Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн тухай Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хэвлэлийн хурал зарлаж, С.Зоригийн хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан эсрэг намын зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардлаа.
Хэвлэлийн хурлын эхэнд МУГЖ Д.Сосорбарам “Манай улсын нийгэм коммунист нөлөө, социалист схем, пашист хяналттай гурвалжин дунд оршиж байна. Хүний эрх, ардчиллын дархлаа бүрдээгүй юм байна. Зөв үйл хэргийн төлөө явсан хүнийг гүтгэдэг болжээ. Тэр гүтгэлгээ хүчээр биелүүлдэг юм байна. Анзаарч байхад коммунистууд Төрийн толгой дээр гарахаар гэмгүй хүнд хүчээр ял тулгадаг үйлдэл хийдэг болж. Өмнө нь 2000 онд хийж байсан. Харин энэ жил мөн адил хийж байна. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Энэ хүрээнд хуулийн тогтолцоонд нэн даруй шинэчлэл хийх шаардлагатай. Ямар ч гэм зэмгүй хүнийг нэр төрд нь халдчихаад шууд тулгаж ял хүлээлгэдэг. Ингэж ял хүлээлгэдэг болсноос болж тэр хүн үе удмаараа хохирч байна. Ийм бусармаг үйл явдалтай бид эвлэрэхгүй. Хууль хяналтын байгууллагууд чадамж, сэтгэлгээ муутай, хуучин арга барилтай удаан явлаа. Тухайлбал С.Зориг агсны гэргий Б.Булганг хорих хугацаанд хэрхэн тамлаж, зовоосныг бид мэдэхгүй юм. Энэ хүнд шууд ял тулгаж эсвэл энэ хэрэгтэй нэг хүний нэрийг шууд заачих гэж тулгаж байсан ч юм уу. Мэдэхгүй юм. Хууль хяналтын байгууллагууд ийм л хуучны явцгүй арга барилаар ажиллаж байна. Ардчилал, эрх чөлөөг авчирсны төлөө, Улаанбаатар хотыг дөрвөн жилийн дотор өнгөтэй өөдтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг шагнаж байгаа шагнал гэж ойлгох уу. Тийм ч учраас Ерөнхийлөгч, УИХ, эрх баригчид хандаж энэ хэрэгтэй холбоотойгоор хатуу шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа “Би АН-ын дарга Э.Бат-Үүл, талийгаач С.Зориг нартай найман жил ажилласан. Монгол Улсыг хөгжүүлэх талаар тухайн үед санал зөрөх юм их л байсан. Монголын төлөө 1990 онд бид бүгд хэрэлддэг байсан нь үнэн. Харин ажлаа тараад хүний ёсоор найзалж, жаргал зовлонгоо ярьдаг байлаа. Хувийн өс хонзон огт байгаагүй. Үүнийг бид нотолно.Ардчилсан холбоо маш хүлээцтэй. Юм бүхэн дээр далдганаж гарч ирдэг газар биш. Анхдагч нар маш хүлээцтэй 20 жил байсан. Улс орон учир зүйгээ олоход цаг хугацаа хэрэгтэй гэж бид хүлээж байсан. Бид нэг хөдөлбөл яг л 90 оных шиг босч чадна. Нэгийг нь хутгалж алаад, нөгөөг нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бүгдийг нь алаарай” гэлээ.