Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Загвар өмсөгч, мисс Н.Ану үндсэн ялагчаар тодорч хатан хааны титмийн эзэн боллоо. Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг аж.
“MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд өмнө нь 2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байр шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ.
Энэхүү амжилтыг ахиулах зорилт тавин, найдвар өвөртөлж өнөө жил тус тэмцээнийг зорьсон мисс Н.Ану маань ийнхүү дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг цууриатуулж үндсэн ялагчаар тодорлоо.
Тэрбээр, Азийн супер модель бөгөөд эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн гэдгээ ийнхүү дахин баталлаа.