Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн гэх ба түүнийг хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ. Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Улмаар талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хатаасан ургамал хэрэглэсний дараа нас барсаныг тогтоожээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба талийгаачийг нас барахаас өмнө хамтдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан гэх хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байна. Хэрэг гардаг өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны … тоот хорооллын гадна талбайд Улаанбаатар хотын харьяат 17-18 насны гурван эрэгтэй хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын ургамал татаж мансуурчээ. Мансуурсны дараа 18 настай эрэгтэй Т-ийн гар хөл татаж газарт уналж, удагүй ухаан алдсан аж. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ авалгүй нас барсан ажээ. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба сэжигтнүүдийн хэрэглэж байсан мансууруулах ургамлыг хаанаас хэрхэн олж авсан талаар мөрдлөгө явуулж эхэлжээ.
-ХАР ТАМХИНЫ ХАМГИЙН ЗАЛУУ ХЭРЭГЛЭГЧ 13 НАСТАЙ-
Манай улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ нэгэнт хяналтаас гарч байнгын хэрэглэгч нарын тоо 70 мянгад хүрээд байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, худалдсан, тээвэрлэсэн гэх хэргүүд эрс нэмэгдсэн тухай албаныхан мэдээллэж буй. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусад төрлийн хэргийг бодвол нэг хэрэгт холбогдох хүмүүсийн тоо хамгийн багадаа гурав түүнээс дээш хүмүүс хамтран оролцсон байдгаараа илүү хор хөнөөлтэй байдаг аж.
Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан долоон иргэнийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж баривчилсан байдаг. Энэхүү хэрэгт 18 настай хоёр эмэгтэй холбогдсон байдаг ба хар тамхины хэрэглэгчийн нас улам бүр залуужиж байгаа нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.
Хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдаж шүүх хурлаар хэргээ шийдүүлж байсан хамгийн залуу хар тамхичин 15 настай эрэгтэй байсан ба хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, хар тамхины хамгийн залуу хэрэглэгч нь 13 настай байсан гэх мэдээлэл бий. Ийнхүү хар тамхинд донтогсдын нас эрс залуужиж байгаа шалтгааныг эцэг эхийн анхаарал халамж сул, хүүхдүүд архи согтууруулах ундаа хэрэглэж эцэг эхдээ баригдахаас айж хар тамхи хэрэглэдэг болсон гэх шалтгаантай холбон тайлбарлаж байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж байгаа болон хүүхдийн зан харилцаанд өөрчлөлт орж байгаа эсэхэд эцэг эх асран хамгаалагч нар анхаарал тавьж байхыг хуулийн байгуууллагаас санууллаа.