Categories
мэдээ улс-төр

УБТЗ-аар10 сая тонн ачаа тээвэрлэхэд ашигтай ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцолсон. Тодруулбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аль алинд хамтарсан томоохон төслүүдтэй. Эдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох боломж бололцоо УБТЗ ХНН-т байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар 100 сая тонн тээвэрлэх ачаа байгаа тухай яригдсан. Үүнээс арван сая тонныг л УБТЗ-аар тээвэрлэхэд ашигтай ажиллах боломжтой аж.Олег Белозёров, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх болон тийм боломж байгаа талаар Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу УИХ-аас УБТЗ-ын хэрэгцээнд хэрэглэдэг дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсон юм.

Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров энэ татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа мөн онцолж байв. Дизель түлшинд ногдуулсан Онцгой албан татварын хуулийг анх батлахдаа ч, сая хүчингүй болгохдоо ч Монгол Улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд шийдсэн, манай улс аливаа татварын хуулийн өөрчлөлтийг дараа оны эхний өдрөөс мөрдөж эхэлдэг хуультай аж.

УБТЗ-ыг одоогийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр нь хадгалаад явах уу, эсвэл зах зээлийн нийгмийн онцлог, эдийн засгийн орчин нөхцөлдөө тохируулан компанийн засаглалын хэлбэрээр шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх үү гэдэг дээр хоёр тал шийдвэр гаргах цаг болсныг хоёр тал онцолж байлаа.

Мөн 1949 оны гэрээг өөрчлөх замаар УБТЗ орчин үеийн шаардлагад нийцэж бие даан хөгжих, олон улсад одоо байгаагаасаа илүү нээлттэй болох, тээврийн хэмжээ нэмэгдэх боломжийг нээж өгөх ёстой. Үүний төлөө хоёр талаасаа бодитой алхам хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *