Categories
мэдээ нийгэм

Ц.Төмөрбаатар:Ногоон хөгжлийг бий болгоход иргэдийн хүсэл маш чухал

Эрчим хүчний хэмнэлт, усны хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч дээр цогц менежментийг хэрхэн бий болгох талаар гурван өдрийн сургалт “Барилгын хөгжлийн төв” дээр явагдаж байна. Ногоон барилгыг хөгжүүлэх томоохон элемент нь сэргээгдэх эрчим хүч байдаг аж. Дэлхий ертөнц дулаарч байгаль орчин маш ихээр доройтож байгаа өнөө үед ногоон барилгыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа билээ. Учир нь энгийн барилгаас маш их хог хаягдал гардаг байна. Олон улсын судалгаагаар 110 сая хүн энэ салбарт тогтмол ажилладаг гэж гарчээ. Тиймээс энэ салбарыг ногоон болгохын тулд ард иргэдийг ногоон болгох үйлсэд татан оролцуулах хэрэгтэй гэсэн үг аж. Энэ талаар семинарт оролцож байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.

-Сэргээгдэх эрчим хүч болон усны менежментийг ногоон бодлогод хэрхэн ашигладаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүч, саарал усны талаар ярихаас өмнө эхлээд бид барилга байгууламжид хэмнэлтийг хэрхэн бий болгох вэ гэдэг ойлголтыг ойлгосон байх шаардлагатай. Тэгэхээр бид орон сууцаа тав тухтай байлгах нөхцөлийг бүрдүүлж чаддаг. Жишээлбэл: хивс, буйдан, агааржуулагч авч тавих ч юмуу өөрсдийн бүх тав тухтай байдлыг хангахын төлөө явдаг. Гэтэл үүнтэй хамт өөрийн амьдран суугаа орон сууцаа дулаалах, дулааны алдагдалгүй болгох, байгалийн нөөцийг хэмнэлттэй зарцуулдаг болох, хог хаягдлын менежменттэй байх талаар анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэж зэрэг ач холбогдол өгвөл хэмнэлтийг бий болгож болно. Тухайлбал бид вакум цонхоо сонгохдоо хүртэл аль чанартайг нь сонгох хэрэгтэй. Одоо хүйтэрч байгаа энэ цаг үед вакум цонхыг дулаалах гэсэн асуудал гарч ирээд байгаа. Дээр нь иргэд хүнсний гялгар уутаар вакум цонхыг битүү наавал дулаахан байна гэж яриад байгаа. Энэ бол инээдэмтэй асуудал. Тэгэхээр вакум бол өөрийнхөө шинж чанарыг хадгалж дулаан алдагдлыг вакум хэлбэрээ хадгалж байж л үүргээ гүйцэтгэнэ. Тэр маягаар л гэр орноо дулаалах хэрэгтэй юм. Ингэсний дараа бид нүүрсийг хэчнээн төгрөгөнд зарцуулах юм бэ, нүүрсийг яаж худалдаж авах юм бэ, тогны зарцуулалт хэр байх юм бэ гэдэг дээрээ хяналт тавих хэрэгтэй. Дараа нь үүн дээрээсээ сэргээгдэх эрчим хүчийг яаж ашиглах юм бэ, яаж хэмнэлтийг дахин үүсгэх юм бэ гэж бодох хэрэгтэй. Жишээ нь, борооны усыг тосож аваад хадгалбал зүлгэндээ яаж ашиглах юм бэ гэх мэтчилэн энэ менежментүүдийг суралцаж зуршил болгох сургалт энд явагдаж байна.

Монголд хамгийн их хэрэгжих боломжтой сэргээгдэх эрчим хүч нь аль нь вэ?

-Нарны эрчим хүч байгаа. Манай Монголд 270-290 хоног нар тусдаг. Тэгэхлээр бидэнд нарны эрчим хүч бүрэн байна гэсэн үг. Энд гадны мэргэжилтнүүдийн нарны эрчим хүчний талаар хийх гурван өдрийн семинар болно. Эндээс иргэд маань цонхоо хаанаа байрлуулах вэ, цонхоор орж ирсэн нарны энергийг хэрхэн хадгалах зэрэг бүх зүйлийг ярина.

-Энгийн иргэд юунаас эхлэн үүнд гар бие оролцох хэрэгтэй вэ?

-Энгийн иргэдэд хэлэхэд өөрсдийн үрэлгэн байдлаа өөрчлөөсэй гэж зөвлөмөөр байна. Тухайлбал цонхоо дулаалаагүй, хаалгаа дулаалаагүй, порчикоо онгорхой байлгаж байгаа мөртлөө маш их нүүрс түлээд байдаг. Үүнийгээ больчих юм бол тэр хүн бага нүүрс түлнэ. Нүүрс худалдаж авах мөнгөө хэмнэнэ. Мөн нүүрс шатаасан утааны бохирдлыг багасгана, үнсний хог хаягдлыг багасгана гэх мэтчилэн ногоон эдийн засгийн ач холбогдолтой гэж зөвлөмөөр байна. Хамгийн хямд эрчим хүчний зардлыг гаргаж байгаа арга бол нүүрс. Тиймээс нүүрсийг хэрхэн бага хэрэглэх вэ, их ашигт үйлийн кофеценттэй зуухыг яаж гаргах вэ, нүүрснээс өөр төрлийн шатах материал яаж гаргах вэ гэдэг тал дээр ажиллах хэрэгтэй.

Дэлхийд хүний хүсэл дээр хэмнэлтийг бий болгоё гэсэн уриатайгаар энэ үйл ажиллагаа явагдаж байна. Ингэснээрээ ашиглаж байгаа нөөцөө багасгая, худалдан авч байгаа зардлаа багасгая гэсэн хүний хүсэл дээр тулгуурлаад ногоон эдийн засаг хөгжих юм. Ийм жишээ дэлхий дээр олон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *