АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн эхний халз мэтгэлцээн өнөөдөр өглөөний 9-10:30 минут хүртэл 90 минутын турш явагдлаа. Эхний халз мэтгэлцээнд АН-аас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар оролцсон бол, мэтгэлцээний модератор буюу хөтлөгчөөр NBC телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Лестер Холт ажилласан юм. Улс төрийн тоймч, сэтгүүлч Лестер Холт 1992 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд модератороор ажиллаж буй анхны хар арьст сэтгүүлч гэдгээрээ онцлогтой тухай The Wall Street Journal-д бичжээ. Түүний тухай мэдэх ёстой, сонирхолтой таван баримтыг энд даржуншина уу.
Халз мэтгэлцээнээр АНУ-ын эдийн засаг, ажлын байр шинээр бий болгох, кибер халдлагаас сэргийлэх, татвар, улс орны бодлогын тухай чиглэсэн асуултууд тавигдлаа.
Өнөөдрийн халз мэтгэлцээнийг дэлхий даяар 100 сая хүн үзсэн тооцоо гарсан бөгөөд, зөвхөн АНУ-ын төдийгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон, өнөөдрийн гол сэдэв болж байна.
АНУ-ын сүүлийн найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөв хэлсэн АНУ-ын Америкийн их сургуулийн профессор, улс төр судлаач Аллан Литман энэ удаагийн сонгуульд одоогийн эрх баригч намаас нэр дэвшигч буюу Доналд Трампыг ялах болно хэмээн таамаг дэвшүүлээд буй. Үнэхээр ч Доналд Трампын рейтинг сүүлийн үед өсч, сонгуульд ялж магадгүй хэмээн шинжээчид үзэж байсан. Гэвч өнөөдөр өглөөний мэтгэлцээнээр шинжээчдийн үзэл бодол 100 хувь өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Хиллари Клинтон мэтгэлцээний туршид илт давуу байж, мэтгэлцээнийг 62:27 харьцаагаар илт давуу ялсан үр дүн гарчээ.
Улс төрийн хувьд илүү туршлагатай Хиллари Клинтон мэтгэлцээний үеэр тайван байж, сул үг хэрэглэлгүй, гол санаагаа оновчтой гаргаж, өрсөлдөгч Доналд Трампын сул талыг тун сайн ашиглаж чадсан. Клинтон “Үеийн үед нэр дэвшигчид татварын тайлангаа олон нийтэд ил болгодог. Гэтэл сонгууль болоход хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээгүй одоо хүртэлх хугацаанд яагаад Трамп татварын баримтаа ил болгохгүй байна вэ? Трамп 600 сая ам.долларын өртэй гэгдэж буй. Тэр хэнд өртэй вэ? Түүний энэ их өр Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэр сөрөг нөлөөлөх бол?” хэмээхэд Трамп татварын тайлангаа удахгүй болгохоо хэлсэн.
Харин Трамп Хилларигаас шинэ санаа гарахгүй, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах үедээ яагаад одоо ярьж байгаа зүйлүүдээ хийж болоогүй вэ, төрийн үйл хэргийг явуулахдаа Хиллариг хувийн мэйл хаягаа ашиглаж, дараа нь 33 мянган цахим шуудангаа устгасан тухай ярьсан. Гэхдээ Трамп 33 мянган цахим шуудангаа устгасан тухай нь тийм ч сайн “ухаж” чадсангүй. Уг нь энэ тухай илүү сайн судалж, ярьсан бол Трампад давуу тал болох байлаа.
Америкийн эдийн засаг, шинээр ажлын байр бий болгох тухай
Хиллари Клинтон: “Эдийн засгаа өсгөе гэвэл манай улс нийгмийн дундаж давхаргын хүмүүсийг дэмжиж, тэдэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүний тулд ажлын байр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ёстой.
Түүнчлэн жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй. Учир нь ажлын байрын ихэнхи хувийг жижиг бизнесүүд бий болгодог. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ажиллана. Ажил болон хувийн амьдралаа зохицуулахаар хичээж буй бүх хүмүүст туслах ёстой. Мөн хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна”
Доналд Трамп: “Ажлын байрыг нэмэгдүүлье гэвэл гадагшаа гарсан болон гарч буй олон зуун компаниудыг эргүүлэн татах хэрэгтэй. Одоогийн төрийн удирдлагууд зохистой бодлого барин ажиллаж чадаагүйгээс АНУ-ын ажиллах хүч хилийн чанад руу гарч, илүү хямд ажиллах хүчийг сонгож байна. Түүнчлэн, Хятад тэргүүтэй улс орнууд манай улсын бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, зах зээл, ажлын байрыг булааж байна. Тиймээс олон улстай хийх чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийн тухай эргэж харах шаардлагатай байна.
Доналд Трамп: Чинээлэг хүмүүст зориулсан татварын бодлого явуулах хэрэгтэй
Нэр дэвшигчид татварын бодлого дээр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Доналд Трамп баячуудын татварыг хөнгөлж, багасгах хэрэгтэй. Учир нь жижиг бизнесийнхнийг баячууд л дэмжиж, босгож ирдэг. Ажлын байрыг баячууд, баялаг бүтээгч нар л бий болгодог. Бид худалдааны гэрээгээ дахин нягтлах шаардлагатай. Жишээлбэл, Америкчууд Мексик рүү өндөр татвартайгаар бараагаа борлуулдаг бол, мексикчүүд ямар ч татваргүйгээр АНУ-д бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
Түүнчлэн, АНУ Япон зэрэг олон улсыг цөмийн зэвсэгтэй улс орнуудаас хамгаалдаг. Үүний тулд АНУ тэрбум тэрбумаар нь үргүй зардал гаргаж байна. Яагаад тэр улсууд хамгаалагдсаныхаа төлөөсөнд татвар төлж болохгүй гэж? АНУ-ын өр 20 их наяд хүрээд байна.
Хиллари:
Найман жилийн өмнө 1930 оныхтой төстэй их хямрал бидэнд нүүрлэсэн. Эдийн засгийн хүндрэл ялангуяа нийгмийн дунд давхаргынханд ихээхэн нөлөөлсөн.ухайн үеийн хямралын улмаас АНУ даяар есөн сая хүн ажилгүй болж, таван сая хүн орон байраа хураалгасан. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулж, дахин хөл дээрээ босч чадсан. Тийм ч учраас бид АНУ-ыг хүчирхэш болгосон тэдгээр бодлогуудыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улсад дахин 10 сая ажлын байрыг шинээр бий болгох боломжтой.
Бид нарны эрчим хүчээр ажилладаг суваг, данелыг бий болгох ёстой. Энэ нь өөрөө ажлын байрыг бий болгох хүчин нөхцөл юм.
Америкийг яаж аюулгүй байлгах вэ? Кибер халдлагын ард хэн байна вэ?
Клинтон: Дараагийн Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр кибер халдлага том асуудал байх болно. Ихэвчлэн арилжааны зорилгоор үүнийг явуулдаг. Түүчнлэн ОХУ-аас санаатайгаар кибер халдлага явуулж байна гэж бип үзэж байна. Трамп Путиныг дэмжиж, түүний талаар их ярьдгийг би мэднэ. Саяхан Ардчилсан намынхны хувийн цахим хаягт ч мөн халдлага гарсан. Хэн ч бидэн рүү халдаж болно.
Гэхдээ бид үүнээс сэргийлж чадахдаа итгэлтэй байна. Бид олон төрлийн дайнд оролцохыг хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах эрхтэй. Трамп Путинд өөрийн улсынхаа мэдээллийг өгөх боломж олгосон гэж би үзэж байна.
Трамп: АНУ-ын зэвсэгт хүчин, хил хамгааллын бүрэлдэхүүн намайг дэмжихээ илэрхийлсэнд би баяртай байна.
Кибер халдлагад Оросыг буруутгаж, байнга л Оросыг чичилж байх юм. Кибер халдлага Оросоос, Хятадаас уу гэдгийг бид мэдэх боломжгүй. Кибер халдлагад анхаарал татсан ноцтой асуудал гэдэгт би тантай санал нийлж байна. 10 настай хүү минь гэхэд л компьютерийг маш сайн эзэмшиж ашиглаж чадаж байна шүү дээ.
Доналд Трамп:Барак Обама Хиллари Клинтон хоёр “Исламын улс” бүлэглэлийг байгуулсан
Трамп: Клинтон Исламын улсыг ялах тухай ярьдаг ч энэ нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй.
Хэдийгээр холбоотнууд бидэнд хэрэгтэй ч тэрбум тэрбумаар нь үр дүнгүй зардалд үрж байна. Хиллари Клинтон олон сайхан зүйл ярьж байна. Гэхдээ тэр өнгөрсөн 10 жилийн турш яг юу хийсэн бэ гэж асуумаар байна.
Миний хувьд Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох, тогтвортой хүн биш. Дараагийн Ерөнхийлөгч худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг авч үзэж, бизнес хийх чадвартай хүн байхёстой.
Трамп: Клинтон холбоотнуудтайгаа ойр дотно байх тухай ярьж байна. Та Ираны эсрэг хоригийг цуцлах чиглэлээр ажилласан. Бид НАТО-той удаан хугацаанд хамтран ажиллаж байна. НАТО-д 28 гишүүн гишүүнчлэлтэй байдаг ба улс орон бүр тодорхой хариуцлага хүлээдэг. Гэтэл НАТО-ийн улс орнууд өөрсдөө бодит анхаарал хандуулахгүй байна.Бид НАТО-ин зардлын бараг 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас би НАТО-г шүүмжилж байгаа юм. Бид хамгийн их мөнгийг гаргаж байгаа ч тэдгээр улсууд Исламын улс бүлэглэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Барак Обама Хиллари Клинтон нар Исламын бүлэглэлийг бий болгосон. Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ бүхэн үүссэн. Би Иракийн дайныг эхнээс нь тууштай эсэргүүцэж байсан. Ойрхи Дорнодыг тогтворгүй болгох нь маш том алдаа болох болно гэж би олон удаа хэлж байсан. Клинтон сонгуулийн ажилдаа олон зуун сая доллар зарцуулсан. Том сурталчилгааны самбаруудыг олноор нь гаргасан.
Клинтон: Би Трампын ярьсан хоёр зүйлийг тодотгоё. НАТО-ийн дүрмээр аль нэг гишүүн улсад хандана гэдэг нь бүгдэд нь халдаж байна гэсэн үг. 11/9 үйл явдлын үйл явдлыг үүнд харж болно. Ираны эсрэг бид хориг тавьж байсан. Би энэ хоригийг бүрэн дэмжиж байсан.
Ерөнхийлөгч Барак Обама болон миний халааг авсан Жон Керри нар уг гэрээнд биечлэн оролцсон. Зөвхөн АНУ төдийгүй Орос, Хятад зэрэг их гүрнүүд үүнд оролцсон. Тухай бүр Доналд Трамп энэ асуудалд хэт сэтгэл хөдлөлтэй, явцуу хандаж байсан. Трамп Саудын Араб, БНСУ-аас мөнгө хурааж, тэнд байгаа цэргүүдээ багасгах тухай ярьдаг. Цөмийн зэвсгийн тухай түүний ойлголтыг би хэтэрхий гэнэн гэж үздэг. Трамп өөрийнхөө гарт цөмийн кодыг барих хүн шүү дээ. Доналд Трамп та ч тухайн үед цэргээ оруулахыг дэмжигчдийн нэг байсан мөртлөө өнөөдөр өөрийнхөө ярьсныг үгүйгэж байгаа чинь утгагүй хэрэг.
Трамп арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэдгээ баталлаа
“Трамп Обамаг АНУ-д төрөөгүй, АНУ-ын иргэн биш гэж ярьж байсан. Гэвч Обама АНУ-д төрсөн гэдгээ баталсан. Харин Доналд Трампын одоогийн буюу гурав дахь эхнэр Мелани Трамп нь Словени улсын иргэн бөгөөд АНУ-ын иргэн биш хүн Тэргүүн хатагтай байж боллх уу гэдэг асуудал гарж ирэх юм. Гэхдээ энэ тухай өнөөдөр ярьсангүй.
Трамп 1973 онд бизнес эрхэлж байхдаа арьс өнгөөр ялгаварласан хэргээр буруутгагдаж байсан. Тиймээс Трамп бол арьс өнгөөр ялгаварлагч юм” хэмээн Хиллари Клинтон хэлсэн. Трамп үүнд “Тухайн үед би залуу байсан тул буруу алхам хийсэн нь үнэн. Гэхдээ шүүхээс намайг буруугүй гэж үзсэн” хэмээн хариулсан ч өөрийгөө зөвтгөж чадаагүй юм. Түүнээс гадна мэтгэлцээний өмнө хөтлөгч нэр дэвшигчидтэй гар барихад Трамп гар бариагүй нь сошиал трэнд болж байна. Мэтгэлцээн эхлэхэд өнөөдрийн халз мэтгэлцээний модератор Лестер Холт Хиллари Клинтонтой гар барьсныхаа дараа Доналд Трамптай гар барих гэхэд Трамп барилгүй хажуугаар нь өнгөрсөн юм. Трамп үүнийг санаатай хийсэн ч үгүй ч, маш том алдаа гаргасан үйлдэл боллоо. Трамп үүгээрээ өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагч гэдгээ хүлээн зөвшөөрлөө ч гэж үзэх шинжээчид байна. Лестер Холтыг хар арьстай болохоор нь гар барьсангүй юу? Уг нь Холт сүүлийн хэдэн жилийн турш Бүгд Найрамдах намд саналаа өгсөн, Бүгд найрамдах намын дэмжигч юм. Трамп өнөөдөр хувь хүнийхээ хувьд маш том алдаа гаргалаа.