Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс “Монголын багш нарын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, ЮНЕСКО-гоос “Дэлхийн багш нарын өдөр”-ийг 1996 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан бөгөөд 2012 оны энэ өдрийг “Багшийг дэмжье” уриан дор тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Харин энэ жилийн багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Монголын багш нарын холбоо”-ны төлөөлөл БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад холбоог төлөөлж, “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Н.Болд, гүйцэтгэх захирал Д.Цэцэгээ, “Монгени” сургуулийн захирал Н.Лхагва нар оролцов.
Салбарын сайдын зүгээс “Монголын багш нарын холбоо”-г Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэж, түүнийгээ БСШУСЯ-нд хүргүүлэх нь нэгдсэн байдлаар тус арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж үзлээ. Энэ жил Монголын багш нарын 90 дэх өдөр тохиож байгаа юм.