Categories
мэдээ цаг-үе

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри: Манай оронд төрийн оролцоотой компани байхгүй

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангmритай ярилцлаа.

-Та Австралиас Монголд сууж байгаа анхны Элчин сайд. Австрали улс Монголд Элчин сайдын яамаа нээх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би Канберрад ажиллаж байхдаа Монголын асуудлыг давхар хариуцдаг байсан юм. Монголын талаас ЭСЯ-аа Улаанбаатарт нээгээч гэсэн хүсэлтийг манай улсад хэд хэдэн удаа тавьсан л даа. Австралид суугаа Монголын элчин байсхийгээд л ингэж асуудаг байсан шүү. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой ирэх онд тохионо. Хоёр улсын идэвхтэй харилцаж эхэлсэн хугацаа гэвэл ерээд он хавьцаа. 45 жилийн ой тохиож байгаа учраас манай улсын Гадаад хэргийн сайд Элчин сайдын яамаа нээх цаг болсон гэж үзсэн. Австралийн хувьд улс орнуудад ЭСЯ-аа нэг их нээгээд байдаггүй. Ялангуяа өнөө цагт. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь танай орныг стратеги, эдийн засаг, нийгмийн түншийн хувьд ямар чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Стратегийн хувьд гэж яривал ардчилал, зах зээлийн эдийн засгийг зориглон сонгож, тогтвортойгоор хөгжүүлж байгаад нь Монгол Улсаар бахархдаг. Австрали улс Монголын хувьд сайн гуравдагч хөрш байхыг хүсдэг. Эдийн засгийн хувьд ч манай хоёр улсад ижил тал бий. Аль аль нь өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалтыг экспортын баримжаатайгаар уул уурхайн салбарт татаж эдийн засгаа хөгжүүлж байгаа. Нийгэм, хүмүүсийн хувьд ч монгол, австраличуудад төстэй тал их бий. Гэр бүлийг дээдэлдэг, боловсролыг өндөр хэмжээнд чухалчлан үздэг, гадаадын ямар нэг соёлыг маш хурдан хүлээн зөвшөөрч чаддаг, нүүдлийн уламжлалаас улбаатай байгалийг хайрлах үзэл гэж ирээд яривал хоёр улсын иргэдэд адил зүйл олон байдаг. Сая дурдсан эдгээр нь Элчин сайдын яамаа нээх шалтгаан болсон.

-Уул уурхайгаасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгэж хөгжихөөс өөр бодитой гарц бидэнд байхгүй. Австрали уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд жишиг болсон орон. Уул уурхайгаа зөв замаар хүчтэй хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна?

-Австралийн тухайд том төслүүдэд гадны хөрөнгө оруулалтыг татаж амжилттай хэрэгжүүлэх тал дээр арвин туршлагатай. Уул уурхайн салбартаа түшиглэн эдийн засгаа босгох гэж байгаа танай орны хувьд манайх шиг улсын алдаа, онооноос сурах зүйл өчнөөн бий. Австрали уул уурхайн хайгуул, олборлолтын шатанд хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин, бодлого, журам зохицуулалт дээр гурван зарчмыг маш хатуу барьдаг. Юуны түрүүнд тодорхой, ил тод байх хэрэгтэй. Хоёр дахь зарчим нь тогтвортой байх. Харин гурав дахь нь өөр хоорондоо уялдаатай байх. Энэ зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. МАН-ын тэргүүлж байгаа засаг энэ талаар ярьж эхэлсэн нь сайн хэрэг.

Монголд Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уул уурхайн салбарын сайн засаглалыг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахад төвлөрсөн хөтөлбөр л дөө. Манай улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтад ач холбогдол өгдөг. Гадаадын хөрөнгө оруулалт хүмүүст ашиг тусаа өгч байгаа тодорхой ажиглагдахгүй тохиолдолд гадны хөрөнгө оруулалтыг сөргөөр хүлээж аваад байдаг. Үүнийг бид туршлагаараа мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалтын үр ашиг олон түмэнд ил тодорхой байна гэдгийг төсөв томорсноор хэмжих нь учир дутагдалтай. Үр ашиг нь орон нутгийн түвшинд харагдаж байх учиртай. Өндөр чанартай гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм утгатай. Базаад хэлбэл, хөрөнгө оруулалтын ашиг тус нь үндэсний болон орон нутгийн түвшинд ижилхэн мэдрэгдэх ёстой.

-Уул уурхайдаа түшиглээд бусад салбараа хөгжүүлсэн жишээ өчнөөн байх…?

-Байлгүй яахав, жишээ нь тогтвортой хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх боломж бий. Орон нутагт уул уурхайгаас хамааралгүй хөдөө аж ахуйг хөгжүүлчихвэл уул уурхайн компаниуддаа бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй. Уул уурхайн компани ажиллахаа больсон ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж, илүү гарсныг нь экспортлох чадвартай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. “Рио Тинто” гэхэд л Австралид төмрийн хүдрийн уурхайгаа түшиглэж хөдөө аж ахуйн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Уурхайд хэрэглэсэн усаа цэвэршүүлээд малын тэжээл ургуулах бизнесийг дэмжсэн амжилттай жишээ бий. Иймэрхүү ижил төстэй төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх сонирхол “Рио”-д байгаа байх.

-Гадаадын хөрөнгө оруулалт орон нутагт ч үр ашгаа өгөх ёстой гэж та түрүүн ярилаа. Манай улсын хувьд энэ тал дээр дутмаг тал анзаарагддаг. Бодлогын хэмжээнд анхаарах зүйл байна уу?

-Австрали холбооны Засгийн газартай. Уул уурхайн чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, хууль нь муж, мужаараа ялгаатай. Гэхдээ байгаль орчны чигийн хуулиудын тухайд улс даяар ижил байх бодлого барьдаг. Уул уурхайн чиглэлийн компаниуд орон нутагт хандив тусламж өглөө гэхэд холбооны улсын татварын хуулиар зохицуулах жишээний. Австрали улс орон нутагт тусламж дэмжлэг үзүүлсэн компаниудад эргээд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ бодлого компаниудын орон нутагт хандив өгөх урмыг сэргээж өгдөг. Мэдээж би бүгдийг ойлгосон гэж хэлэхгүй, гэхдээ Монголын хувьд өөр бодлого барьдаг гэж ойлгосон. Донрын янз бүрийн тусламж үзүүлдэг байгууллагуудын дагаж мөрдөх ёстой татварын хууль нэлээд чанга талдаа гэж анзаарагдсан. Тухайлбал, танай улсад компаниудын орон нутгийн хөгжилд зориулан өгч байгаа хандив тусламж татвараас чөлөөлөгддөггүй хуулийн зохицуулалт үйлчилдэг.

-Манай улсын нөөц ихтэй ордууд стратегийн гэсэн ангилалд багтдаг. Тэр ордуудад төрийн оролцоо өндөр байдаг. Ер нь уул уурхайн бизнест төр оролцох нь хэр зөв хандлага вэ. Австралид төр нь уул уурхайн бизнестээ оролцдог жишээ байна уу?

-Австралийн хувьд эдийн засгийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол эдийн засгаа нээлттэй байлгах гэдгийг ухаарсан. Тийм учраас манай улсад төрийн оролцоотой компани байхгүй. Төр нь тодорхой хэмжээний хувь эзэмшдэг уул уурхайн компани байхгүй. Төрийн нислэгийн компанитай байснаа хувьчилсан. Төмөр зам, далайн тээвэр, арилжааны банк ч ялгаагүй, бүгд хувийнх. Австралид гадаад, дотоодын компани гэж ялгадаггүй. Бүгдэд адил дүрэм журам үйлчилдэг. Цаашид ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ монголчууд өөрсдөө хэнээс ч илүү мэдэж байгаа. Уул уурхайн салбартаа ямар алдаа хийв гэдэг асуудлын хамгийн сайн шүүгч нь мөн л монголчууд өөрсдөө. Монголын нэг олзуурхам зүйл нь ардчилал маш сайн бэхэжсэн. Хүмүүс нь үзэл бодлоо нээлттэйгээр солилцож, маргаан мэтгэлцээн өрнүүлж чаддаг. Зөв шийдвэрт хүрэх механизм нь байгаа гэсэн үг.

-Монголд хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр хийх зүйл их байна гэж та ярьсан байсан. Энэ салбаруудад яг ямар боломжууд харагдаж байна вэ. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий гэж ойлгож болох уу?

-Олон улсын байгууллага, Монголын Засгийн газар, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, Монголын бизнесмэнүүдийг нэгтгэж хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бий. Гэхдээ төр, хувийн хэвшлийг хамтын оролцоог бий болгоход хугацаа шаардагддаг. Одоогоор Австралийн Засгийн газраас Монголд орж ирж байгаа хөгжлийн тусламжид хөдөө аж ахуйн салбарт зориулсан мөнгө төсөвлөгдөөгүй. Австралийн хувьд төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр нэлээд чармайж ажилласан. Гадны улсад үзүүлдэг хөгжлийн тусламжийн мөнгөнөөсөө нэлээд танаад байгаа. Монголын хувьд гол гэж үзсэн хоёр салбарт тусламж үзүүлж байна. Нэг нь Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр. Нөгөө нь боловсролын салбарт хэрэгжиж байгаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр.

-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт ихэвчлэн төрийн албан хаагчид хамрагдаад байх шиг анзаарагддаг. Австралид сурах сонирхолтой хувийн хэвшлийн залууст боломж хэр байдаг вэ?

-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд зөвхөн төрийн албанд ажилладаг хүмүүст зориулсан тэтгэлэг биш. Энэ тэтгэлэг Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1992 оноос эхлэлтэй. Монголд өрнөсөн ардчилал дэлхий дахинд сюрприз болсон. Тухайн үед ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон Монголыг яаж дэмжих вэ гэдэг хэлэлцүүлэг Австралид өрнөсөн. Эцэст нь Монгол гэдэг улсыг цааш нь удирдаж авч явах хүмүүсийг нь боловсролоор дэмжье гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр магистр, докторын түвшний сургалтад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хамруулах хэлбэрээр эхэлсэн. Эхэндээ төрийн албаныхныг түлхүү хамруулсан ч яваандаа хувийн салбарынхныг ч шалгаруулах болсон. Одоогоор Австралийн Засгийн газрын тэтгэлгээр хувийн болон төрийн албанд ажиллаж байгаа 400 гаруй хүн суралцаад байна. Хувийн зардлаараа суралцсан хүмүүсийг нэмбэл 6000 гаруй монгол хүн манай улсад суралцсан байдаг юм. Австралид сураад ирсэн залуус Монголын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаад баяртай явдаг. Австралид төгссөн монголчууд Mozzies нийгэмлэг гэж байгуулсан байгаа. Ийм том нийгэмлэг Монголд байгуулагдчихсан үед сайдаар ирсэн нь миний хувьд аз завшаантай хэрэг. Дашрамд хэлэхэд, хоёр дахь үеийн Mozzies-ууд гараад ирчихсэн. Австралид боловсрол эзэмшсэн, Австралид амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд манай улсад боловсрол эзэмшиж байна. Үнэхээр талархууштай хэрэг шүү. Австралид суралцсан монголчууд бидний хувьд хамгийн том Элчин сайдууд. Бас хүүхдүүд нь ч гэсэн (инээв).

Монголчуудын англи хэлний чанартай боловсрол авахаар сонгодог улсын дотор Австрали АНУ-ын дараа хоёрт жагсдаг. Энэ бямба (маргааш) гарагт гэхэд л “Хил хязгааргүй Австрали” гэдэг боловсролын үзэсгэлэн болох гэж байна. Австрали болон дэлхийд нэлээд дээгүүрт ордог 15 их сургуулийн төлөөлөгч ирнэ. Австралид сурах сонирхолтой хүмүүс сургуулиудаас нь шууд мэдээлэл авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

-Австралид ажиллах сонирхолтой монголчууд олон бий. Ийм хүсэлтэй хүмүүст визний хувьд хөнгөлөлт ч юм уу, тодорхой дэмжлэг үзүүлэх боломж хэр байгаа вэ?

-Оюутнуудын хувьд санхүүгийн чадвараа баталбал гэр бүлээ аваад явж болдог. Австрали гадаадын оюутнуудад долоо хоногт тодорхой цагаар ажиллах зөвшөөрөл өгдөг. Хичээлээ гүйцээд шалгалтуудаа сайн өгөөд байвал сурахынхаа хажуугаар ажиллаж болно гэж Австралийн Засгийн газар үздэг. Манай тогтолцооны хүмүүсийг илүү ихээр татдаг элемент нь энэ болов уу. Австралийн хувьд ажиллах болон амрах гэсэн визний төрөл бий. Жуулчны визтэй төстэй ч жуулчлангаа ажил эрхлэх боломжоор хангадаг юм. Австрали улс энэ визийг нэлээд олон оронд хэрэгжүүлдэг. Монголын хувьд хамрагдах боломжтой. Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Мэдээж хоёр талд ижилхэн боломж үйлчлэх хэрэгтэй. Австраличуудад ч ийм боломжийг өгөх учиртай гэж бодож байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзахдаа энэ саналыг тавьсан. Дараа жил юм уу, хоёр жилдээ багтаагаад шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж болно гэсэн хариу хэлсэн.

-Монголд ирээд төрсөн хүчтэй сэтгэгдлээ хуваалцаач?

-Монголд ирсэн хүн бүрд хүчтэй сэтгэгдэл төрдөг байх шүү. Би өмнө нь Монголоос гадна Япон, Солонгосын хойгийг хариуцаж ажилладаг байсан юм. Хариуцдаг улсын хувьд танай оронд өмнө нь дүн өвлөөр ирж байсан. Монголын өвөл ямар хүйтнийг ярих юм биш. Би Монголд ирэхээс өмнө энэ ертөнцийн хамгийн хүйтэн газрыг Берлин гэж боддог байсан шүү (инээв).

-Таныг монгол хэл сурч байгаа гэж сонслоо. Хэр хэцүү санагдаж байна?

-Би хоёр мэргэжилтэй. Эхний мэргэжил маань инженер. Дараа нь хэл шинжээчийн мэргэжил эзэмшсэн. Монгол хэл сурахад хэцүү байна. Гэхдээ мэргэжил маань хэл шинжээч учраас их сонирхон сурч байгаа. Би японоор ярьдаг. Япон хэлтэй хэлнийх нь үндэс нэг учраас сурахад харьцангуй амар юм. Япон хэлний авиа зүй хялбархан байдаг. Англи хэлийг японтой харьцуулбал бага зэрэг хүндрэлтэй. Гэтэл монгол хэл их өөр. Англи хэлэнд ч байдаггүй маш олон авиа, дуудлага байна. Үг бүр нь хэцүү санагдаж байгаа шүү (инээв). Монгол хэлийг өвөрмөц, сонирхолтой сонсогдуулдаг нэг зүйл байна. Хоолойн лх гэх мэт хоёр гийгүүлэгчийг нийлүүлж хэлэхээр гардаг авиа. Монгол хэлний характерыг ямар нэг зүйлтэй зүйрлээч гэвэл би уурын зүтгүүр шиг гэнэ. Яруу найраг сонсохоор ямар мэдрэмж төрдөг билээ, яг тэгж сонсогддог хэл юм. Миний хувьд танай улсын хэл голын урсгалын чимээг сонсч байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Ер нь нүүдлийн соёлтой улсын хэл үүсэл хөгжлийн баялаг түүхтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *