320 хүүхдийн сургуулийн шинэ байр
Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №200 (5465), 201 (5466) дугаарт
Өнөө жил Бат-Өлзий сумын нутаг ой хөвчид боргоцой их ургажээ. Атгасан гар шиг том том боргоцой байгаа гэнэ. Бороо их орсон жилийн боргоцой том, амт шимтийн хувьд ярилтгүй сайхан байдаг гэж нутгийнхан ярьж байна. Өнгөрсөн жилийнх шигээ самар хураалтын ажилд сумаараа явах байх гэсэн хүмүүс Бат-Өлзийгөөр дүүрэн байгаа харагдлаа. Тиймдээ ч Засаг даргын Тамгын газраас анхааруулга бичиг наасан байна лээ. Анхааруулгад “Самар түүх хориг тавигдаагүй байна. Гадны хүмүүс ирж самар түүх гэвэл Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч болоод нөхөрлөлийн гишүүдэд яаралтай мэдэгдэнэ үү” гэжээ. Бат-Өлзий сумын иргэд “Байгаль орчны сайд Д.Оюунхорол үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл хурдхан олгоосой билээ” гэж ярих. Ууланд явах багаж хэрэгсэл, майхан, өмсөх хувцас, модон муна, хийх шуудайгаа бэлдэж, машин тэргээ хүртэл засч янзалж байна. Нөхөрлөлүүд цайруулсан самраа хураах байшин саваа султгаж бэлтгэжээ. Бүр гэрийн мод хийж зах зээлд борлуулдаг нөхөрлөлийн гишүүд ажлаа зогсоож самар түүхээр ярилцаад байгаа аж. Ингэж л намрын самар хураалтын ажлаа эхлүүлэхээр сум даяараа тэсч яадан хүлээж байна.
Сумынхан өөрсдөөсамар түүдэг болсноор байгалиа хамгаалж чадаж байгаа
Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулгатай сүүлийн үед сум орон нутагт хийгдэж байгаа томоохон ажлууд болон боргоцой хураалтын ажлын талаар ярилцлаа.
-Самар түүх ажлыг энэ жил дахин хийх үү?
-Өнгөрсөн жил бид самар түүх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хэн хэндээ ашигтай ажиллаж иргэд ч гар дээрээ бэлэн мөнгөтэй болж, нөхөрлөлүүд мөнгөн хуримтлалтай болж, цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн жилийн хураасан самрыг худалдаж авсан компаниуд ч бүрэн гүйцэд боловсорсон, эрүүл ахуйн шаардлага хангасан самар нийслэлийн иргэдэд худалдан борлуулж байна. Энэ бүгдээс гадна манай сумын Засаг даргын Тамгын газар, ИХТ хамт олон зөв зохистой санааг дэмжиж, амжилттай хэрэгжүүлж чадсан. Үүнийхээ үр шимээр 820 сая төгрөгтэй болж чадсан. Хүүхдийн цэцэрлэг баригдаад дуусах шатандаа орж байна. Мөн Бат-Өлзий сумын байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж хогондоо дарагдах, ургаа мод хугарах, ойд гал түймэр гарах хэцүү нөхцөл байдлыг бүрэн зогсоож чадсан. Өмнө нь самар түүхээр ирсэн гадны иргэд энд тэндгүй хог тариад явдаг байлаа. Тэдний отоглож байсан газар хүн харахын аргагүй болно. Мод хугалж, байгаль сүйтгээд мөнгө олж болох юм болгоныг аваад явна. Үүнийг бид бүрэн зогсоож чадсан. Нутгийн иргэд нутагтаа хар буруу санаж, харгис хандана гэж байхгүй. Өнгөрсөн жил самар хураах ажил хийгдэж байхад Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажилласан. Хэний отоглож байгаа газар хог тарьсан байна. Цайруулсан самрын хогийг хаана хаясан байна. Мод хугалж байна уу. Мод руу авирч самар түүж байна уу гээд л хяналт шалгалт байнга хийсэн. Зөрчил, дутагдал мэдээж гарсан. Газар дээр нь хариуцлага тооцож, тарьсан хогийг нь түүлгэчихэж байгаа юм. Гадны иргэд ирээд самар түүгээд явдаг. Тэд гал алдаад ой шатдаг. Сумаараа ойд гарсан галыг унтраах гээд хүн хүч, хөрөнгө мөнгө гээд л олон асуудал гардаг юм. Энэ жил бид Байгаль орчны яаманд есдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаанаас сарын өмнө самар түүх зөвшөөрөл хүссэн байгаа. Нарны тусгал байнга тусдаг газрын самар болц нь гүйцсэн байна лээ. Одоо зөвхөн сайдын шийдвэрийг хүлээж байна. Тэгвэл өнгөрсөн жил хэрхэн ажиллаж байсан туршлага дээрээ нэмж бүр боловсронгуй болгосон шийдлээр ажиллахаар төлөвлөөд байна. Хамгийн гол нь түүж байгаа иргэд түүлгэж байгаа бид хариуцлагатай байх нь нэн чухал асуудал.
Улаан” багийн төв дээр баригдсан 30 хүүхдийн гэр цэцэрлэг
-Энэ жил самар түүж олсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Одоогоор яг тэгнэ, тийм зүйлд зарцуулна гэсэн зүйл алга. Ямар ч байсан самраа хураах дээр анхаарлаа хандуулж байна даа. Үүнийхээ дараа л шийднэ. Манай суманд Ерөнхий боловсролын сургуулийнхаас өөр спорт заал байхгүй. Тэгэхээр сайхан спорт заалтай болох юмсан гэсэн хүсэл нутгийн залууст байна. Залуус спортоор хичээллэж, цагийг зөв зохистой өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал. Энэ талаар бид ярилцаж байгаа. Ирэх аравдугаар сард цэцэрлэг маань ашиглалтад орно. Байгалийн дагалдах баялгийг зөв зохистой ашиглаж,танай сумынхан шиг улсад хэрэгтэй зүйл хийсэн сум Монгол Улсад байхгүй гээд л ирсэн хүн болгон сайшааж байна. Сум орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэж хүн бүр бодож байна. Улсын төсвөөс асуудлыг бүрэн шийдэж өгнө гэж байхгүй. Нэг жил цэцэрлэг барьсан бол дараа жил нь суманд нэн хэрэгтэй байгаа зүйлсийг шийдэж өгөөд явна. Тэгэхээр яах ёстой вэ. Сумынхан өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэж л сумаа хөгжүүлж, иргэд сумандаа сайхан амьдарна гэж боддог.
-Танай сумын хувьд сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа нь харагдаж байна. Суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярихгүй юу?
-Манай сум арван жилийн өмнө гурван мянган хүн амтай жижиг сум байлаа. Одоо арван мянга хол давсан хүн амтай сум болчихлоо. Уул уурхай, ашигт малтмал гээд байх зүйлгүй газар. Нутгийнхан байгалиа түшиглэж амьдарна. Бат-Өлзий сум гэрийн мод хийж худалдаалдаг олон аж ахуйн нэгжтэй. Монгол Улсын гэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангаж байна гэсэн тооцоо гарсан. Мөн 25 мянган сарлагтай.Сарлагаа өсгөж, сүү цагаан идээ боловсруулж амьдралаа залгуулж байна. Мөн манай сум аялал жуулчлалын бүс нутаг. Улаанцутгалан, Төвхөн хийд, галт уулын тогоонууд болох Тогоо хад, Үүртийн тохой, Хүйсийн шанага нуур гээд үзэж харах зүйл ихтэй. Иймд зундаа гадаад, дотоодын аялагчдад үйлчилдэг айл өрх олон бий. Бат-Өлзий сумын төвд айлууд хашаа хороо, байшингаа засч янзалж өнгө үзэмжтэй хоёр давхар байшинд амьдардаг болоод байна. Дэлгүүр худалдааны төв гэхэд 60 гаруй байгаа. Жил бүр “Сарлагийн фестиваль” зохион байгуулж, өвөлдөө Улаан цутгалангийн хөлдсөн мөсөн дээр улсын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн хийж байна. Суманд улсын төсвөөр Эрүүл мэндийн төв барьсан. Хуучин эмнэлгээ засч янзлаад ахмадын өргөө байгуулаад байна. Ахмадын өргөөнд өндөр настай иргэд сувилуулж, чөлөөт цагаа шатар тоглох зэргээр өнгөрөөж байна. Мөн нэг өрөөг нь архинаас гаргах эмчилгээ хийлгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болгосон. Сургуулийн өргөтгөлийн 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад оруулсан. Цэцэрлэгийн 75 хүүхдийн өргөтгөл хийсэн, сумын төвөөр сайжруулсан зам тавьж, гэрэлтүүлэгтэй болсон гээд бүтээн байгуулалт, хөгжлийн талаар олон зүйл хэлж болохоор байна. Нэг үеэ бодвол Бат-Өлзий сум хөгжиж байна. Сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бид бүрэн гаргасан. Энэ дагуу хийгдэх олон ажил биднийг хүлээж байна даа гэв.
ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ
Бат-Өлзий сумын “Улаан” багийн төвд 30 хүүхдийн гэр цэцэрлэг өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер У.Долгормаа гэр цэцэрлэг барих ажлыг анх санаачилж, гадаадын иргэдийн хөрөнгө оруулалтаар барьсан гэнэ. Анх аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байхдаа таньж мэддэг хүмүүстээ “Улаан” багийн төв дээр цэцэрлэг байгуулах шаардлагатай байгаа талаар хэлдэг байсан аж. Түүний энэ санааг “Ди Эн Ди” компанийн захирал н.Соёлмаа дэмжиж, гадаадын иргэдтэй холбож өгчээ. Ингээд Франц улсын иргэн Алион гэх эрэгтэй мэдээллийн сайт байгуулж, түүгээрээ Бат-Өлзий сумын “Улаан” багт цэцэрлэг барих хөрөнгө мөнгийг босгожээ. Ингээд таван ханатай хоёр гэрийн дунд жижигхэн байшин барьж холбоод 30 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Халбага, сэрээнээс эхлээд унтах ор, тоглох тоглоом, багш нарын гарын авлага гээд бүхий л зүйлсийг гадаадын иргэд бэлдэж өгчээ. Ийнхүү олон жил ярьсан гэр цэцэрлэг бага сургуулийнхаа дэргэд ашиглалтад оржээ.
БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТӨВ ТЭЛДЭГГҮЙ ШАЛТГААН
Бат-Өлзий сум хэдэн уулын дунд орших аж. Хавтгай жижиг дэвсэг дээр чихэлдэж багширсан байдалтай харагдах юм. Улаанбаатар хот шиг л хүн амын нягтаршил их ажээ. Яагаад тэлдэггүй шалтгаан нь дараахь учиртай гэнэ. Баруун талдаа том уултай болохоор тийшээ тэлэх боломж байхгүй. Зүүн тийшээ сунгаж барих гэхээр битүү намагтай. Хашаа барих ямар ч боломж байхгүй. Харин Могойн голоос хойш улаан эрэг дагаад доод үзүүр хүртэл тавиу сайхан газартай. Даанч тусгай хамгаалалтын бүсэд орчихсон болохоор ашиглах боломж байхгүй гэнэ. Газар байхгүйн зовлон Бат-Өлзий сумын төвийг тэлэх боломжийг хаажээ. Тиймээс Бат-Өлзий сумынхан хурдан морь уралдуулдаг хэсэгхэн тал газартаа сумаа тэлэх хүсэлтэй байгаа аж. Ингэхийн тулд тэр газрыг тусгай хамгаалалтаас гаргах ёстой юм байна. Энэ асуудлыг шийдэж өгнө гэж тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болгон амладаг боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байгаа гэнэ.