Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сарын 2-9-нд Бодибилдинг, фитнессийн ДАШТ болно.Саяхан болсон Азийн АШТ-ий үеэрх Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо, Азийн бодибилдинг, фитнессийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар ДАШТ-ийг эх орондоо зохиох эрхийг Монгол Улсад албан ёсоор олгосон аж. Монголын бодилдинг, фитнессийн холбоо ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Азийн АШТ-д Монгол Улсаас эх орноо төлөөлөн 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртсэн билээ. Улмаар манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарсан юм.