Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чацарганы “Хуба хаяа” брэнд шинээр мэндэллээ

Өчигдөр “Хаан жимс” амралтын газар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хуба хаяа” чацарганын шинэ брэнд бий болгосны баяр боллоо. Энэхүү баярт гадаад дотоодын маш олон зочид ирс эн байсан бөгөөд байгалийн сайхан нь ч төгс зохицсон сайхан газар байлаа. Туул голын хөвөөн дээр 4 га газар чацаргана тариалжээ. Ирсэн хүн болгонд чацарганы баярт оролцонгоо өөрсдийн хүссэн хэмжээгээр чацарганыг байгаль дээрээс нь түүх боломжийг олгосон нь үнэхээр сайхан байлаа. Зочид ихэвчлэн гэр бүлээрээ ирсэн байсан бөгөөд хүүхдүүд жижигхэн сав барин чацаргана түүж байгаа нь үнэхээр өхөөрдөм харагдаж байлаа. өчигдрийн хувьд цаг агаар дулаахан ёстой л амарч зугаалж баймаар өдөр байв. Сэтгүүлчдийг урин оролцуулж хүндэтгэн гэртээ зочилсон нь сайхан санагдав. Ингээд нээлтийн ажиллагааг жүжигчин Д.Баттөмөр хөтлөн ирсэн зочдыг хөгжөөгөөд авав. Үзэгчдийн дунд Н.Алтанхуяг гуай өөрөө дунд нь суун хүүхэд адил хөгжилдэн инээж байсан нь сэтгэлд тодхон үлдэв. Тэрбээр 16 жил хөдөлмөрлөсний дүнд энэ л өдөр анхныхаа бүтээгдэхүүний дээжийг амтлаад сууж байгаагаа бидэнд дуулган баяраасаа хуваалцсан юм. Ингээд түүний сэтгэгдлийг хүргэе.

Н.Алтанхуяг: “Энэ жилийн онцлог нь чацаргана жимсээр ямар бүтээгдэхүүн хийж болох талаар судаллаа. Бараг 16 жилийн турш хөөцөлдөж байж энэ жил хамгийн анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаадаа баяртай байна. Монголынхоо үржил шимтэй хөрсөнд ургуулан дээр нь ямар нэгэн ус бодис нэмэхгүйгээр витаминых нь охийг цуглуулаад чацарганы хүчил гэдэг бүтээгдэхүүн гаргаж авлаа.

Энэ бол хүч тамир оруулдаг, залуужуулдаг, дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ бүтээгдэхүүнүүд маань “Хуба хаяа” гэдэг брэнд болж байгаа. Яагаад гэхээр манай энэ чацаргана тариалж байгаа газар бол МНТ-д бичигдсэн Хуба хаяа гэдэг өвөлжөө болох нь тогтоогдсон. Тийм учраас эзэн Чингис хааны өвөлжөөн дээр тариалсан чацаргана бол монголчуудыг амин дэмээр тэтгэх чухал бүтээгдэхүүн боллоо гэж бодож байгаа. Үүнийг манайхан идээрэй, санал бодлоо хэлж шүүмжлээрэй. Хамгийн гол нь органик бүтээгдэхүүн учир хүний биед хэрэгтэй байж таараа. Та бүхнийг олуулаа ирж дэмжсэнд баярлалаа. Чацарганаа сайн түүгээд яваарай. Гэхдээ хамгийн гол нь чацарганыг жүүс, ундаа маягаар биш яг ийм витамин охь маягаар хэрэглэвэл зүгээр. Ингэж гаргадаг технологи Германд байдаг юм байна. Японы мэргэжилтнүүд мөн туслаад монголын энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийн бүтээгдэхүүн болгохын төлөө хамтдаа ажилласан юм шүү гэдгийг дурдъя” гэв. Ингээд тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

  • Энэ бүтээгдэхүүнээ хэзээнээс туршиж эхэлсэн бэ?
  • Хамгийн анхны бүтээгдэхүүнээ дөрвөн сарын өмнөөс туршиж эхэлсэн. Бид ямар нэг ус бодис нэмэлгүйгээр чацаргана дотор байгаа шүүс, тосоор энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Жаахан гашуун байгаа байх. Цаашдаа манай хэрэглэгчид жаахан зөгийн бал ч юмуу, жаахан сахар ёотон ч юм уу нэмье гэвэл нэмж болно. Гэхдээ Японы мэргэжилтнүүд “сахар нэмэх юм бол ургамлаас гаргаж авсан тэр сахарыг л жаахан нэмбэл нэм” гэсэн. Их нарийн юм байна лээ. Их сургуулийн багш байхдаа би энийг судалж байсан. Гурван мундаг чанар чацарганд байдаг.
  • Залуужуулдаг
  • Хүч тамир нэмдэг
  • Дархлаа сайжруулдаг
  • Гадагшаа гаргах зах зээлээ олсон уу?
  • Японоос сонирхоод ажиллаж байгаа. Мөн Хятад,Солонгос ажиллаж байгаа. Ийм гурван том зах зээл байна. Хамгийн гол нь тэд нар маань юу хэлж байна гэхээр тасралтгүй хангаад байх юм бол авна гэж байгаа. 12 сар хадгалах боломжтой. Германы хадгалах технологийг судалсан чинь тогтворжуулагч гэж бодис нэмдэг юм байна лээ. Тэгэхээр хугацаа нь өшөө уртасна. Гэхдээ бид дөнгөж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа юм чинь тогтворжуулагчгүйгээр явуулахаар болсон. Чацарганы тос өөрөө сайн чанартай байдаг учир удаан хадгалах боломжийг олгож байгаа юм.
  • Дотооддоо худалдаанд гаргасан уу?
  • Дотооддоо худалдаанд гаргаагүй. Өнөөдөр л хийгээд энд анхныхаа бүтээгдэхүүний дээжийг хүмүүст амтлуулж байна.
  • Хэдийнээс чацаргана тариалах санаа төрсөн бэ, хэдэн га-д тариалаад байна вэ?
  • Анх би 1992 онд ганзагын наймаа хийгээд Улаан-Үдэд очихдоо тэндхийн чацарганын станцад очиж яваандаа үүнийг тарих юмсан гэж бодсон. Тэгээд мөр хоорондын зай, ургамал хоорондын зай хэд байдаг юм бэ гэдгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авч байсан түүхтэй. Дараа нь 1999 онд Увсад газартай болсон. Дараа нь энд 4 га газартай болсон. Нийт 50, 60 мянган мод байгаа. Ингээд боломжийн хэмжээнд ургац авч байна.
  • Ямар сортын чацаргана тарьж байна вэ?
  • 2006 онд Оросоос оруулж ирж байсан. Үржил селекцийн ажил нь хийгдэхгүй учир хоорондоо холилдоод жоохон эрлийзчихсэн байсан. Тийм учраас Оросоос бид нар таван төрлийн сорт оруулж ирсэн. Өнөөдөр хамгийн их тариалж байгаа сорт бол монголд 70-д онд орж ирж суурьшсан “чувствая” сорт байгаа. Гэхдээ энийг Оросоос нь авсан. Энэ их том жимстэй. Ийм хоёр сорт дээр л тулгуурлаж байна даа. Бид нар тосны чиглэлийн бүтээгдэхүүндээ илүү их анхаарч байгаа. Эрүүл мэнд, гоо сайхан гээд аль илүү анхаарсан дээрээ аль сортыг тарих вэ гэдгээ шийддэг.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *