Categories
мэдээ нийгэм

Олонд танигдсан хүмүүс монголын кино урлагийг хөгжүүлэхээр нэгджээ

Монголд кино бүтээгчид өдөр бүр шинээр
мэндэлж байна. Эдгээр дэлгэцийн уран бүтээлүүдийн цаашдын хөгжилд хувь
нэмэр оруулахын тулд кино урлагийн зөвлөл клуб байгуулагдлаа. Судалгаанаас харахад
үзэгчдийн 80 хувь нь гадаад контент, холливудын киног Монголын дэлгэцийн
бүтээлүүдээс илүү сонирхож байгаа юм. Иймээс Монголын кино бүтээгчдийг дэмжих,
хойч үеийн залуусын боловсролд кино урлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх
зорилготойгоор Монголын нэр нөлөө бүхий эрхмүүд энэхүү клубт гишүүнээр орсон
байна.

Монголын кино
урлагийн зөвлөл клубт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.
Жанцанноров, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин
Х.Уртнасан,Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Гандантэгчилэн хийдийн
тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын Бурханы Шашны Их Сургуулийн захирал, гавж лам
Ш.Сонинбаяр, Геологич, Доктор, Байгаль орчны сайд асан Ч.Хурц, Соёлын гавьяат
зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын
Гавьяат хуульч Д.Сугар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, МҮОНРТ-ийн
Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Золбаяр, ANDRA агентлагийн захирал, топ
модель Х.Бадамгэрэл, Анагаах Ухааны доктор, АУШУИС-ийн Дархлаа судлалын
тэнхимийн багш Б.Азжаргал, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетын бүжигчин Б.
Энхтуул, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, Я.Гантөмөр, Х.Чинбат нар
багтсан байна. Тэд анхны хурлаа энэ сарын 09-ний өдөр хийж, дүрмээ баталж,
журмаа ярилцан, дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргаа сонгосон байна.

Монгол Улсынхаа
хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа дээрх эрхмүүдийг кино бүтээгчдэд хамгийн
бодитой зөвлөгөө, дэмжлэг өгч, киноны агуулга, хэлзүй, гоозүй, киноны хөг,
аялгуу гээд бүхий л талаас нь дэмжин ажиллах, шүүмж бичих чадвартай хэмээн
онцлон үзжээ. Энэхүү зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилгүй,
хараат бус, бие даасан шийдвэр гаргах чадвар, чадамж бүхий, эх орныхоо хөгжилд
үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа салбар бүрийн төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй
биз ээ.

Анхдугаар хурлын
үеэр зөвлөлд багтсан гишүүд кино урлагийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо
хуваалцан, зөвлөлийн ажлын үр дүн, уран бүтээлчидтэй хэрхэн хамтран ажиллах,
хэрхэн дэмжих, уран бүтээлийн чанарыг хэрхэн сайжруулах, сайн уран бүтээлийг
хэрхэн дэмжих талаар ярилцсан байна. Зөвлөлийн гишүүд “Хүний хийсэн бүтээлийг
яаж сайжруулах талаар тусалж, чин сэтгэлийн үнэн үгээ хэлж, зөвлөдөг байя.
Кино урлаг бол ёс суртахуун, хүмүүжлийн онцгой зэвсэг учир Монголын хойч
ирээдүйд тус дэм болох үүднээс бид энэ зөвлөлд чин сэтгэлээ зориулан ажиллах
болно” хэмээн хэлж байлаа.

Ингээд Монголын
дэлгэцийн бүтээлийн агуу их түүхийг түүчээлэн, үргэлжлүүлэн яваа уран
бүтээлчдээ дэмжих, дэлгэцийн бүтээлийн агуулгыг сайжруулах, монголын кино
бүтээлээр дамжуулан хойч үе, залуу үеийнхэнд боловсрол олгох, оюуны хөрөнгө
оруулалт хийх чиглэлээр ажиллах дээрх зөвлөл клубын эрхэм гишүүд их зүйлийг
бүтээнэ гэдэгт зөвхөн кино сонирхогчид төдийгүй, монголын ард түмэн итгэл
хүлээлгэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *