Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулахад Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.

Хатагтай Габрила Спирли, Швейцарын хөгжлийн агентлаг нь нийслэлтэй хамтран төрийн захиргааны шинэчлэл, төвлөрлийг сааруулж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дурьдаад, мэргэжлийн боловсролын сургалтын шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төсөл хөтөрбөрүүд дээр ажиллаж байгаагаа дурьдлаа. Мөн энэ хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж шинэ шатанд гаргах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Швейцарын Хөгжлийн агетлагийн Бээжин дэхь байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой туршлага нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлоод энэ багийг Улаанбаатар хоттой хамтран ажиллаж туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд түүний ажил хэрэгч санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд, хамтын ажиллагаа улам илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Улаанбаатар хотод гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг. Тиймээс ийм сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулах, үр дүнг нь хэлэлцэх томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *