Шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийг дэмжих Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын инновацийн тэтгэлэг олгох шалгаруулалт шилдгүүдээ тодруулаад байгаа билээ. Шилдэг, залуу 10 эрдэмтний нэгээр шалгарсан Э.Отгонжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амьдралд хэрэгтэй бүтээл болгохоор зорьж буй шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Би анх Шинжлэх ухаан технологийн их сургуулийн материал технологийн сургуулийг химич, технологич мэргэжлээр төгссөн. Мөн энэ сургуульдаа магистр хамгаалсан юм. Харин сургуулиа төгссөн жилээ буюу 2005 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа БНСАУ-ын “Kumoh National Institute of Technology” сургуульд докторын зэрэг хамгаалсан. Би докторын зэрэг хамгаалсан бүтээлээрээ шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Нийт тавь гаруй судлаач бүтээлээ сойлоо. Шалгарсан арван залуу эрдэмтнээс гадна шалгарч чадаагүй ч маш сайн бүтээл бий. Энэхүү шалгаруулалтад оролцсон бүх бүтээлүүд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан байдаг. Гадаад руу явж илүү зүйлийг сонсож мэдээд түүнийгээ эх орондоо нутагшуулахыг зорьсон олон залуусын хүч хөдөлмөр байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ тэтгэлэг бол залуу эрдэмтдийн хөшүүрэг болсон зүйл. Мэдээж шинжлэх ухаан хөрөнгө мөнгөгүйгээр бодит зүйл болно гэдэг хэцүү. Мөн судалгаа шинжилгээ хийхэд тусалсан ажлын хамт олон, багш нар, гэр бүл найз нөхдөдөө маш их баярлалаа. Та бүхний тус дэмээр судалгааны ажил минь урагштай байсан шүү гэдгийг хэлмээр байна.
-Эрдэмтдийн судалгааны ажил үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой эсэх нь тус шалгаруулалтад хамгийн чухал байдаг. Та ямар судалгааны ажил хийсэн бэ?
-Агаар, хөрс нь хүний нөлөөлөл, микро организмоос шалтгаалж бохирдож байдаг. Жил болгон дэлхийд 13 сая орчим хүн хөрс болон агаарын бохирдлоос болж нас барж байна. Мөн сүүлийн үед хорт хавдар ихэссэн нь хүнсний аюулгүй байдал, агаарын болоод хөрсний бохирдол, тоосжилттой холбоотой гэж үзээд байгаа шүү дээ. Агаарын бохирдлын гол хүчин зүйлсийн нэг бол нүүрс. Нүүрсэнд хүнд металл, хортой бодисууд маш их агуулагдаж байдаг. Мөнгөн ус, уран гэх зэрэг бодисууд байдаг юм. Хэдий эдгээр хүнд металл нь хөрсөн дээр байж болох ч устай урвалд орсноороо идэвхжиж улам хортой болдог. Ингэснээр ундны ус ч бохирдож байгаа юм. Энэ мэтчилэн бохирдсон усыг БНХАУ-ын хотуудын 90 хувь нь хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
Манайд 2008 онд хөрсний бохирдлын талаар судалгаа хийсэн. Доктор н.Батжаргал судлаачийн энэхүү судалгаагаар хүнд металын бохирдол бий гэж үзсэн байдаг. Тэр дундаа 100 айлын хэсэгт илүү хэмжээтэй агуулагдаж байна гэж үзсэн. Гэтэл 2012 оны судалгаагаар бохирдол буурсан гэж гарсан. Судлаачид бороо хураар угаагдаад багасчихсан байна гэж тайлбарлаад байгаа юм. Гэхдээ химийн бодис хэзээ ч устаж үгүй болно гэж байхгүй. Өөр төлөвт л шилждэг юм. Хэрвээ судлаачдын хэлж байгаагаар усаар угаагдсан бол Туул голын ёроолд эсвэл бохирын хоолойны амсар дээр л байгаа. Эдгээрээс болж хүмүүс хордох муу үр дагавартай. Энэ бүх хор уршгийн талаар яриад л байна. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хүрэх ёстой. Тиймээс би судалгааны ажлаа “Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах” гэсэн сэдвээр хийлээ. Энэ материал нь гол, ус, хөрсөнд байгаа бохирдлыг шингээж аван идэвхгүй, хоргүй болгоно гэсэн үг. Залуу хүний хувьд аль болох гарц болсон судалгаа хийхийг хичээлээ. Аль болох бидний орчин нөхцөлд зохицох зүйлсийг судалж нэвтрүүлэхийг зорьж байна. Манай залуу судлаачид маань энэ материал судлалыг илүү сонирхож судалж байгаа.
-Таны судалгааны ажил хэзээ үр дүнгээ өгч эхлэх бол?
-Одоогоор бүх судалгааны ажил хийгдээд дуусчихсан. Харин яг үйлдвэрлэе гэтэл энэхүү шингээх материал маань хэт нунтаг байгаа учраас ширхгийг нь томруулаад л хэрэглэх боломжтой юм. Шингээлтийн багтаамжийг нь судалж гаргасан. Шингээлт бол маш сайн. 160 литрт нэг гр шингээгч материал хийхэд цэвэрших боломжтой. Судалгааныхаа хүрээнд зарим аймаг, сумдын ундны усыг судалж үзсэн л дээ. Бүгд бохирдолтой байна гэж гарсан. Мөн нэг сумын хоногийн ундны усанд дөрвөн тонн ус хэрэгтэй гэсэн тооцоо гаргалаа. Тэр дөрвөн тонн усан дахь хүнд металлыг цэвэршүүлэхийн тулд 25 гр шингээгч материал байхад л хангалттай. Түүнийг үрэл хэлбэрээр эсвэл амсарт нь ч байрлуулж болох юм. Ирэх жилээс шингээх материалаа нэвтрүүлье гэсэн зорилготой байна. Энэ материалаар хөрсний бохирдлыг цэвэрлэх олон арга бий. Тухайлбал, электрон хими болон өндөр технологитой цахилгаан химийн аргаар цэвэршүүлж болно. Гэхдээ энэ бүхнийг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай.
-Нэг өрх ундны усаа цэвэршүүлэхэд хичнээн төгрөг шаардлагатай бол?
-Баримжаа тооцоо гаргасан л даа. Нэг айл 100-200 төгрөг төлөөд л хоногийн ундны усны хэрэгцээгээ цэвэршүүлчих боломжтой.
-Энэхүү шингээгч материалыг Дэлхий нийтэд хэр их ашигладаг юм бол. Ашиглагдаж байгаа жишээнүүд бий юу?
-Энэ материалыг их ашигладаг л даа. АНУ-д усаа цэвэршүүлэхийн тулд мөн ашигласан байдаг юм. Ямар бодисыг цэвэршүүлэх гэж байна, түүнээсээ шалтгаалж орцууд нь өөрчлөгдөөд явдаг. Үүнээс Монголд нутагших боломжтой, бидний орчинд тохирохыг нь судалсан.
-Цаашид ямар судалгаа хийх бодолтой байна вэ?
-Судлаачид маань гурван жилээр төлөвлөгөөгөө гаргадаг. Түүнийгээ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамаар батлуулж санхүүжилт авдаг юм. Бодож байгаа сайхан санаанууд байна. Аль болох бидэнд тулгамдаж буй асуудлаар л судалж, гарцыг олохыг хичээнэ дээ.
Нуулгүй хэлэхэд, Шинжлэх ухааны академид шаналсан хэдэн хөгшин, шатсан хэдэн залуучууд л байдаг юм шүү дээ. Ийм зүйл хийчих юмсан гэсэн хүсэлтэй залуучууд л байна. Хамгийн түрүүнд бодож мөрөөдөж байгаа зүйл бол Шинжлэх ухааны академи судалгаа хийх багаж хэрэгсэл нь бэлэн, хүртээмжтэй болоосой гэж хүсэж байна. Би хүмүүст боломж олдвол хэлж байдаг юм. Үнэхээр энэ шинжлэх ухааныг судлаад тасарчихсан залуус нь гадаад гараад явчихдаг. Харин тэр хол тасарчихсан түвшин рүү нийт массыг Шинжлэх ухааны академи залж байх ёстой юм. Ийм л чухал байгууллага юм шүү дээ. Тиймээс хамгийн их ач холбогдол өгч байх хэрэгтэй.
О.АРИУНЦЭЦЭГ