(Man is a genius when he is dreaming)
Далаад оны үед Улаанбаатар
хотыг “Гений жүдо” хэмээх япон кино байлдан дагуулж байлаа. Сугато Санширо гэдэг
гол дүрийг тухайн үеийн хотын атаманууд бүгд дууриан алгаа тэнийлгэж үсрээд л. Дараа
нь “Дэрсү Узала” дэлгэцнээ гарч Акира Куросава
гэдэг нэр монголчуудад танил болж ирсэн. Дэлхийн шилдэг тавин кино найруулагч дотор
багтдаг цорын ганц ази уран бүтээлч Акира
Куросаватай хаалттай нийгэмд амьдарч байсан монголчууд тэр олон жилийн өмнө ийнхүү
танил болж байсан гэхээр яах аргагүй дэлхийн сор болсон нэгэн тэр мөн байх нь.
1910 оны гуравдугаар
сарын 23-нд Токиод төрж 88 жилийн дараа мөн л энэ хотдоо мөнх бусыг үзүүлсэн Японы
шилдэг кино найруулагч, зохиолч, продюсер Акира Куросава дөрвөн хүүхэдтэй айлын
хамгийн бага нь байлаа. Том ах Хэйго нь кино үзэх тун дуртай тул бага дүүгээ дагуулж
явсаар кино урлагаар “өвчлүүлсэн” гэдэг. Даанч энэ ах нь Акираг бага байхад нь амиа
хорлосон бөгөөд удалгүй дунд ах, эгч нар нь өвчнөөр нас барж тэр ганцаар үлдсэн
гэх юм. Багадаа сайн зурдаг байсан ч тэр хоббигаа дагалгүй кино урлагт урваж хорин
настайдаа Кадзиро Ямамото найруулагчийн туслахаар «Photo Chemical Laboratories»
кино студид ажилд оржээ. Долоон жил туслахаар ажиллаж овоо туршлагажсны дараа анхны
кино зохиолоо бичсэн нь нөгөө “Гений жүдо” юм шүү дээ. Хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж
байсан 1943 онд тайзнаа анх гарсан тус кино хожмоо таван удаа яг энэ зохиолоороо
өөр, өөр найруулагчийн гар дор шинэчлэгдэн гарснаас 1965 оны хувилбарыг нь монголчууд
үзэж каратэ, жүдогийн тухай эхний ойлголтоо авч байжээ. Үүнээс хойш 57 жилийн туршид
гуч гаруй киног Акира Куросава бүтээсэн агаад тэдгээрийн ихэнх нь дэлхийн кино урлагийн
санд хосгүй бүтээл хэмээн хадгалагдан үлдсэн байдаг.
1950 онд өөрөө бие даан найруулж
дэлгэцнээ гаргасан хар, цагаан өнгөтэй «Расёмон» хэмээх кино нь түүнийг дэлхийд
таниулаад зогсоогүй Японы кино урлаг, дайны хар сүүдрийг даван гарч боссон, ертөнцөд
өөрийн гэсэн өнгөтэй шинэ чиглэлийн урсгал гаргаж ирлээ гэдгээ зарлажээ. Юугаараа
тийм онцлог байсан билээ гэж гайхаж магадгүй. Тэр жилийнхээ “Оскарыг” гадаад хэл
дээрх шилдэг кино хэмээн хүртэж байсан уг бүтээл жүжигчдийг хир буртагтай нь, эргэн
тойрныг нь шороо, тоостой нь амьдралд ойрхон маягаар дүрсэлсэн ажгуу. Ер нь Куросавагийн
кинонуудын дүрслэл хойшдоо ч ийм маягаар зураг авалтаа хийдэг болсон. Тэр жүжигчидтэйгээ
нилээн ширүүн харьцдаг, самурай ч юм уу дундад зууны үеийн Наран улсын тухай зураг
авалт хийж байгаа бол гол дүрүүдийгээ долоо хоногоор ч хамаагүй жүжиглэлтийнх нь
хувцастай хонуулж унтуулдаг нилээн “ширүүн гар” байжээ. «Расёмон» кинотеатруудад
гарснаас хойш нэг их удалгүй “Долоон самурай” нийтийн хүртээл болж дахиад л хувьсал
хийлээ. Учир нь тэр үед Америкт вестэрн кинонууд их эрэлт хэрэгцээтэй, олныг байлдан
дагуулдаг байж л дээ. Үсээ тослосон, гял цал хувцастай царайлаг залуус буу шийдэм
агсан нутгийн иргэдийг хүйс тэмтэрсэн кино Америкийг эзэгнэж байхад “Долоон самурай”
гарсан. Санаж байгаа биз дээ, энэ гайхамшигтай киног. Бороотой, шавар шавхайтай
зууралдсан бохир тосгоны замаар туранхай эцэнхий гэхдээ баатарлаг долоон самурай
ядуу тариачдыг дээрэмчдээс өмгөөлөн тулалдаж үрэгдэж буй үйл явдалтай кино юм шүү
дээ. Дараа нь америкчууд вестэрн хийхдээ бүтэн өдөр морьтой давхисан хүний ядаж
царай нь шороонд дарагдах ёстой юм байна, гол дүр нь үрэгдэж болдог юм байна,барилга
байшин нь яажигий байх хэрэгтэй юм байна, тэгж хийвэл үзэгчидэд илүү ойр, бодиттой
тусах юм байна хэмээн ухамсраа өөрчилж эхэлсэн гэх. Достоевский, Шекспир, Горький
гээд лут зохиолчдын бүтээлүүдээр “япон аялагатай” хэдэн сайхан кино гаргасны дараа
та бидний сайн мэдэх “Дерсу Узала”-г дэлгэцнээ амилуулж хоёр дахь “Оскар”-аа хүртлээ.Тувагийн
жүжигчин Максим Мүнзүк гол дүрд нь тоглосон уг кино Акира Куросавагийн анхны өнгөт
кино. Оросуудтай хамтарч хийсэн япон хэл дээр биш, 70мм-ийн плёнкан дээр авсан өргөн
дэлгэцийн цорын ганц бүтээл нь болох “Дерсу Узала” 1975 онд дэлгэцэнд гарсан жилээ
кино урлагийн акедемиудын бүх шагналуудыг хамж байлаа. Гэтэл үүнээс хэдхэн жилийн
өмнө Акира сэтгэл зүйн гүн хямралд орж амиа хорлох дөхөж байсан юм шүү дээ. Нутагт
нь түүнийг олигтой ойшоож үздэггүй, “Европыг шүтдэг, япон уран бүтээлч биш” хэмээн
хажиглах, цаашлаад зарим нэг кино нь прокатад олигтой мөнгө олоогүй зэргээс шалтгаалан
тэр 1971 онд гучин удаа артерын судлаа зүсч амиа хорлохыг оролдох үед нь азаар ойрын
хүн нь олж хараад тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж байжээ.
Дэлхийн кино урлагийнхан
Куросавагаас, түүний киноноос тогтмол “хулгай” хийж ирсэн гэлцдэг. Энэ үнэний хувьтай.
“Долоон самурай” дэлгэцэнд гарсны дараа өчнөөн адил төстэй өрнөл бүхий кинонууд
“үйлдвэрлэгдснээс” дөмөгхөн нь Жон Стэржесийн “Гайхамшигт долоо”. 1961онд бүтээгдсэн
“Бие хамгаалагч” киноны дууриамал нь Италийн кино найруулагч Сэржио Леонегийн найруулж
Клинт Иствуд гол дүрд нь тоглосон “Сохор зоосны төлөө” кино. Бүр хамгийн сүүлийн
жишээ татхад “Дерсу Узала” бол Леонардо де Каприогийн гол дүрд нь тоглож мөрөөдлийн
“Оскар”-аа авсан “The Revenant” кинотой байгаль, дүр хувиргалт, хувцаслалт зэргээрээ
адилхан харагддаг юм.
Куросава япон хүн
гэхэд харцангуй өндөр нуруутай (182см) тул зураг авалтын үед бусдаасаа хамаагүй
дээгүүр хардаг, буланд зогсож байгаа нэгнийг хүртэл зандарч хашгираад зогсож чаддаг
байлаа гэж найзууд нь дурссан байна лээ.
Учир нь түүний эргэн тойронд байх зураглаач, зохиолч, гэрэлтүүлэгч гэх мэт хүмүүсээ
хольж сольдоггүй, тун чиг олон жил хамт ажилласан япончууд байсан тул тэдэн дотроо
Акира цойлдог байж дээ. Ер нь япон хүнд байдаг “нэг зангаараа” чанар түүний хувьд
хоосон үг байсангүй. Эхнэр Йоки Ягүчитайгаа 1944 онд бүтээсэн “Хамгийн үзэсгэлэнт”
киноныхаа зураг авалтын үеэр танилцаж ханилаад хорвоогоос хальтлаа холдоогүй юм
билээ. Тэр ерээд оны эхнээр сүүлчийн киногоо бүтээгээд нэг хэсэг продюсорын ажил
хийж байгаад идэвхтэй амьдралаас холдсон байх юм. Берлин, Москва, Канны кино наадмуудын
шагналуудыг “шуудайлж” алдарт “Оскар”-ыг гурван удаа атгасан ази хүн түүнээс өөр
огт үгүй. Хамгийн сүүлд 1990 онд кино урлагт оруулсан ач тусыг нь үнэлэн Америкийн
кино урлагийн акедеми “хүндэт Оскар”-аа гардуулах үед “Мөрөөдөж чаддаг хүнд л гоц
авъяас заяадаг юм шүү” гэж хэлсэн түүний үгээр Япон улсын түүхэн дэх хосгүй авъяаслаг
хүмүүний тухай товч өгүүлэлээ дуусгъя.
Д.БАТ-ЭРДЭНЭ