Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газрын хуралдаан одоо явагдаж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт хийх, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа” хэмээв.

Мөн Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгажээ. Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгасан аж. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. Мөн Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *