Categories
мэдээ цаг-үе

“Арван бүжиг”-ийн аварга анги

Дорноговь аймгийн Өргөн сумын 1988-1996 оны 8а ангийн хамт олон нэг ангийнхан буланд зочиллоо. Тэд хоёр бүлэг байсан ч тавдугаар ангидаа нэг анги болж Д.Цагаанмаам багшийнхаа удирдлага дор төгсчээ. Саяхан болсон хорин жилийн уулзалтаараа “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд бид суусан шүү” хэмээн ихэд хөгжөөнтэй ярилаа. Учир нь хүүхдийн парк орж галзуу хулгана дээр суужээ. Тэд “Бидний үед ийм тоглоом байгаагүй болохоор ангиараа тоглож үзье гэж бодсон юм. Ёстой л хүүхэд насандаа оччихоод ирсэн шүү” гэлээ. Харин тэд энэ удаад хүүхэд нас, ижилдэн дассан нөхдийнхөө тухай хуучилж, дахин нэг удаа галт тэргэнд суусан юм.

Сурагч ахуй насны хамгийн том тэмцээн уралдаан бол урлагийн үзлэг, спартакиад байдаг билээ. Тухайн үед модоор хийсэн цом урлаг, спортын арга хэмжээнд түрүүлсэн ангид өгдөг байж. Модон цомтой анги сургуульдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог байсан гэнэ. Тэд дунд ангид орсон цагаасаа л модон цомын эзнээр олон удаа тодорсон байна. Наймдугаар ангийн ах, эгч нарынхаа хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан гэдэг. Тус ангийн охин Ц.Энхтуяа, Х.Уранчимэг хоёр шанз, ёочин тоглодог байжээ. Мөн урлагийн үзлэгээр арван бүжгээр өрсөлдөж аварга болж явсан удаатай гэнэ. Тухайн үед 1000 төгрөгийн магнетофоноор ая тавьж хүмүүн төрөлхтөн, задгай цагаанаа бэлддэг байж.

1б ангийн багш Д.Энхцэцэг “Миний дааж авсан хоёр дахь анги бол сэргэлэн цовоо охид, хөвгүүдтэй энэ анги юм. Манай ангид Ц.Мөнхсоёл, О.Болд-Эрдэнэ, Б.Оюунсүрэн, Б.Эрдэнэчимэг, Т.Ариунгэрэл гээд идэвхтэй хүүхдүүд их байлаа. Т.Ариунгэрэл сувилагч, Ц.Энхтуяа маань Эрдэнэт хотын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зүтгэж байна. Мөн манай ангиас М. Одбаяр сумын алдарт уяач, С. Алтангэрэл аймгийн алдарт уяач цол хүртэж, сумандаа сайхан амьдарч байгаа. Шинэхэн багш байсан болооод ч тэр үү, энэ анги маань сэтгэлд их тодхон байдаг юм. Д.Мөнх-Эрдэнэ маань их уйланхай хүүхэд байж билээ. Би шавь нартаа “Та нар уншиж дуусахгүй бол явахгүй шүү” гэдэг юм. Тэгэхээр л Д.Мөнх-Эрдэнэ маань уйлна. Заримдаа авахгүй бол бас уйлчихдаг байж билээ.

Энэ зун хүүхдүүд маань 20 жилийн уулзалтаа хийсэн. Саяхан л “А” үсэг заалгахаар ирж байсан хүүхдүүд хэдийнэ аав, ээж болцгоочихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа гэж бодож байлаа” хэмээн дурслаа. Харин 1а ангийн багш Г.Энхжаргал “Ангийнхан маань математик сэтгэлгээ сайтай, хичээлдээ их шамдамтгай хүүхдүүд байсан. Тэр дундаас Г.Жигүүрмаа УБИС-ийг математикийн багшаар төгсөн АНУ-д магистрын зэрэг хамгаалсан. Мөн “Монголын уул уурхайн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тооцох” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Шавь нар минь салбар, салбартаа амжилттай явж байгаад нь үргэлж баярлаж явдаг юм” гэлээ.

Тэд наймдугаар ангиа төгсөхдөө хонхны баяр, зургийн цомогтоо зарцуулах мөнгөө жонш кублэж олж байжээ. 30-аад мянган төгрөг олж ээж, ааваасаа мөнгө авалгүйгээр зургийн цомгоо бэлдсэнээ одоо ч ярих дуртай гэнэ. Энэ ангийн онц сурлагатан, шүлэг бичих авьяастай Ц.Мөнхсоёл нь Хэл бичгийн дээд сургуульд зургадугаар ангидаа уригдаж байжээ. Хэл бичгийн дээд сургуульд уригдсан түүх нь Ардын уран зохиолч Т.Галсан гуайтай холбоотой аж. Учир нь Т.Галсан гуай Өргөн сумын сургуульд ирэх үедээ Ц.Мөнхсоёл хүүгийн шүлгийг уншиж их сайшаажээ. Түүнийг ардын уран зохиолч урамшуулж их сургуульд сурах урилга өгсөн байна.Тэрээр ангийнхандаа зориулсан

Хонхны баяраа тэмдэглэж буй

Хорин долоон ангаахай

Хорвоогийн уудамд нисэх

Хорин долоон шувуухай гэсэн шүлгээ төгсөлтийнхөө зургийн цомогт бичсэн байлаа. Ангийн багш Д.Цагаанмаам нь дүрсгүй хөвгүүдтэй анги дааж авсан болоод ч тэр үү, ширүүн, дориун байдаг байж л дээ. Өнөөх хатуу, чанга багш нь төгсөлтийн баярын өдөр энэхүү дөрвөн мөртийг сонсоод нулимс дуслуулж зогссоныг нь хорвоогийн уудамд ниссэн хорин долоон шувуухай нь хэзээ ч мартдаггүй гэнэ.

Дүрсгүй хөвгүүдээрээ алдартай энэ ангийн атаман бас дарга нь Т.Гантулга байжээ. Ангийн дарга бас атаманаас айхгүй хүүхэд үгүй байжээ. Үеийнхээ жижигхэн биетэй хөвгүүдийг ангидаа оруулж ирээд өмдний бүснээс нь хувцасны өлгүүрээс зүүчихдэг дэггүй хөвгүүн байж. Хэдий бурхны оронд одсон ч дэггүй, сэргэлэн цовоо хүү хэвээр анги хамт олныхоо сэтгэлд хоногшжээ. Мөн ангийн хөвгүүд нь охидоо завсарлагаанаар амттан аваад ирэхээр нь булаана, сургуулийн дээвэр лүү цүнхийг нь шиднэ гээд их л сахилгагүйтдэг байсан гэнэ. Энэ л дүрсгүй ангийг хүмүүжүүлсэн Д.Цагаанмаам, Д.Энхцэцэг, Г.Энхжаргал багш нартаа шавь нар нь үргэлж баярлаж явдгаа хэлсэн юм.

Дунд ангийн багш Д.Цагаанмаам “1996 онд төгссөн 8а анги бол их хэрсүү хүүхдүүдтэй анги байсан. Ямар ч уралдаан тэмцээнд манлайлагч байж чаддаг. Би математикийн багш хэдий ч сумын начин цолтой хүн л дээ. Тиймээс сургуулийн зааланд орж бэлтгэл хийн бас хүүхдүүдэд чадах зүйлээ зааж өгдөг байсан юм. Энэ ангиа дааж авсны дараахан ангийн таван банди маань зодог, шуудгаа барьсаар л “Багш аа, бид бөх болмоор байна, та биднийг бөх болгоод өгөөч” гээд ирж билээ. Тэд маань одоо бүгд аймаг, сумын цолтой бөхчүүд болсон. Тэр таван хүүгээс их спорт руу орсон нь манай О.Болд-Эрдэнэ юм. Тэрээр жүдо, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер. Монгол Улсад жиу-жицу болон Бразилийн жиу-жицу барилдааны спортыг эрчимтэй хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож явна. Тэрээр 2007 онд Монголын жиу-жицу бөхийн холбоог үүсгэн байгуулсан. Шавийн минь хүч, хөдөлмөр талаар бололгүй Монголын тамирчид олон улсын чанартай уралдаан тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Багш хүний хувьд бөх шавь нартай болсондоо их л баярлаж явдаг юм даа” хэмээн хуучиллаа. Тэр дөрвөн хүүгийн нэг болох аймгийн начин Ц.Галбадрах “Манай ангиас М.Сумъяабазар, Т.Гантулга, О.Болд-Эрдэнэ, Б.Эрдэнэбаатар бид тав барилддаг байлаа. Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнээс дөрвүүлээ алт, мөнгөн медальтай ирж сургууль, анги хамт олон, тэр дундаа ангийн багш Д.Цагаанмаамыгаа их баярлуулж билээ. Тэр сайхан үе санаанаас хэзээ ч гардаггүй юм” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Т.Хүрэлбаатар нь “Green Salon”-ы захирал аж. Тэрээр бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Монголын шилдэг мастер үсчдийн нэг болсон гэж ангийн нөхөд нь бахархан ярилаа. Т.Хүрэлбаатар Кёкүшюүзан Батбаярын зодог тайлах ёслолд түүний үсийг засахаар шалгарч Японыг зорьж байжээ.

Дунд ангид ороод хөвгүүд орой болохоор ангийн хөөрхөн охидынхоо дэвтрийг гуйдаг байсан гэнэ. Хаалгыг нь тогшиж, ангийн охиноо дуудсан хүн нь хамгийн зоригтойд тооцогддог байж. Бүх хичээлийнх нь дэвтрийг аваад л харьцгаана. Ээж, аавд нь загнуулах энүүхэнд байж. Харин гэртээ ирээд дэвтрээс нь хичээлээ огтхон ч хардаггүй байснаа дурссан юм. Тэр үед утас, интернэт байхгүй учраас хайр сэтгэлээ захиагаар илэрхийлдэг байж л дээ. Энэ талаарх хөгжилтэй дурсамжийг ангийн охин У.Өлзийбаяр дурсахдаа “Манай хөвгүүд зориг гаргаад захиа өгдөг байсан ч үг, үсгийн алдаа ихтэй явуулж, охидынхоо дургүйцлийг нь хүргэчихдэг байсан шүү. Нэг удаа манай ангийн Б.Алтанбагана маань шохоорхож явдаг охиндоо захиа бичжээ. Гэтэл тэр захиа эзэндээ ч очсонгүй, замаасаа булаалгачихаж. Зүгээр ч булааж авсангүй, анги даяар захиаг нь уншчихсан юм. Харин тэр захиан дээр хайртай гэдэг үгийг хартай гэж бичсэн нь бүр ч хөгтэй юм болж, бид одоог хүртэл Б.Алтанбаганыгаа шоолдог юм” гэлээ.

Тэд хонхны баярынхаа дараа зугаалгандаа бэлдэж, нэгнийдээ очин шуудайны талаар боорцог чанажээ. Бүгд мөнгө нийлүүлж арван нэгэн ширхэг шилтэй ундаа, сироп авч их л тансаг зугаалж байсан гэнэ. Шинэ жил тэмдэглэхэд ангийн охид нь торт, молокогоор ирис хийж авчирдаг байжээ. Мөн тухайн үед ямар хувцас моодонд орж байсан тухай ангийн хөвгүүн О.Болд-Эрдэнэ “Бидний дүрэмт хувцас их л ховор, хүүхдүүд өмсдөггүй болчихсон байлаа. Гэсэн ч хонхны баяраараа манай ангийн хөвгүүд бүгд л костюм өмчихсөн байж билээ. Тухайн үед жинсэн өмд, як, гурван ямаатай, ясан ултай шаахай моодонд орж байлаа. Мөн хөвгүүд орос бакал өмсөөд, офицер цүнх үүрээд, якныхаа захыг нь босгоод явж байвал их л ганган даа ордог байлаа” гэсэн юм.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *