Өнгөрсөн онд Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын хэрэглэгчдийн усны хэрэглээг хүртээмжтэй, иргэдийг ус авахад хялбар болгох үүднээс нийслэлийн хэмжээнд зарим ус түгээх газруудыг ухаалаг болгох ажлыг эхлүүлсэн. Одоогоор нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 20 худгийг “ухаалаг” болгоод байна.
“Ухаалаг” худаг ашиглагдаж эхэлснээр үйлчлэгчийн шаардлагагүй болж байгаа. Тиймээс хуучин ус түгээгүүрийн газар ажиллаж байсан үйлчлэгч нарыг дахин ажлын байраар хангах асуудал гарч байгаа юм. Энэ асуудлаас болоод “ухаалаг” худгийг дахин нэмэгдүүлэх ажлыг түр зогсоосон гэсэн мэдээлэл гараад байсан. Бид энэ талаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад, “Ухаалаг худгийг ашиглаж эхэлснээр үйлчлэгчийн хэрэггүй болж байгаа. Гэхдээ бид эхний ээлжинд шинэчилсэн 20 худгийнхаа үйлчлэгчийг оператороор ажиллуулж байна. Олон хүнийг ажлаас халаагүй” гэсэн тайлбарыг өглөө.
Түүнчлэн Ус сувгийн удирдах газраас өгсөн мэдээллээр нийслэлийн хэмжээнд “ухаалаг” болгох боломжтой нийт 320 гаруй худаг байгаа бөгөөд энэ онд багтааж 100 худгийг “ухаалаг” болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Ухаалаг худаг 24 цаг ажиллах ба иргэд тухайн худгаас картаа авч цаашид төхөөрөмжид картаа уншуулж усаа авах ба дансны үлдэгдлээ харж болох юм. Харин картан дахь мөнгө дуусвал Ус сувгийн удирдах газрын дансанд мөнгөө байршуулж үргэлжлүүлэн картаа ашиглана. Усны үнийн хувьд 1000 төгрөгөөр нэг тонн, 3000 төгрөгөөр гурван тонн, 5000 төгрөгөөр таван тонн, 10000 төгрөгөөр 10 тонн ус авах юм.