Categories
мэдээ цаг-үе

Нөхцөлийг нь хангаж чадвал ямар ч амьтныг гаршуулж болно

Монголын хамгийн анхны амьтны дэлгүүрээр орлоо. “Angelfish” дэлгүүр нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хамгийн олон төрлийн амьтантай дэлгүүр юм байна. “Аngelfish” дотор ороход яг л ой дунд яваа юм шиг мэдрэмж төрж байв. Энд тэндгүй шувуу дуугарч, олон төрлийн аквариумын усны чимээ сонсогдоно. Мөн энд ч тэнд ч амьтад хөдлөх нь нүдэнд дасал болоогүй болоод ч тэр үү, сонин мэдрэмж төрүүлж байсан юм.

Дэлгүүрийн эзэн амьтан судлаач Ц.Одбаяртай уулзлаа. Түүний амьдрал амьтантай салшгүй холбоотой гэнэ. Тэрээр Москвагийн их сургуулийн биологийн факультетийг амьтан судлаач мэргэжлээр төгсчээ. 16 дахь жилдээ амьтны дэлгүүрээ ажиллуулж байгаа тэрээр найман настайгаасаа л загас тэжээж эхэлсэн бөгөөд 45 жил загас тэжээж байгаа гэнэ.

Уг дэлгүүрт гуч гаруй төрлийн загас, дөрвөн зүйлийн тоть, усан гахай, зурам, муур, орог зусаг, хилэнц, аалз, алаг даахай, гүрвэл, гурван зүйлийн могой, хэрэм, какаду шувуу зэрэг амьтад байлаа. Эдгээр амьтдаа хээрээс, хүний үржүүлснээс, гадаадаас гэх мэтчилэн янз бүрийн газраас авчирдаг аж. Ер нь аль болох тээвэрлэхийг боддоггүй гэнэ. Учир нь зарим амьтад тээвэрлэх замд эндэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс аль болох үржүүлдэг бөгөөд амьтны нөхцөлийг хангаж чадвал ямар ч амьтанг гаршуулж, тэжээж болдог гэж ярьсан юм. Тус дэлгүүрт Монголд ганцхан байдаг могой байна. Энэ могой нь Америкийн урд, Мексикийн хойд хэсэгт амьдардаг аж. Мөн халуун орны аалз байх юм. Харахад л биеийн шар үс босмоор энэ аалз халуун орных ч гэсэн гэрийн температурт амьдраад л байдаг гэнэ. Мөн хэт сэрүүхэн үед нэмэлт халаалт өгч болдог аж. Түүнчлэн Австралийн шар залаат какаду гэдэг шувуу байлаа. Энэ шувуу нэг ч дуугарсангүй. Гэхдээ нэг дуугараад эхэлбэл хүн хажууд нь ярихад ч бэрх байдаг гэнэ. Зуун жилийн настай какаду шувуу энэ дэлгүүрт ирээд 14 жил болж байгаа ажээ. Ховорхон үзэгддэг алаг даахай ч байв. Ц.Одбаяр “Би зарим цөөн тооны амьтдаа зардаггүй л дээ. Манай дэлгүүрээр хүүхдүүд их орж ирдэг учраас танин мэдэхүйн үүднээс байлгадаг юм. Бүх хүн хөдөө явж, машины гэрэлд алаг даахай орж ирэхийг харж чадахгүй шүү дээ” гэсэн юм. Биднийг ярилцаж байх хооронд ч хүүхдүүд орж ирэн, торны цаана байх бяцхан муур, усан гахай, загас зэргийг ихэд сонирхож байлаа.

Амьтан сонирхогчид өнгө, үзэмжийг нь хараад өөрт таалагдсанаа сонгодог бол амьтан судлаач маань төдийлөн хүмүүсийн сонирхдоггүй, үржүүлж өсгөхөд бэрх амьтдыг цуглуулах дуртай юм байна. Хэрвээ үржихэд бэрх амьтдыг үржүүлж чадаж байвал мэргэжлийн хүний хувьд сайхан санагддаг гэлээ. Түүний загаснууд дундаас неон өнгөтэй загас хамгийн их анхаарал татаж байлаа. Жижиг хэмжээтэй хэдий ч гоёмсог харагдах энэ загас үржүүлэхэд хамгийн хэцүүд тооцогддог байна. Агаарын даралт буурах гэж байгааг загас маш сайн мэддэг бөгөөд хүйтрэх үед загас түрсээ шахдаг аж. Тэр үед нь шинэ усаа бэлдэх хэрэгтэй. Учир нь усны бүтэц солигдохоор түрсээ шахдаг гэнэ. Загасны ханш ойролцоогоор таваас 15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хамгийн үнэтэй загас хоёр мянган ам.долларын үнэтэй алтан луу гэдэг загас байдаг юм байна. Алтан луу бол Хятад, Тайландад ч тэр хамгийн үнэтэйд тооцогддог гэнэ. Зарагдаж буй амьтдын үнэ яг тогтмол байдаггүй байна. Ц.Одбаяр ярихдаа “Би хоёрхон тотьтой үлдчихсэн байлаа гэхэд Улаанбаатарт өөр зарах тоть байхгүй бол 80 мянган төгрөгөөр зарж байсныгаа 150 мянга болгож болно, харин элбэг байвал арай хямд үнээр ч зарна. Мөн амьтдаа үржүүлж зардаг учраас их сүрэг нь үлдчихсэн байвал зардаггүй” гэлээ.

Тэрээр тэжээмэл амьтад байгалиас хязгаарлагдмал орчинд байдаг учраас бүхий л хэрэгтэй амин дэм зэргийг хоолоор нь өгч байх хэрэгтэй гэв. Үнэ багатай, тааруухан хоол өгвөл тэжээж буй амьтдад тийм ч сайхан байхгүй. Харин үнэтэй, чанартай хоол өгөөд байвал өнгө зүс ороод, хурдан үржээд л байдаг гэж ярилаа. Мөн амьтан судлаач маань “Амьтан тэжээнэ, үржүүлнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Хамгийн гол анхаарах зүйл бол эрүүл ахуй байдаг юм. Ядаж л ялгадсыг нь цэвэрлэчихвэл өвчин тусахгүй шүү дээ. Тэжээж буй амьтнаа сайн мэдрэх нь чухал. Үс нь өрвийчихсөн байна уу, хоол ундаа идэж байна уу, хөдөлгөөн нь хэвийн байна уу гэх зэрэг энгийн зүйлсийг сайтар ажиглах хэрэгтэй байдаг. Мөн амьтан барьсныхаа дараа заавал гараа угаах хэрэгтэй. Гараа угаахгүй хоол, унд идвэл өвчин ч тусаж мэднэ шүү дээ.

Мөн тэжээж байгаа амьтныхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл нохой худалдаж авлаа, гэхэд тухайн нохойныхоо зан ааш, зориулалтыг нь сайтар судалж авах нь дараа нь гарах эрсдэлээс хамгаалдаг. Нохой бүр өөр өөрийн онцлогтой. Дундад Азийн кавказ нохойнууд хамгаалалтын үүрэгтэй бол Голден Ретривэр нь хараагүй хүнд хамгийн тустай, ухаантай байдаг. Харин овчарка нохой нь үнэрч чанараараа цагдаа, хилийн цэрэгт тохиромжтой. Үүлдрийн зориулалтыг нь мэдэхгүйгээс болж хамгаалалтын нохой зарим тохиолдолд эзэн рүүгээ дайрах ч үе байдаг. Ийм тохиолдолд хүмүүс нохойгоо гэрээсээ гаргаж орхиод, үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд гардаг” гэсэн юм.

Тэрээр тэжээмэл хэрэмдээ зориулж модны мөчиртэй, өндөр тор бэлдэж өгчээ. Хэрэмд самар, хүнсний ногоо, алим, лууван зэргийг өгч болдог байна. Харин могой, аалз заавал амьд амьтнаар хооллодог аж. Тиймээс зориулж өт, хулгана зэргийг тэжээдэг байна. Дөрвөн өөр торонд том, жижиг, янз бүрийн өнгөтэй тотинууд байлаа. Түүний хувьд тоть шувууг 10 гаруй жил тогтмол үржүүлж, зарж байгаа гэнэ. Тотинд байнга үг давтаж, хэлж өгөөд байвал дуурайгаад хэлдэг байна. Хооллолтын хувьд төдийлөн ялгаа байдаггүй бөгөөд том жижгээс нь хамаарч идэх будаанд нь самар, жимс нэмж өгдөг ажээ. Маш олон зүйлийн тоть байдаг хэдий ч тэр бүр Монголд авчрахад хэцүү гэнэ. Тоть үржихдээ амаргүй, өнгө зүс нь гоё байх тусмаа өндөр үнэд хүрдэг ажээ.

“Angelfish” дэлгүүрт дээрх амьтад байхаас гадна монгол банхар гэрээрээ үржүүлдэг аж. Тухайлбал, тэднийх 2002 оноос эхлэн монгол банхар, монгол тайга нохой үржүүлж эхэлжээ. Тухайн үед монгол банхрыг хэн ч тоодоггүй байж. Ингээд Ц.Одбаяр 350 мянган төгрөгөөр монгол нохой авч байхад хүмүүс түүнийг тэнэг гэдэг байжээ. Харин Ц.Одбаяр “Миний нүд буруу таньж, шинжээгүй байсан. Одоогоор 20 гаруй монгол банхар бий” гэлээ.

Хүмүүс монгол банхрыг түвд банхартай андуурдаг байна. Монгол банхрын гол онцлог нь Монголын цаг агаарын эрс, тэс уур амьсгалд дасан зохицдог, том биетэй хэдий ч хөнгөн шингэн байдаг аж. Мөн цас, шуургатай үед ч эзэнтэйгээ хамт малдаа явдаг, өвлийн хүйтэнд үүр байхгүй хэдий ч цас малтаж шороог нь гаргаад, эсвэл бууцан дээр цагариглаж хэвтээд үр төлөө гаргачихдаг давуу талтай. Хамгийн гол нь соргог, сайн манаач байж чаддаг байна. Мөн монгол нохой хар, шар, цагаан зүсмийн байж болдог ажээ.

Хамгийн түгээмэл нь халтар. Мөн түвд болон өөр үүлдрийн нохойнууд ч дөрвөн нүдтэй байдаг гэнэ. Монгол банхар нь 500 мянган төгрөгөөс эхлээд хэдэн ч сая төгрөгийн үнэд хүрдэг байна.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *