Хамтын тэтгэврийн тухай хуультай холбоотой байр сууриуд үргэлжлэн гарсаар байна. Ерөнхий сайд хийгээд Сангийн сайдын цочир сонин мэдэгдлүүдийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч буй. Тэгвэл өнөөдөр Монголын ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Г.Баасан “Эрхэм Ерөнхий сайд аа, сардаа 40-50 мянган төгрөгийн нэмэгдэл авахын тулд нэгнийгээ үхээсэй гээд сууж байдаг ганц ч ахмад настан байхгүй. Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргүүлэн татах нь эрхзүйн тогтолцоог зөрчсөн. Ийм том алдаатай үг хэлсэндээ Ерөнхий сайд уучлалт гуй. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг. Өнөөдөр тэтгэвэр авч буй 310 мянган ахмад байна. Тэдний хэдэн хувь нь ийм гомдол гаргасан юм. Хэдэн хувийнх нь гомдлыг үндэслэж ийм шийдвэр гаргав. Хамтын тэтгэвэр өнөөдрийн ахмадуудын асуудал биш. Өнөөдөр эхээс мэндэлж буй хүүхэд, ажил хөдөлмөр эрхлээд явж буй залуусын ч асуудал. Хэн ч насыг насалж гавьяаны амралтад гардаг. Энэ үеийн эдийн засгийн баталгаа бол тэтгэвэр.
Хамтын тэтгэврийн хууль бол монголын нийгмийн тогтолцоо, тэтгэврийн харилцаанд гарсан том хувьсгал болсон. 36 тэтгэвэр авна гээд улсад шимтгэл төлөөд нэг ч төгрөг эргүүлж авч чадаагүй нас барсан хүмүүст юу ч өгөлгүй, төлсөн шимтгэлийг нь аваад үлддэг байсан. Энэ бол дээрэм. Үүнийг зогсоохын тулд 20 хувиас хэтрүүлэлгүй гэр бүлд нь өгөх гэж хуулийг баталсан. Өөрийнх нь өгсөн юмыг буцааж өгөхдөө Засгийн газар яагаад харамлаж байгаа юм” хэмээн мэдэгдлээ.
Монголын ахмадын чөлөөт холбооныхон уг асуудлаар 21 аймагт санал асуулга явуулж байгаа аж. Одоогоор 15 аймгийн дүн иржээ. Санал асуулгаар Сүхбаатар аймгийн хоёр суманд санал хуваагдан 50 хувь нь хүчингүй болгохыг дэмжиж, 50 хувь нь эсэргүүцжээ. Харин бусад аймгуудад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн юм байна. Түүнчлэн тус холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.