Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Ардчилсан намыг хохироох гээд ард түмнийг хохироож болохгүй

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Та Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр нэлээд чармайлт гарган ажилласан. Гэсэн ч олонхи болсон МАН-ынхан уг хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар болж байна. Уг хуулиудын хэрэгжих хугацаа хойшлох шалтгаан байсан юм уу?

-Эдгээр хуулиуд олон хүний олон жилийн хөдөлмөр байсан гэдгийг эхлээд онцолъё. Монгол Улс ардчилсан хувьсгал хийснээс хойш 26 дахь намартайгаа золгож байна. Монголчуудын амьдрал ахуйд тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг эл хуулиудаар зохицуулсан байсан юм. Гэвч олонхи болсон Ардын намынхан эдгээр хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар оруулж ирсэн нь хууль зүйн салбарын хувьдтомоохон ухралт боллоо. Засгийн газар хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Нэгэнт баталчихсан хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. МАН-ынхан өөр гаригаас ирсэн хүмүүс биш. Уг хуулийн талаар мэдэж л байсан. Өмнөх парламентын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь төрийн залгамж чанарыг хадгалсан чухал зүйл юм.

Батлаад өгчихсөн хуулийг хэрэгжүүлэхгүй ээ гээд ярьж байгаа энэ хүмүүсийг хараад гомдох ч шиг, уур ч хүрэх шиг болж байгааг нуугаад яахав. Энэ парламентад цоо шинэ хүмүүс ороод ирчихсэн юм биш. Урьдын парламентын гишүүдийн тэн хагас нь орж ирсэн. Хамгийн гол нь Монголын нийгмийн хүсэн хүлээж байсан эрх зүйн шинэчлэлийг гацааж, хойшлуулж байгаа нь цаашид буруу жишиг тогтоож байна. Товчхондоо хэн нь хэн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг.

-Гэхдээ та нар процессын хуулиудаа эцэслэж, хуулиудыг соёрхон батлаагүй. Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь сургалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байгаа юм билээ?

-Харин тэгж байна лээ. Энэ бол хууль хойшлуулах шалтгаан биш. Ердөө л шалтаг яриад байгаа байхгүй юу. Аль ч нам засгийн эрхэнд гарсан, хийх л ёстой ажлуудын нэг. Үүнийг улстөржүүлээд тэр тэгээгүй гээд байх шаардлага огт байхгүй. Батлаад өгчихсөн хуулийг үргэлжлүүлээд дараагийн ажил нь хийгдэж байх ёстой юм. Өмнө нь Засгийн газар байсан. Одоо ч Засгийн газар нь байж л байна. Тэр үед гишүүн байсан хүмүүс Засгийн газрын гишүүн гээд явж байгаа биз дээ. Ард түмэнд, Монголын нийгэмд зориулагдсан, монгол гэдэг үндэстнийг хууль эрх зүйн хүрээнд нэг алхам урагш хөтөлсөн ийм зүйлээс ухралт хийж байгаа нь ямар хүмүүс энэ төрд гарчихсан юм бэ гэж эргэлзэхэд хүргэж байгаа юм. Монголын шоронд ял эдэлж буй олон хүний эрх зүйн байдал уг хуулиудаар дээрдэх байсан. Дэлхийн жишигт нийцсэн хуультай болж, хууль зүйн салбараа урагш нь алхуулж чаддаггүй яачихсан хүмүүс юм бэ. Эрүүжсэн, шоронжсон хуульдаа ямар хайртай юм бэ. Хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн бол засч залруулаад явж болдог. Манай хөрш орнууд гэхэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа гаргачихаад 100 удаа өөрчилсөн байдаг. МАН-ынхны яриад байгаа зүйл ердөө л шалтаг. Хүн тоож авч хэлэлцээд байхаар ч шалтаг биш байсан, үнэндээ.

Энэ хүмүүс Монголын ард түмний төлөө ажиллах гээд байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Монголчууд үүнийг ялгаж, салгаад ойлгочих хэмжээний ухамсартай гэдгийг мэдэх л ёстой баймаар юм. Үнэхээр засч залруулахаар зүйл байгаа бол бага дээр нь засч залруулаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. Монголын ард түмэн, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж нэг өдрийн ч өмнө байсан хэрэгжих л ёстой байдаг. Гэтэл эд юун хойшлуулах юм яриад явна аа. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар нь салбарын сайд нь байна. Нэг сонин зүйл ярьсан нь олон хүн энэ хуулиудыг хүлээгээгүй гэж байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд чуулганы хуралдаан дээр тэгж мэдэгдэж байсан. Тэрийг хэлээд байна уу, та?

-Яг тийм. Олон хүн хүлээгээгүй. Цөөхөн 500 гаруй хүн гэдэг юм ярьж байна лээ. Үнэндээ хууль гэдэг чинь нэг хүнд ч гэсэн илүү сайн үйлчилж байх ёстой юм. Байнгын хорооны дарга нь 500 хүний эрхийг зөрчиж болдог ч юм шиг зүйл яриад сууж болохгүй. Би Ц.Нямдорж гишүүнтэй таараад “Яагаад хууль буцаагаад байгаа юм. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх ёстой юм биш үү” гэсэн. Мань хүн “Энэ хуулийг чинь ёсчлоогүй. Тэр З.Энхболддоо хэл” энэ тэр гээд өнгөрсөн. Хуулийг ёсчилно гэдэг бол хэлбэр төдий зүйл. УИХ-ын чуулган нээгдсэн бол таван минутад л хийчихдэг ажил. Хэний төлөө, юуны төлөө зүтгээд байна вэ гэдгээ МАН-ынхан харуулж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө төгрөг шаардлагатай гэж байна лээ. Шаардлагатай хуулиуд дээр зохих ёсны төсвийг нь батлаад явах ёстой. Монголчуудын амьдрал ахуйд хэрэгтэй хуулийг батлахад шаардлагатай гээд байгаа мөнгө нь тийм ч их биш. Ямар ч мөнгөнөөс үнэтэй ард түмэн гэж байдаг юм.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүр хүчингүй болгуулахаар Их хурал хэлэлцэж байна. Уг нь ахмадуудад хэрэгтэй л байсан гэж ярих юм…

-Олонхийн бүлэг олон алхмаас ухарч байгаагийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Сайн сайхан зүйл хийдэггүй юм аа гэхэд хүний хийгээд өгчихсөн зүйлийг ядаж сайжруулаад явдаг байх ёстой биз дээ. Өмнөх парламентынхаа хийсэн ажлуудыг улддаг, өдөр хоногийг аргацаасан тийм зүйл л хийж байна. Энэ бол маш буруу. Энэ Их хурлын өмнө шийдэх ёстой олон асуудал бий. Аргыг нь олж ажлыг хийдэг. Түүнээс ухралт хийх шаардлагагүй. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол ард түмнээсээ асуу л даа. МАН-ынхан өөрсдөө мөрийн хөтөлбөртөө юу тусгасан юм. Яаж шийднэ гэсэн байснаа эргэн санах нь зөв. Ард түмнийхээ амьдралыг улам дордуулна гэж мөрийн хөтөлбөр хийгээгүй л байх. Би тэгж бодохгүй байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээгээ мөрдөхгүй бол ёс суртахууны хувьд ямар байх нь ойлгомжтой. МАН-ынхан таван хүний амиар тоглож байсан. Тэдний мөрийн хөтөлбөрийг сайн байсан гэж ард түмэн саналаа өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө биш харин ч эсрэгээр нь 180 градус эргэсэн алхам хийж хэрхэвч болохгүй.

-“Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн” гэдэг ганц өгүүлбэрийн хүрээнд бүх асуудлыг шийдэж байна. Танай намынхан чинь үнэтэй ресторанд орж тансаглачихаад төлбөрөө Ардын намынханд үлдээгээд явчихсан юм биш үү?

-Ардчилсан засгийн үед Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргыг нь хийж байсан хүмүүс чинь МАН-ынхан. 20 гаруй жил Төрийн ордонд буг шахам болчихсон хүмүүс ийм зүйл ярьж болохгүй. Төсвөө хамтраад баталж байсан хүмүүс чинь гэнэтхэн ийм байсангүй, тийм байсангүй гээд яриад сууж байгаа нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ. МАН-ынхан бүгд харь гаригаас зургадугаар сарын 30-нд буугаад ирчихсэн юм уу, хаашаа юм. Өөрсдийнх нь бодлогогүй мэдэгдлээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Аль ч засгийн үед асуудлууд байж л байдаг. Харин үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын гишүүн болсон гэдгээ мартаж болохгүй. Ямар нэгэн байдлаар заавал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан намынхан үнэхээр идээд уучихсан тийм зүйл байгаа юм бол, албан тушаалаа урвуулан ашиглаад хортой зүйл хийчихсэн юм бол хуулийн хүрээнд шийдэх боломж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнхээ нэрсийг зарлаад хариуцлага тооцооч. Идсэн уусан гэж ярьж байхынхаа оронд шалгуулаач. Буруу бодлого явуулсандаа тулах юм бол 20 гаруй жил төр барьсан аль аль намынх нь буруу. Хий хоосон зүйл яриад явдаг байдлыг ард түмэн хүлээж авахаа больчихсон. Ажлаа хийгээд явж байгаа хүнд ард түмэн дуртай байдаг юм аа.

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг 60 хувьд нь олгож, оюутны 70200 төгрөгийг бүр өгөхөө больж байна. Төрийн албанд насаараа ажилласан хүмүүс нэг удаадаа 36 сарын тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болголоо гээд асуудлууд бий. Нийгмийн халамжийн чиглэлийн зүйлс дээр хатуу бодлого бариад эхэллээ л дээ?

-Монгол Улс гурван сая хүнтэй, 1.5 сая км квадрат газар нутагтай, хоёр том зах зээлтэй, байгалийн маш их баялагтай. Ийм оронд амьдарч байгаа мөртөө иргэдээ яагаад ингэж амьдруулах гээд улайраад байгаа юм бэ. Насаараа төрд ажилласан хүмүүс чинь тэтгэвэрт гараад тэтгэмжээ авчихаад тэгнэ, ингэнэ гээд төлөвлөчихсөн байдаг юм. Хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр тийм юм авна гээд тооцчихсон байгаа. Оюутны 70200 төгрөгөөр сургалтын төлбөрөө хийнэ гээд бодчихсон яваа хүмүүсээ яах юм. Утга учиргүй дэд сайдуудаа буулгаач. Дэд сайдынхаа асуудлыг болиулчихаад дараа нь энэ тухай яривал хүн сонсож магадгүй. Гэтэл төсвийн тодотголоор өөрсдөө зардлаа нэмэгдүүлэн, өөрсдийнх нь саналаар байхгүй болсон дэд сайдын албан тушаалыг бий болгосон. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа юм бол хүүхдийн мөнгө, цалин тэтгэврээр наадаж байхаар наад сайдуудаасаа хэмнэлтээ эхлээч дээ. Өөрсдөө зардлаа нэмэгдүүлчихээд ард түмэн дээрээ ирэхээрээ эсрэгээрээ ажиллаад байж болохгүй ээ.

-Татваруудыг нэмнэ гэж байсан ч Засгийн газар саналаа эгүүлэн татлаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Татвар нэмж эдийн засгийг сэргээсэн түүх байдаггүй. Тэгээд ч эдний яриад байгаа татварыг нэмлээ ч олигтой мөнгө босохгүй юм билээ. Дарга нарынхаа зардлыг хасаагүй байж ард түмний халаас руу гараа шургуулж болохгүй. Эдийн засаг ингээд хүндэрсэнд ард түмэн буруутай юм уу. Та нар биднийг сонгосон гэж ард түмнийг ингэж шийтгэж болохгүй. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж биш эдийн засгаа тэлж давдаг. МАН-ынхан мордохын хазгай болчихлоо. Ардын намынхан авлига авахын тулд аль болох ард түмнийг өөрсдийн хараат байлгах гэж зүтгэж байна. Ингэх гэж л энэ олон хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, хуулийг дээдэлсэн засаг биш нам тойрсон, авлига тойрсон зүйлийг энэ намынхан явуулах гээд байна уу гэсэн хардлага ард түмэнд бий болсон. Би ард түмний нэг нь. Ийм байлгаж байгаад Африк, Латин Америк шиг болгох гээд байгаа юм уу хаашаа юм. Таван хүний амь насыг аваад одсон шиг дахиад ийм зүйл битгий хийгээсэй. Аз болоход татвар нэмэх төслөө Засгийн газар нь эгүүлэн татаж байх шиг байна. Тэгмээрсэн дээ.

Шүүгчдийн цалинг хасч байгаа нь шүүхийг хараат болгох гэсэн оролдлого. Шүүгчид ч гэсэн үүнийг ойлгох хэрэгтэй. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нийцүүлэх, шүүхийг хараат бус байлгах гэж миний бие тэр заалтыг нэлээд зүтгүүлж байж батлуулсан. Хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлдөг тийм шүүхтэй болох гээд байгаа юм уу. Өмнө нь тийм байсныг залруулсан.

Бусад орны шүүхийн хараат бус байдлыг судлаарай. Тэд хараат бус шүүхтэй байдаг юм шүү. Тэд ямар ч байсан тэнэг мангар хүмүүс биш болохоор зөв шийдлийг олсон байж таараа. Шүүгчдийн авч буй 2-3 сая төгрөг гэдэг бол тийм ч өндөр цалин бас биш. Гэхдээ Монголын төрийн өнөөдөр өгч чадах боломж нь тэр юм. Нэг нам шүүх, УИХ, засгаа барих гэсэн оролдлого. Тэд дарангуйллын бодлого явуулах далд санаатай байгаа. Үүний хариуцлагыг бид өндөр үнээр төлөх болно. Ард түмэн үүнтэй чинь эвлэрэхгүй л байх.

-Ерөнхий сайд томилогдсоноос хойш яг 60 дахь хоног нь өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд харж байхад сайн сайхан амьдрах боломж хэр байна гэж харагдаж байна вэ. Засгийн газар 100 хоногоо дүгнээгүй байгаа ч одоо ямар нэгэн байдлаар төрх нь гарчихсан байх?

-Аливаа зүйлийг засч залруулахад оройтно гэж байдаггүй. Болохгүй байгаа зүйлсээ засаад авчихвал энэ хэдэн даргын амьдрал биш, гурван сая монголчуудтай холбоотой гэдгийг ухаарч алдаагаа засаасай гэж хүсч байна. Өнөөдрийн яриад байгаа хөрөнгө мөнгө олдоно оо. Ард түмний чинь итгэл дахин олдохдоо хэцүү шүү.

МАН-ынхан өөрсдөө шинэ зүйл сэдэж чаддаггүй юм бол өмнөх Засгийн газар, Их хурлын хийсэн ажлыг үргэлжлүүлж, хуулиудыг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ Засгийн газрыг Ардын намын Засгийн газар биш ард түмний Засгийн газар гэж ойлгож байгаа. Цаг хугацаа, эрүүл мэнд, амьдрал гэдэг чинь хүнд эргэж олддоггүй юм. Энэ хүмүүсийн авдаг таван төгрөгийг нь хасаад байвал нэг унасан эдийн засаг дахин сэргэхэд хэцүү шүү. Ардчилсан намыг хохироох гэж байгаад ард түмнийг хохироож болохгүй.

-АН-ынхан өнгөрөгч сонгуулиар ялагдал хүлээсэн. Үүнээс улбаалан нам дотроо шинэчлэл хийх цаг нь болсон гэдгийг ярьцгаасан. ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд хуралдуулахаар боллоо. Намын шинэчлэлээ хаанаас эхлэх ёстой вэ. Намын дарга хэн байх вэ гээд л асуултууд гарч ирээд байгаа?

-Ардчилсан намд сайн, муу аль аль нь бий. Гэхдээ Ардчилсан нам ард түмний бүтээл. Манай нам наанаа эв зүйгээ ололцохгүй мэт харагдаж байна уу. Бүх зүйл нь ил нам ийм байдаг юм. Ардчилалтай нам ийм байдаг юм. Ардчилсан намынхны чухал чанар нь ярилцаж байгаад хамгийн зөв шийдвэртээ хүрдэг. Ард түмэн алдаагаа засах сануулга өгсөн.

-Намын дарга нь хэн байх ёстой вэ. Олон хүний нэр дуулдаж байна?

-Ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, зөв хүнээ манай нам гаргаад ирнэ ээ, тун удахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *