Төрийн албаны туршилтын шалгалт өгсөн иргэдийн 88 хувь нь шалгалтанд унажээ.Төрийн албаны зөвлөл энэ сарын 15-20-ны өдрүүдэд “Төрийн албаны шалгалт” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгааг иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломж олгосон аж. Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй 1,620 иргэн Төрийн албаны зөвлөлийн soril@csc.gov.mn хаягаар өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуваарь гарган, нэрсийг нь Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулжээ. Туршилтын шалгалтад хамрагдсан нийт 1,560 иргэний 88 хувь нь шалгалтаа амжилтгүй өгсөн байна.