүй юу. Биеэ үнэлнэ гэдгийг манайхан нэг л буруу, бүсгүй хүний явдлын наана цааныг төсөөлөх гээд байдаг. Тийм биш шүү дээ. Хүн чадах, болох, мэдэх, хийхийгээ өөрөө үнэлээд “Би энийг чадахгүй, энэ бол миний хийх ажил биш” гэж голж сурах хэрэгтэй. Өөрийгөө үнэлэхийн нэг чухал зүйл бол өөрийгөө голох. Миний мэдлэг, чадвар, туршлага энэ улсыг тэргүүлэх хэмжээнд хүрээгүй дээ, би бол яршиг гэж өөрийгөө голж чадах хэрэгтэй. Манайд энэ байхгүй болчихсон. Сүүлийн үед залуучууд ичих булчирхай байхгүй болсон гэж ярьдаг болсон. Тэр булчирхай нь байдаг бол жаахан муудчихсан улсууд л байж магадгүй биш байгаа даа. Тийм учраас нэлээд бодож цэгнэх хэрэгтэй. Хүн таны нэрийг дэвшүүлэх гэж санал тавьж магад. Тэгэх юм бол “Ээ, ах нь барахгүй ээ. Над шиг хүн ч дээ. Наадах чинь ч дээ хүнд алба” гээд өөрөө татгалзаж болно доо. Тэгэхгүй шууд л “Тэгвэл тэгье л дээ” гээд л. Яах гэж ч тэгдэг юм. Эсвэл намайг дэвшүүлээд аль гэж харайлгаад. Сонгуульд дэвших, олон түмний итгэл найдвар хүлээнэ гэдэг бол өөрөө асар том шалгуур байхгүй юу. Тэр том шалгуурын өмнө өөрөө өөрийгөө шалгах хэрэгтэй.

-Та саяхан Казахстанд цөмийн энергийн чиглэлээр томоохон хуралд оролцоод ирсэн байна билээ. Тэнд ямар яриа хөөрөө өрнөв?

-Монголд цөмийн эрчим хүч, энергийн талаар хууль гаргалаа. Цацраг идэвхт ашигт малтмалын талаар хууль гаргалаа. Тэгтэл үүнээсээ алхам алхмаар ухраад л байна.

Гэтэл Казахстан улс байна. Бид 1990-ээд онд нэг гараанаас гарсан улсууд. Би сая тэдний ураны уурхай, үйлдвэрүүдээр яваад ирлээ л дээ. Тэнд байдаг Семиплатинскийн цөмийн туршилтын талбарыг хаасны 25 жилийн ойг тэмдэглэсэн юм, дэлхийн улс орнууд. 21 дүгээр зууныг цөмийн зэвсэггүй дэлхий болгож хувиргацгаая гэдэг сэдвийн дор 55 орны төр, нийгэм, бизнес, иргэний 400 гаруй төлөөлөгч оролцсон том хурал болсон. 55 илтгэл тавигдсан. Тэр илтгэлүүдийг сонссон. Цөмийн зэвсгийн аюул буураагүй байна. Цөмийн зэвсгээр хөөцөлдөх ажил тасрахгүй байна. Үргэлжлээд байна, туршилт хийгээд байна. Энэ болгон буруу. Үүнийг зогсоох хэрэгтэй байна. Олон улсын хориглосон шийдвэр байдаг ч үүнийг биелүүлэхгүй байна гэсэн асуудлуудын хүрээнд ярилцсан юм. Тэгсэн чинь өнөө Казахстан улс чинь 2016 оны байдлаар ураны хайгуул, олборлолт, боловсруулалтынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Тийм өндөр түвшинд хүрчихжээ. 24 уурхай нээчихэж. Тэрнийхээ 14-т үйлдвэр байгуулж, төрийн өмчит “Казатомпром” компани нь энэ бүхнийг зохион байгуулаад явж байна. Казахстан хайгуул, олборлолт, боловсруулалтаараа тэргүүлэхээс гадна дэлхийн том орнуудын шар нунтаг, саарал нунтгийн зах зээлийг эзэлжээ. Гэтэл манайд өнгөрсөн 25 жилд ураны тухай яриагүй биш, ярьсан. Яриад л байгаа. Нэг ч кг шар нунтаг хийгээгүй. Манайх холоос эрж Англи, Америк, Франц гэж дэлхийгээр тэнэж явахынхаа оронд Казахстантай энэ чиглэлээр хамтарч ажиллахад уг улс дэлхийн түвшинд хүрчихжээ.

-Хоёр хөрш маань Монголд атомын цахилгаан станц барьж, гангийн үйлдвэр байгуулахад дургүй байдаг нь биднийг мөнхийн ядуу, сул байлгах зорилготой гэж хардах нь бий. Цөмийн зэвсэгтэй болчихвол ямар ч орныг айлгах сүр хүчтэй болно гэж үзэж, түүнийгээ илэрхийлдэг хүмүүс ч байдаг?

-Үгүй. Наадах чинь буруу. Шал дэмий яриа. Манайх хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох шаардлага байхгүй. Цөмийн эрчим хүч, цөмийн энергийг энх тайвны зориулалтаар ашиглах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны янз бүрийн тоног төхөөрөмж хийхэд ашиглах тухай ярина уу гэхээс биш цөмийн зэвсэгтэй болох талаар огт ярьж болохгүй. Дэлхий нийтээр устгая, хаая гэж яриад байхад хэний эсрэг тэрийг хэрэглэх гэж тийм юм ярьж байгаа юм. Наадах чинь чинь амиа хорлохтой адилхан үг, өгүүлбэр байна. Тэгж амиа хорлох шаардлага монгол үндэстэн, Монголын ард түмэнд байхгүй. Тиймээс наадах чинь огт хэрэггүй. Хоёр хөрш маань цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэгтэй таван орноос Монголын цөмийн зэвсэггүй статусыг хамгаална гээд баталгаа авчихсан. Тавуулаа гарын үсгээ зурчихсан. Тэгэхээр бид цөмийн зэвсгээс айх шаардлага байхгүй. Хэрэглэх орчин байхгүй, бид хэнтэй байлдах гэж цөмийн зэвсэгтэй болох юм. Монгол Улс хөгжье цэцэглэе гэж байгаа бол зөвхөн эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаараа л дэлхийд өрсөлдөх чадвартай үндэстэн, улс болох хэрэгтэй. Энэ цөмийнхөө энергийг, цацраг идэвхт ашигт малтмалаа энх тайвны зориулалтаар ашиглах хэрэгтэй. Бид чанар муутай гээд байдаг хүрэн нүүрсээ боловсруулаад полимер гарган авч болно. Металль, бие ангийг орлох материал гээд байгаа. Хамгийн наад зах нь сав суулга, ахуйн орчинд ашиглана. Техникийн орчинд бол полимер металл хийц, барилгын материалуудыг орлох мундаг түүхий эд. Полимер гэдэг маш сайн материалыг гаргаад байна шүү дээ, цаана чинь. Ад үзээд байгаа нүүрсээ полимер болгоод өөрийнхөө хэрэгцээг хангаад дэлхийн зах зээл дээр зарах ёстой. Полимерыг гарган авахад маш их энерги хэрэгтэй. Тэр энергийг цөмийн цахилгаан станцаар шийдэж хангаж болно. Ийм сайхан ирээдүй байгаа юм, наад уран, нүүрс хоёрт чинь. Аль алийг нь ийм чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй.

-Монголчуудын хувьд төрт ёсоо дээдэлж, хүндэтгэдэг. Энэ хүндэтгэлээ аль болох ил гаргахыг хичээдэг нь анзаарагддаг. Гэтэл энэ ёс жаяг сүүлийн үед илт алдагдаж, төрийн тэргүүнээ хүртэл үл хүндэтгэж элдэв үгээр харааж цоллож байгаа харагдах юм?

-Мэдээллийн твиттер, фэйсбүүк зэрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэрэгсэл байгаад байна. Энэ нь байж байг. Энд хэлэгдэж байгаа зүйлсийг анхаарч харах юм бий. Зөвхөн муу муухай яриад хүн амьтан руу дайрч давшилсан, хэрэгтэй хэрэггүй юм бичээд байдаггүй. Хэрэгтэй юм бий. Харамсалтай нь муу юм нь түлхүү байна. Заримдаа тэнд гарч байгаа харилцааг нь харахаар хэрүүл. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэгчээр хэрүүлийн тавцан болгоод байгаа юм. Хүмүүс энэ мэдээллийн хэрэгслүүдийг урьд өмнө нь ашиглаж байгаагүй, шинэ сэргэг болохоор уйдсан нь тэрийг илүү ашиглаад байгаа юм уу. Ерөнхийдөө боловсрол, мэдлэг, соёлын түвшин нэлээд доогуур байгаагийн илэрхийлэл. Түүнээс биш өөрөөр илэрхийлж болдог. Монгол үгэнд егөөдөөд хэлдэг хэлбэр, уран зохиолын хошин шог байдлаар хэлэх гээд зөндөө хэлбэр байна шүү дээ. Доогломоор байвал заавал сохор, доголон, хазгай муруйгаар нь биш өөр хэлбэрээр хэлж болно. Боловсрол, соёл мэдлэг, үндэсний уламжлал зэргээ өөрийн болгож чадаагүй хүмүүсийн гол хийдэл байна уу гэж ойлгодог юм.

Монголчуудад нэг сонин чанар байдаг юм. Их сониуч бас уйдамтгай. Жишээ нь, хоёр удаа улиран сонгогдохоор уйдаж эхэлж байгаа байхгүй юу. Одоо солих хэрэгтэй гэнэ. Тэртэй тэргүй хуулиараа солигдоно л доо. Тэрийгээ илэрхийлэх гэж сайн муу хэлээд байгаа юм л даа. Энэ хүн бол бүрэн эрхийнхээ хугацаанд ер нь тун боломжийн сайн ажиллаж байна гэж би хувьдаа, энэ ажлыг дайраад өнгөрсөн хүний хувьд үзэж байна. Ялангуяа Монгол Улсын гадаад ертөнц дэх нэр хүндийг өргөх талаар үнэхээр гайхамшигтай ажилласан. Монголын түүхэнд Чингис хаанаас хойш манай гадаад бодлогыг ингэж хүндэтгэж байсан үйл явдал олон бичигдээгүй. Дэлхийд танигдаж, хүндлэгддэг байсан Монгол алга болоод удав. Ямар ч байсан Ази, Европ тив Монголыг сая АСЕМ-аар дахин мэдлээ. Энэ хоёр тивд чинь хүн төрөлхтний далаад хувь амьдардаг. Монголыг НҮБ-ын гишүүн гэхээс гадна монгол үндэстэн чинь асар их хүндэтгэлийг хүлээхээр соёл, уламжлалтай, тэр сайхан уламжлалаа одоо хүртэл хадгалаад үлдсэн аугаа их улс юм байна гэж үнэлсэн. Уламжлалаа авч үлдсэн үндэстнийг аугаа үндэстэн гэдэг юм.

-Таныг Монголын анхны Ерөнхийлөгч гэдгээр тань хүндэтгэдэг. Гэхдээ мөн л элдэв асуудалтай холбож, хөрөнгө мөнгө идсэн уусан, их хэмжээний цалин авдаг, ард түмнээс бэлэглэсэн байрыг 1.5 тэрбумаар зарсан гэх зэргээр ярилцдаг. Мөн өнгөрсөн жил таны зээ, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг асуудалд холбогдоход таныг бас янз бүрээр хардсан. Заримдаа иймэрхүү яриа хөөрөө сонсохоор гомдох сэтгэл төрж эмзэглэдэг үү?

-Нэг их гомдож сүйд болоод байх юм байхгүй ээ. Наад яриануудын чинь ихэнх нь худлаа. Надад том, багтаж ядсан өмч хөрөнгө байхгүй. Орон сууц ч бараг байхгүйтэй адилхан. Надад орон сууц барьж ав гээд 50 сая төгрөг өгсөн юм.

-Бүр газрыг нь шийдээд байшин бариад өгчихсөн байсан юм биш үү?

-Байшин өгсөн юм биш ээ. Надад 50 сая төгрөгийн эрх өгсөн байхгүй юу. Тэрнийг би хөөцөлдөж байж газар аваад хоёр давхар товхийсон байшин бариуллаа. Ганц өнчин байшин чинь эдэлж хэрэглэхэд бас их ярвигтай байдаг юм. Дулааны шугам чинь тэр байшинд ирээд цааш явж сүлжээ үүсгэдэггүй, мухар олгой шиг болохоор сантехникийн юмнууд хагарна, цоорно. Манай муу Цэвэлмаа тэнд амьдардаг байхдаа гайгүй слесарь болсон шүү дээ. Хоёрдугаарт, би чинь олон ах дүүтэй. Тэдний дотор эмч ч бий, сувилагч ч бий. Нас өтөлж байна, зарим үед тэднийгээ хажуудаа авч өөрийгөө тойлуулмаар байна шүү дээ. Иймэрхүү шалтгаанууд байлаа. Тэгтэл MCS-ээс тэнд томоохон барилга барья гэдэг санал ирлээ. Тэд наад газар дээр тань байшин бариад бүхэл бүтэн давхар, оффис, гарааш энэ тэрийг таны өмчинд өгнө гэсэн юм. Зарсан юм биш. Ирээдүй цагийн бартер байхгүй юу. Тэр байшингаа ирээдүйд босох байраараа сольж байгаа ухаантай юм. Тэр барилга ашиглалтад ортол тус компанийнхан намайг орон сууцаар хангах үүрэгтэй. Одоо тэдний орон сууцанд түр сууж байна. Би чинь тухайн үед тэр 50 сая төгрөг дээрээ хүүхэд шуухад, ах дүүгээсээ цуглуулаад 165 сая төгрөгөөр байшингаа босгосон юм, 1999 онд шүү дээ. Тэр үеийн ханшаар биш одоогийн ханшаар тооцоод бүхэл бүтэн нэг давхрыг мөн дээр нь оффисс авах гэж байгаа юм. Орон сууцны нэг давхартаа өнөө муу хэдэн ах дүүсээ мөн хүүхдээ авчирч хань татах гэж байна шүү дээ. Тийм тохироо хийгээд одоо гурван жил болж байна. Баригддаггүй. Суурь нь баригдчихсан, дээш барих гэтэл хажуу талын айл нар салхи хаах гэж байна гээд эсэргүүцэл гомдол гаргаад шүүхээр хоёр, гурван жил заргалдаж байна. Байшинг нь дээш нь бариулдаггүй, зарга нь дуусдаггүй. Би өгдгөө өгчихсөн. Байшингаа бушуу бариач гээд л шаардаад, энэ түр байранд чинь тохь тух алга байна шүү. Гэртээ байх, хугацаатай байранд байх хоёр чинь мань шиг нас өндөр улсад хэцүү байна шүү. Энийгээ түргэлүүл гэж хэлдэг юм. Нэг ийм л байдалтай байж байна. Миний ирээдүй цагт буй болох үл хөдлөх хөрөнгө бол энэ. Буй болох шүү. Одоо аль нь ч байхгүй. Таван толгойн 1072 хувьцаа гэж нэг юм яриад байна шүү дээ. Энэ бол худлаа. Хэрвээ үнэн гэж бодвол надад тэр хувьцаа л байна. Бас ирээдүй цагийн. Намайг амьдад буй болох юм уу, явсан хойно бий болох юм уу, бүү мэд. Өөр юм бол надад байхгүй. Байдаг юм гэвэл машин тэрэг энэ тэр гээд байлгүй яахав дээ, тийм биз дээ. Хөл дүүжлэх унаатай. Бусад нь бүгд худлаа.

Миний үед авлига авна, төлбөртэй үйлчилгээ гэдэг ойлголт байгаагүй юм. Би чинь ардчиллын хамгийн хэцүү зовлонтой 1990-1997 онд Ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тэр үед чинь сонгуульд хандив өгөх, мөнгө цуглуулах тухай юу ч мэддэггүй байсан. Албан тушаалыг чинь мөнгөөр үнэлдэг болсон юм байна шүү дээ. Албан тушаал сая, миллиард өөр юу ч гэнэ үү, мөнгөөр үнэлдэг болчихож. Тийм ойлголт байгаагүй юм аа. Тийм болохоор надад баяжих тухай бодол төсөөлөл байсангүй.

-Уул уурхайн чиглэлд хувь эзэмшдэг байх нь гарцаагүй ч гэдэг?

-Улиастайн ам өгсөөд явж байтал нэг их урт хашаа байна. Тэгсэн чинь тэндхийнхэн “Энэ Очирбат гуайн хашаа” гэж байх юм. Тэр хашаа эзгүй шахуу ч хэдэн байшин барьчихаж. Миний нэрийг зээлдээд тиймэрхүү юм хийчихсэн байж мэдэх юм байна гэж бодсон л доо. Намайг оршуулахад тийм том хашаа хэрэггүй. Надад бол нормын дагуу өгдөг газар нь байхад л болоо шүү дээ. Надад өөр газар хаа ч байхгүй. Би нэг хэсэг “Энержи Ресурс”-ын УЗ-д гадны, хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүн байлаа. Жилд 24 мянган долларыг өгдөг юм. Гэтэл тэрийг жилд биш сард тийм хэмжээний цалин авдаг гэж худлаа бичсэн. Албан тушаал хавсарч хийж хууль зөрчлөө, тэгээд ийм их хэмжээний орлоготой гээд намайг бичив ээ. Бүгдийг нь би үгүйсгэсэн. Худлаа учраас. Худлаа гэдэг нь ч тогтоогдсон юм. Ерөөсөө л энэ ш дээ. Юман дээр дөрөөлж муулах сонирхолтой хүн байж болно шүү дээ. Юу гэж л түмэн олонд бүгдэд нь таалагдана гэж явах вэ. Би чинь 1972 оноос хойш төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд хэдэн мянган хүний дундуур, төрийн тэргүүн болоод хэдэн сая хүний дундуур явж өнгөрсөн болох гээд байгаа байхгүй юу. Тийм хүнд чинь бусдад таалагдахгүй юм байж болно. Над шиг шулуун шударга, цэвэр хүн байхгүй, өнөөгийн энэ хэдэн заваан юмнуудтай харьцуулаад үзэх юм бол. Яагаад гэвэл Монголын нийгэмд тийм бузар булай юм байгаагүй. Харин сүүлийн үед энэ хэдэн муухай юмнууд гарч ирээд албан тушаал худалдаад. Мөнгөөр ажил албан тушаал худалдаж авдаг нийгэмд, зөв шударга төрийн шударга албан хаагчийг сонгож авна гэдэг бол үнэн хэрэгтээ бүтэхгүй. Тэр сайхан туршлага, дадлагатай хүнд мөнгө байхгүй. Мөнгөгүй юм чинь албан тушаал худалдаж авч чадахгүй. Хийж чаддаггүй хүн мөнгөөр албан тушаал худалдаж авна. Боловсон хүчнээ сонгох зарчим нь мөнгө болчихсон. Үүнээс яаж Монголын ард түмэн минь салмаар юм бэ дээ. Хатуу, заавал мөрддөг зарчмыг Монголын төрд тогтоомоор байгаа юм.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тань эрх ирэх арваннэгдүгээр сард дуусч байгаа бил үү?

-Би чинь Үндсэн хуультай 1990 оноос хойш зууралдаж байгаа хүн. Боловсруулж батлах, сүүлд нь хэрэгжүүлэх, тэгээд манаач нь болж байна.

-Шүдгүй арслан гээд байгаа шүү дээ?

-За тэр шүдгүй арслангийн чинь үүргийг гүйцэтгэв ээ. Миний хувь тавилан их сонин таарч байгаа юм. Үндсэн хуультайгаа насан туршдаа гэж хэлж болохоор төрийн албанд яваад байна. 50 нас хүрээгүй байхдаа л Үндсэн хуультай зууралдаж эхэлсэн байна шүү дээ. Одоо 75 нас хүрч байна. Ингэхээр хамаг л ухамсартай амьдралаа төр, Үндсэн хуультайгаа холбосон учраас үүнийгээ би бас л хувь тавилан, аз завшаан гэж хайрлаж хүндэтгэж, үүндээ шударга зүтгэдэг юм. Сайхан тал нь энэ. Хэцүү тал бас байна.

Би мэргэжлийн хуульч биш, улстөрч, инженер хүн. Тэгэхээр хуулийн нарийн ширийн юман дээр учрыг нь олоход цаг их үрдэг зовлонтой. Нөгөө зовлон нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжгүй. Би чинь бодсон санаснаа хэлдэг бас ч гэж чөлөөтэй иргэн л дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй хэлж болохгүй гээд хорьчихсон. Би сүүлийн 12 жил амаа үдүүллээ. Одоо энэ албаа дуусгаад нэлээд задгай ярина аа (инээв). Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *