Categories
мэдээ улс-төр

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөөн”-д цэцэг өргөлөө.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүллээ. Мөн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын гишүүд, дэмжигчид цуглаж, төрийн өндөрлөгүүдийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд орон сууц олгохыг шаардаж байлаа.

1922-1937 оны хооронд явагдсан их хэлмэгдүүлэлтэд Монголын 36 мянга гаруй сэхээтэн өртсөн гэсэн судалгаа бий. Улс төрийн хэлмэгдэгсдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ. Түүнчлэн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14 мянга 328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *