Categories
мэдээ нийгэм

Д.Бум-Эрдэнэ:Дэлхийд ямар аргаар бизнес явуулж байна тэр аргаар нь бид ажиллах хэрэгтэй байна

Монголын Маркетингийн холбоо, ММCG-с жил бүр зохион байгуулдаг “SMART-2016”маркетеруудын форум өнөөдөр “Blue sky”-д эхэллээ. Энэхүү үйл ажиллагааны эхэнд “Сonnected life” судалгааны талаар танилцууллаа. Интернэтийн сүлжээ дэлхий даяар тархаж хурдацтай хөгжиж байгаа энэ үед маркетингийн салбар хөгжих шинэ шинэ боломжуудыг авчирч байна. Маркетерууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн тэр агшинд, зөвхөн тэр хугацаанд зарж өнгөрөөх биш бараа бүтээгдэхүүнээ цаашид хэрхэн амьд байлгах вэ, хэрхэн амьдруулах вэ гэдэг тал дээр анхаарлаа ажиллуулж байх хэрэгтэй болжээ. Энэ ажиллагааг “Сonnected life” судалгаагаар хэрэглэгч бүртэй хэрхэн холбогдох вэ, яаж оновчтой холболт хийж борлуулалт болгон хувиргах вэ гэдэг олон асуултуудад хариулт өгөхөөр “Сonnected life” судалгааг 10 дугаар сард бэлэн болгох юм байна. Ингээд форумыг зохион байгуулагч ММCG судалгааны компаний гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.

-Маркетинг Монголд ямар түвшинд явж байна вэ, өнөөдрийн энэ үйл ажиллагаа ямар онцлогтой явагдаж байна?

-Судалгааны хувьд судалгаа санал болгодог загвар өөрчлөгдсөн байгаа. Бид судалгаанаас илүүтэй бизнес хөгжүүлэлтийн шийдлийг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл “Procter and gamble” ч юмуу “E-mart” зэрэг томоохон гадны компаниуд Монголд орж ирж байна. Тэгэхээр бид энэ брэндүүдтэй өрсөлдөхөөс өөр аргагүй болчихлоо. Тэгэхээр ямар аргаар бизнесийг явуулж байна, тэр аргаар нь л бид үзэхгүй бол хоцрогдсон аргаараа хадуур, тармуур бариад өндөр техникжсэн армитай үзээд байгаа юм шиг болоод байна. Тиймээс энэ зөрүүг арилгахын төлөө л байх хэрэгтэй. Тухайн бизнесийн байгууллагад дэвшилтэт арга техник, бизнесийн бүтээмжийн илүү эрсдэл багатай брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх шийдлүүдийг бид санал болгож байна. Үүгээрээ онцлогтой. “Смарт-2016” арга хэмжээ нь жил бүр зохион байгуулагддаг. Дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн гарч байгаа технологи шийдлүүдийг санал болгодгоороо онцлогтой арга хэмжээ юм. Маркетинг сонирхож байгаа болон маркетингийг өөрийнхөө амьдралдаа, бизнестээ ашигладаг бүх хүмүүс энд ирж мэдлэгээ шинэчилж байх ёстой үйл ажиллагаа юм.

-Гаднаас ямар хүмүүс энэ уулзалтад оролцож байгаа вэ?

Энэ жил манай компанийн хувьд МсCann гэдэг 25 жил дэлхийн олон улс оронд зөвлөхөөр ажилласан туршлагатай хүнийг урьж авчирсан. Энэ хүн тухайн брэндийг аль улс орон руу гаргах вэ гэдэг онцлогийг нь харж ажилладаг. Жил бүр энэ үйл ажиллагаандаа дэлхийн шилдэг зөвлөхүүдийг оролцуулахыг зорьдог.

-Монголын ямар брэндүүд дэлхийд гарч байна вэ?

Одоохондоо эхний шатны оролдлогууд хийгдэж эхэлж байна. Угаасаа жижиг зах зээл учир бидэнд гадагшаа гарахаас өөр арга зам байхгүй. Витафит гэх мэт үйлдвэрүүд эхнээсээ Япон, Солонгос улс руу гарч байна. Хамгийн сүүлд “E-mart”-н сүлжээгээр Витафит компанийн жүүс зарагдаж эхэлсэн гэж сонссон. Гэх мэтчилэн бид хэдэн биетэйгээ өрсөлдөх биш гарч үзэх хэрэгтэй. Тэр том зах зээлүүд рүү нийлүүлэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр зах зээлд хэрхэн ажилладаг арга хэрэгслийг суралцах хэрэгтэй юм.

-Монголчуудын маркетингийн мэдлэг хэр байдаг вэ?

-Бид бол нэлээн хоцрогдолтой яваа. Тэрийгээ ойлгож байгаа. Гэхдээ хурдацтайгаар хөгжиж байгаа хүмүүс л гэж хэлье дээ. Яг зэрэгцээд суухад бид гадны мэргэжилтнүүдээс ердөөсөө дутдаггүй. Хамгийн гол бидний дутуу юм бол хувь хүний чадварын гэхээс, системийн хоцрогдол байна. Систем нь хувь хүнээ ч хөгжүүлдэг байх ёстой. Гадаадад хүмүүс шөнө ажлаа зүүдэлж, өглөө босоод тэрийгээ хэрэгжүүлэхээр яарч тэмүүлж байна. Маркетинг бол бидний хамтын уралдаан.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *