Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла 9 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслол Италийн Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө – “Куиринале” Ордонд болов.
Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулж Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг Италийн Ерөнхийлөгчид уламжлав. Марко Поло 13 дугаар зуунд Монголд зорчсон үеэс эхтэй түүхэн хэлхээ холбоо бүхий Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж байгааг Элчин сайд дурдаад, цаашид бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Итали Улс энэ онд Улаанбаатарт өөрийн ЭСЯ-аа нээсэн нь хоёр орны хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой болсон, улмаар хоёр талын шинэ Элчин сайд нар Итали, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Сержио Маттарелла онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав.