Бутан улсын Тимпу хотноо энэ сарын эхээр Бодибилдинг фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. 50 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин оролцсон юм. Тивийн шилдгүүд оролцсон олон улсын тэмцээнээс манай бүсгүйчүүд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж амжилттай оролцсон тухай манай сонин мэдээлж байсан билээ. Тэдгээрээс хамгийн түрүүнд “Perfect Body” клубын тамирчин Г.Гансаруул медалийн салхийг хагалсан. Тэрээр эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 килограммын жинд түрүүлж Ази тивийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.
Г.Гансаруулыг Ази тивийн аварга болоход нэг хэсэгтээ л фэйсбүүкээр шуугисан. Яагаад бодибилдингээр хичээллэх болсон түүх нь сонин. 2011 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараахан. Нэг хүн түүнийг “Тогоо шанага хангинуулж, гэрийн мухар сахихаас өөр ид шидгүй бүдүүн” хэмээн хэлжээ. Эргээд бодоход ингэж хэлсэн хүн харин ч бүсгүйг хурцалж өгсөн байна. Өөрийгөө дайчилж чадсан бүсгүй ч мундаг. Хүүхдээ төрүүлээд удаагүй байсан тул энэ үгэнд Гансаруул эмзэглэснээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Ингэж хэлсэн даруйд өөрийгөө толинд хартал том гэгчийн бэлтгэлийн өмд, футболк өмссөн нэвсийсэн амьтан харагдсан гэнэ. Тэр мөчид л “Намайг яаж өөрчлөгдөхийг хараарай” хэмээн өөрөө өөртөө хэлжээ. Ингээд л хоёр хүүхдээ дагуулаад фитнесст явж эхэлсэн. Хамгийн түрүүн хүүхдээ хөхнөөс нь гаргаж, ямар дасгал хийх ёстойгоо ч мэдэхгүй алим идээд, тараг уугаад гүйдэг байжээ. Ээж нь гүйлтийн зам дээр байх хооронд бага хүүхэд нь тэргэндээ угжаа хөхөөд, том нь өөрийгөө саатуулаад л тоглоно. Хоёр хүүхэд нь бага байсан болохоор эхэндээ гэр бүлийн хүн нь тийм ч дуртай байгаагүй гэдэг.
Бэлтгэл хийж эхлэхэд амаргүй байсан тухайгаа Азийн аварга маань ярьсан байдаг. Ингээд нэг жилийн дараа мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн юм. Г.Гансаруул 2011 оноос бодибилдингээр хичээллэсэн бөгөөд богино хугацаанд амжилтанд хүрсэн. Анх 2013 онд Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний модель, фитнесс гэсэн хоёр ангилалд хүчээ сорьж мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Түүнээс хойш тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцсоор ирэв.
Өнөөдөр түүнийг харахад 104 кг жинтэй байсан гэдэгт итгэхийн аргагүй. Азийн аварга бүсгүй маань ирэх арваннэгдүгээр сард Тайландад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тус тэмцээнд Монголоос 20-иод тамирчин оролцох аж. Түүнээс зургаа нь эмэгтэй. Харин Азийн аварга Г.Гансаруул маань энэ удаад атлетик ангилалд хүчээ сорино. Яг одоо жин хэд байгааг сонирхоход 59 кг хүрчихээд байгаа гэнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд амарсан тул жин нь нэмэгдсэн аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 53 кг хүртэл турах юм. Тэгвэл булчин нь улам гоё харагддаг аж.
Дашрамд дурдахад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид маань бүх зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Азийн аварга болоод ирэхэд нь төр, засгаас ямар нэгэн урамшуулал өгөөгүй гэнэ.
Азийн аварга Г.Гансаруул дэлхийн шилдгүүдтэй хүч сорихоор бэлтгэлээ хийж байна. Аварга болж Төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй нулимсаа дуслуулж байсан бүсгүйдээ дэлхийн тавцан дээр Монголынхоо нэрийг дахин гаргахыг ерөөе.