Нэрт жүжигчин Анжелина Жоли Питт Лондон хотод гэнэтийн айлчлал хийх үеэрээ НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэхдээ, энхийг сахиулах үйлст эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг онцлоод “энхийг сахиулах шинэ арга зам” хайхыг уриалжээ.
Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч тэрбээр тавьсан илтгэлдээ, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай зөвшилцлийн бичигт улс орнууд гарын үсэг зурахыг уриалсан байна.
“Нутгийн ард иргэд болох эмэгтэйчүүд, эрчүүдтэй холбоо харилцаатай байж чадваас энхийг сахиулах хүчнийхэн нутгийнхны итгэлийг олж авч адна. Би саяхан командлагч нартай уулзаж үүргээ гүйцэтгэхэд нь тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцахад тэд нутгийнхнаас зөвшөөрөл авах болон ажиллагааг үр дүнтэй явуулахад эмэгтэй энхийг сахиулагчид болон цагдаагийн эмэгтэй ажилтнууд чухал үүрэгтэй байдаг болохыг хэлж байлаа” гэж Анжелина Жоли ярьжээ.
Ирэх дөрвөн жилд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх саналыг гишүүн орнууд дэмжсэнээр пүрэв гарагт зөвшилцөлд хүрсэн юм.
Эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал болон хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэхэд сургах ажиллагаанд хэрэгтэй юм. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцогчийн хувьд хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийг устган зайлуулах зэрэг бүхий л үе шатанд ач холбогдолтой билээ хэмээн Анжелина Жоли илтгэлдээ онцлон дурджээ.
Өдгөө 41 настай жүжигчин, кино найруулагч А.Жоли илтгэл тавих үедээ бага зэрэг биеэ барьсан байдалтай байсан гэнэ. Тэрбээр 2001 оноос хойш НҮБ-ын ажиллагаанд оролцож байгаа юм. Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элчийн хувьд тэрбээр Сирийн дүрвэгсдийн хямралын асуудлаар өмнө нь илтгэл тавьж байжээ.