Categories
мэдээ улс-төр

Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргана

Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөтлөн явуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан:

Ерөнхийлөгчөөс Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцон ажиллаж байна. Газар ашиглалт, түүн дотроо хот, суурингийн хөрсний асуудал, хөрсний бохирдлын асуудал Улаанбаатар хотод илүүтэй байгаа. Сүүлийн үед цөлжилт эрчимтэй явж, газар тариалангийн талбай, бэлчээрийн ашиглалт зэрэг цаашид анхаарвал зохих олон асуудал тулгамдаж байна.Тийм учраас хөрс, бэлчээр хамгаалах талаар ерөнхий бодлого боловсруулах, ашиглалтыг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар ажиллаж байгаа.Өнөөдрийн байдлаар хөрс, бэлчээрийн төлөв байдал ямар байгаа, богино, дунд, урт хугацаанд энэ асуудалд хэрхэн хандах вэ гэсэн чиг хандлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд хөрс, бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, элэгдэл доройтолд судалгаа хийж, хөрс, бэлчээрийг хамгаалах, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангахыг чиглэл болгохоор тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *