Шинээр томилогдсон сайд нараас ярилцлага авна гэдэг амар ажил биш болжээ. Танай яамны хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил ард түмэнд яаж хүрэх вэ гэдэг талаар ярилцлага авъя гэхээр түмэн шалтаг тоочоод зугтахаа урьтал болгоно.
Саяхан манай нэгэн сэтгүүлчид тохиолдсон явдлаас үзэхэд эрх баригч намын хүнд суртал хэрээс хэтэрчээ. Хүнд суртал гэх ч бас тохиромжгүй мэт. Учраа олоогүй, ажлаа мэдэхгүйгээс тэгдэг ч байж болох. Хэрэв тийм бол Монголын ард түмнээс уучлал гуйгаад үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ.
Дээрх сэтгүүлчийн нэрийг Э гэе. Түүнд тохиолдсон явдлыг эх сурвалжаас нь тодруулбал, Ж.Мөнхбат сайдтай ярилцлага хийх даалгавар сонины редакциасаа авч, энэ тухайгаа сайдад уламжилжээ. Хэд хоногийн дараа “хүрээд ирээрэй” гэсний дагуу очиж, өдөржин Ж.Мөнхбат сайдыг хүлээж. Бүтэн өдрийн турш өрөөнийх нь үүдийг сахиж, аргаа бараад ажил руугаа яваад ирж. Дөнгөж ажил дээрээ ирээд байтал нь өнөөх сайдын туслах утасдаад “Дарга өрөөнд ороод ир гэж байна, хурдлаарай” гэж гэнэ. Бүтэн өдрийн хүлээлтээ талаар болгохгүйн тулд мань сэтгүүлч ч чавхдаад очиж. Тэгсэн мань сайд “Чи твиттер, фэйсбүүк дээрээ элдэв янзын юм бичлээ” гээд учиргүй уурсан, сэтгүүлчийг бүтэгнүүлэн загнаж зандарч гэнэ. Ядаж сайд хүнд хаана хэнд юу хэлэх вэ гэдгээ мэддэг хувийн ёсзүй баймаар юм. Тийм ч юм алга бололтой. Уг нь ардчилсан засгийн үед фэйсбүүк дээрээ байтугай ямар ч сэтгүүлч шүүмжлэл бичихэд хэн нь ч ингэж “Турсагыг нь чинь хуулна” хэмээн аашилж байгаагүй юмсан.
Тэр ч байтугай Ж.Мөнхбат сайд “Чи тэгж их ярилцлага авах гээд байгаа юм бол асуултаа бичгээр өг. Би харж байгаад хариулахад нь хариулна” гэсэн аж. Өөрийн тааллаар, өөртөө тааруулж төрийн ажил хийх гэдэг яасан сүрхий сайд гуай вэ, энэ хүн. Магадгүй өөрийнх мэдэхгүй, эрх ашиг нь зөрчигдчихөж мэдэх асуултад хариулахгүй байх нь л дээ. Тийм л юм бол “Та хариулахгүй ч байж болно” гэдэгт ормоор.
Энэ удаа эрхэм сайд уг сэтгүүлчийг таньдаг болоод дуудаж чадаж. Таньдаггүй жиргээчийг одоо яах юм бол. Тагнуулын ерөнхий газраа ажиллуулах юм болов уу.
Эрхэм сайд ярилцлага, мэдээлэл өгөхийгөө нэг их ард түмнээ гийгүүлэх гэж байгаа аятай бодох хэрэггүй баймаар. Засгийн газар болоод сайдууд нь ямар ажил хийж байгаа тухай ард түмэн мэдэх эрхтэй. Засгийн газар ч үүнийгээ мэдээлэх үүрэгтэй. Хэнд ч, юунд ч ярилцлага мэдээлэл хийдэггүй, ард түмнээрээ хянуулах гэдэггүй танхай, дээр нь харилцсан сэтгүүлч нарын толгойг хяргачих гэсэн сайдтай болсон бололтой, бид. Сошиалын нөхөддөө анхааруулахад Мөнхөө сайдын тухай жиргэж болохгүй юм байна шүү. Толгойгоо авахуулах гээгүй бол шүү дээ.
З.Сонин