Categories
мэдээ нийгэм

Зохиолч уншигчдыг нэгэн дор уулзуулдаг номын үзэсгэлэн болж байна

Номын үзэсгэлэн төв талбай дээр болж байна. Энэ жилийн үзэсгэлэн урд урдахаасаа өргөн дэлгэр олон байгууллагууд оролцож байгаагаараа онцлог байлаа. Зохиолчдыг уншигчтай нь уулзуулдаг номын үзэсгэлэн гардаг болсоор удаж хүмүүс ч хүсэн хүлээдэг болжээ. Энд бүх номууд дэлгүүрийн үнээс 30-40 хувь хямд зарагддаг учир иргэд дуртай байдаг юм. Ингээд намрын налайсан шаргал наран доор уншигчдынхаа өмнө үүцээ дэлгэж байгаа зохиолчдын зарим асраар орж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Зураач Р.Батцэнгэлтэй уулзлаа. Тэрбээр хүүхдүүдэд зориулж зурагт “Нууц товчоо” номоо эрхлэн гаргажээ. Номынхоо бүх зурагнуудыг өөрөө зуржээ. Ингээд түүний сэтгэгдлийг хүргэе.

Р.Батцэнгэл: Уламжлалт номын баяр их сайхан болж байна. Хүмүүс хүлээж байгаад ирж оролцдог болсон байна. Хамгийн гол нь номын зохиогч болоод ном уншдаг хүмүүсийг хооронд нь уулзуулдаг арга хэмжээ болж чаджээ. Би хоёр төрлийн ном зарж байна. “Монголын нууц товчоо” түгээмэл эхтэй, зурагтай нь хэвлүүлсэн. Англи болоод монгол хэлээр гаргасан. Монгол нь 45.000, англи нь 70.000 гэж байна. Хүмүүс маш их сонирхож байна. Эцэг эхчүүд, өвөө эмээ нар их сайн мэддэг болсон. Хүүхдийн номын сангийн хамгийн эрэлттэй ном болсон шүү дээ. Сургуулийн хүүхдүүдэд “Нууц товчоо” гээд хичээл ордог. Тиймээс уран зохиол, түүхийн багш нар их авч байна. Ангиараа ирээд авдаг. 5-аас 8 дугаар ангийн хүүхдүүдэд ордог багш нарт хичээлээ заахад нь илүү амар болж байна гэж ярьж байгаа. Мөн гадаад хүмүүс их сонирхож байна. Яг авъя гэхээр тэдэнд юм байдаггүй юм байна. Гадаадад амьдардаг хүмүүс их авч байна. Яагаад гэвэл хүүхдүүд нь гадаадад сурдаг учир монгол хэл соёлоо мэдэх гарын авлага хэрэгтэй болчихож. Анх энэ номыг бүтээх болсон санаа маань багш нар “Нууц товчоо”-г хүүхдүүдэд ойлгуулах гээд аргаа барж байна гэж үглээд байхыг сонссон. Тэгдээд би өмнө нь ч энэ талаар зурж үзэсгэлэнгээ гаргаж байсан учир ном болгочихвол ач холбогдолтой юм байна гэж бодоод бүтээх болсон.

Яруу найрагч Х.Сүглэгмаа: Үндэсний номын 20 дахь удаагийн баярт анх удаагаа оролцож байна. Яруу найргийн “Хатан салхины сэвшээ”, “Хайрын гүмүда” гээд номнууд, “Бодь гөрөөсний зүүд”, “Амрагийн дарс” гээд хос цомог маань саяхан мэндэлсэн. Эдгээр номнуудаараа энэ үзэсгэлэнд оролцож байна. Уншигчидтайгаа уулзаад сайхан байна. “Бодь гөрөөсний зүүд” номыг маань гаргахад “Лавайн эгшиг” радиогийн хамт олон хамтарч ажилласан. УГЗ Чулуунбат, МУГЖ Равдан, Чаминчулуун зэрэг монголын сор болсон сайхан хоолойтой хүмүүс шүлэг найргийг маань мөнхөлж үлдээсэн байгаа. “Амрагийн дарс” цомог маань арай залуу хүмүүст зориулсан гэхэд болно. Хайр сэтгэлийн тухай цомог байгаа. Энэ цомгийг маань СУИС-ийн ярих урлагийн тэнхимийн “Утга яруу” хамтлагийн уран бүтээлч, жүжигчид уншсан байгаа. Мөн би хоёр цомогтоо шүлгүүдээ өөрөө уншиж оруулсан байгаа. Хоёр ном маань давхар монгол бичгээр хадагдсан байгаа. Яруу найргийн ном, цомог өгүүллэг романыг бодвол зардагдах нь бага байдаг гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд нэгэн үнэлэмж байдаг. Миний бодол, шаналалаас гарсан бүх зүйл, оюуны бүтээл гэдэг утгаараа доогуур үнэлэхгүй. Дэлгүүртээ зарагдах үнэ нь 20.000 гэж байгаа. Энд бол 30 хувийн хямдралтай худалдаж байна.

Ном сонирхогч Б.Бүрнээбаатар: Жил бүр Ерөнхийлөгчийн зарлигийн дор ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баяртай байна. Номнууд бүгд 30 хувиар хямдарсан байна. Би ажилтай болохоор жил болгон ирж чаддаггүй. Энэ жил бүр зорьж ирлээ. Болж өгвөл жил болгон л ирээд баймаар юм байна. Энд хуучин ном ч байна. Шинэ номнууд ч байна. “Монголчууд” номыг авлаа. Номын дэлгүүртээ 65.000 гэдэг. Энд бол 39.000 л гэж байна. Би ерөнхийдөө түүхийн ном л сонирхож ирдэг. Тухайлбал “Сэрсэн зууны түүх” гэхэд л монголын түүхийг зургаар өгүүлсэн, тайлбартайгаа байна. Гэхдээ бас бодууштай юм байна. Тэр буланд хоёр охин номоо тавьчихсан зарах гэсэн чинь болохгүй, наана чинь зөвшөөрөлтэй улсууд зогсдог юм гэж байна. Заавал зөвшөөрөл авдаг юм шиг байна. Уг нь санаачилгаараа хүмүүс ирээд номоо тавьдаг бол зүгээр юм. Номын баяр л юм чинь. Бас номын солилцоо хийдэг байвал зүгээр байна. Хуучин номнуудаа бие биетэйгээ солилцдог байгаасай гэж хүсч байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *