Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Төр Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалбал эрүүл, гоё тогтолцоо болно

QMC группийн захирал,судлаач М.Дагватай ярилцлаа.

-Эрдэнэтийн 49 хувийг үндэсний компани авчихлаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Өнгөрсөн дөрвөн жилд санамсаргүй ч гэх үү, тохиолдлоор ч гэх үү Эрдэнэт рүү орж ажиллах боломж гарсан. Эрдэнэтийн удирдлага өмнөх дөрвөн жилд компани дээрээ жил бүр үүрэгдээд яваад байдаг нийгмийн зардал гэдэг юмыг яаж харах ёстой юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьсан юм. Эрдэнэт үйлдвэр жил бүр 30-40 сая ам.долларын нийгмийн зардал үүрч явдаг.Тэр нь бүр тогтсон хэм хэмжээ юм шиг болчихсон. Эрдэнэтэд хоёр үнэн бий. Сонгуулийн үеэр гурав дахь үнэн нь гарч ирлээ л дээ. Нэг үнэн нь жил ирэх бүр Эрдэнэтийн ордын нөхцөл хүндэрч байгаа. Баян, гоё, өндөр агуулгатай зэсийн хүдэр нь одоо ядуурсан. Уурхайн хувьд ч олборлох зардал нь ихэсч байгаа. Зах зээл хөгжсөн улсын уурхайнуудад байдаггүй, социалист уурхайнуудад байсан тогтолцоо Эрдэнэтэд арилахгүй байна. Эрдэнэтийг аль ч тал хамтарч эзэмшсэн бай, жил бүр гарч буй нийгмийн зардлыг бодолцох л ёстой. Эрдэнэтэд байгаа, нийгмийн цехүүд гэсэн нэртэй соёлын ордон, спорт комплекс, амралтын газар, эмнэлэг сувилал гээд үйлдвэрийнх нь нэгж шиг болоод явчихсан зүйлс бий. Социалист системд байсан уурхайнуудад байдаг тогтолцоо. Оросуудын хувьд уурхай ашигладаг нь алс бөглүү нутгууд. Нарийн яривал нийгэм, байгаль орчин талын асуудал айхтар хурцаар тавигдахгүй газарт маш их уурхай байх шиг анзаарагддаг. Ийм учраас л оросууд санаа зовохгүйгээр Эрдэнэт шиг том уурхай байгуулчихаад жижиг хоттой нь орхиод явчихдаг юм байна л даа. Монголын хувьд Эрдэнэтээ орхиод явна гэхээр хэний ч санаанд багтахгүй. Эрдэнэт Оросын нүдээр харвал зуухан мянган хүнтэй томоохон тосгон. Гэтэл Монголын хувьд гурав дахь том хот нь. Ийм том хотоо хаячихаад нүүх ард түмэн гэж байх уу.

-Тэгэхээр бид яах ёстой гэж?

-Монголын хувьд бодох ганцхан асуудал бий. Эрдэнэтийн нөөц сайнаар бодвол тавь, жаран жилийн дараа дуусна. Муугаар бодвол тав, арван жилийн дараа нөөцөө барна. Тэр үед энэ хотыг яах вэ гэдэг монгол төрийн санаа зовох асуудал. Хоёрт, тэнд амьдарч байгаа 100 мянган иргэний санаа зовних асуудал. Гуравт нь, тухайн компанийн бодлоо чилээх асуудал. Дөрөвт нь, орхоныхны санаа зовох асуудал. Өндөр цалинтай, хангалуун байсан улс гэнэт л сөнөсөн хотын золбин иргэд болохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдийн санаа зовних асуудал болчихож байгаа юм. Ийм том асуудал дээр Монголд сайн туршлага байхгүй. Муу нь Налайх байна. Налайхыг харахаар төрд найдах хэцүү болчихоод байгаа юм. Монголын тухайд төр, хувь гэдэг нь бүр нийлчихсэн. Сүү, ус гэж төсөөлбөл хярам шиг болчихсон. Сүү, усаар нь ялгаж чадах уу гэсэн асуудал бий. Ганц компани, ганц яамны хийж чадах асуудал биш гэх гээд байна л даа. Тал талаас оролцсон том баг, гадна дотнын зөвлөхүүд ажиллаж байгаад маш урт хугацааны төлөвлөгөөгөөр шийдэх асуудал. Гурван жилийн дотор энэ асуудлыг шийднэ гэвэл магадгүй дөрөв дэх жилд нь Эрдэнэтэд бослого гарна.

-Эрдэнэтийг маш баян, саалийн үнээ гэж бодоод улстөрчид нь элдэв мэдэгдэл хийж, олон нийт ч өмнөх ойлголтоороо акцент өгөөд байх шиг. Эрдэнэт үнэхээр тийм мундаг саалийн үнээ хэвээр байгаа юу?

-Тухайн хүнийг засаг барих үед юм уу, эрх мэдэлтэй аж төрж байхад Эрдэнэт саалийн үнээ байсан. Одоо бол саалийн үнээ биш. Ганцхан морьтой, ядруухан амьдралтай хүний өдөр шөнөгүй унаж байдаг, нэг удаа ч адуутай нь цуг тавиад өвс идүүлчихээгүй яндсан морь шиг л болчихсон. Эрдэнэтийг өнөөдөр ийм нүдээр харж, ийм логикоор дүгнэж ажиллах ёстой. Юу яасан саалийн үнээ.

-Сая та Эрдэнэтийг социалист загварын уурхайн хэв маягаасаа салаагүй гэж ярилаа. Ер нь 100 хувь хувьд шилжүүлчихвэл яадаг бол?

-Миний хувьд Монголын төр 51 хувиа Монголын Хөрөнгийн биржээр гаргана, хувьцаат компани болгоно гэвэл эрүүл, гоё л тогтолцоо. Тэнд хэчнээн чадварлаг, шударга хүн томилогдлоо ч Монголын төр нь төрийн өмчит компаниудаа дарамталсан хэвээр байгаа тохиолдолд байдал эерэгээр эргэнэ гэж найдахад хэцүү. Монголын төрийн өмчит компаниас алдагдалтай нь хэд билээ. Статистикаас төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажиллаж чаддаггүй нь тод харагддаг. Тэр утгаараа нийтийн өмчит компани болгоод явчихвал хөгжлийн нэг өөр шат болно.

-Төрийн өмчийг нэг дор бөөгнүүлэх бүтэц ид яригдаж байна. “Эрдэнэс Монгол” шиг Темасек загвараар ажиллаж, дэлхийтэй дэлхийн хэлээр ярих эхний алхмаа хийчихсэн байгууллагуудын хувьд хайран санагдаж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-“Эрдэнэс Монгол” маягийн корпораци байгаад, тодорхой хувь нь төрийн оролцоотой, дийлэнх хувь нь бирж дээр, биржийн хувьд зарим нь Монголын, зарим нь олон улсын том бирж дээр байж чадвал өөр л дөө. Байж болох бүтэц гэж харж байгаа. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Бямбасайханы хувьд бизнесээс орсон, Темасекийн загварыг маш сайн хараад судлаад явж байгаа хүн. Тэр хүний толгойд энэ асуудал багтаж байгаа бол эцсийг нь хүртэл явах байх. Сонгуулийн дараа маш их өөрчлөлт явагдсан ч Б.Бямбасайханыг өөрчилсөнгүй. Монголчууд шат ахих тусмаа сургамж авсны л үр дүн. Том концепци боловсруулаад явж байгаа хүнийг тэр зүг рүү нь зүтгүүлээд улстөржихгүй байна гэдэг олзуурхам хэрэг.

-Төрийн өмчийг удирддаг нэгдсэн газрын тухайд тодруулж асуумаар байна л даа, тэр дотор нь уул уурхайн өмч байвал яах вэ…?

-Төрийн өмчийг удирддаг агентлаг байгуулаад, тэр агентлаг нь төрийн төрөл бүрийн өмчийг базвал, тэр дотор нь уул уурхайн өмч байх юм бол би нэг их зүйл хүлээхгүй. Яагаад гэвэл уул уурхайн бизнесийг ойлгоод, дэлхийн уул уурхайн том корпорациудтай, зөвхөн уул уурхайн менеж хийх асуудлаар дагнасан компаниудтай өрсөлдөхөд хэцүү. Монголд “BHP”, “Рио” шиг уул уурхайн корпораци бий болох юм гэж хараад, төрийн өмчтэйнүүд дээр нь “Эрдэнэс Монгол” маягийн бүтэц байх юм, хувийнх нь бол нэгдэж нийлэх, нэгнийгээ худалдаж авах маягийн зүйл болоод “Рио” шиг том корпораци болно гэвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Учир нь Монголд орон нутгийн компаниуд л байгаад байвал хоногийн хоолоо аргацаах төдийд болно. Дэлхийд өрсөлдөх компани бий болбол өөр. Хөгжлийг авчрах, хөгжлийн дараагийн шатанд хүрэх мөнгийг авчрах талаас нь харвал их өөр зүйл л дээ.

-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлийг тавина гэж сонссон. Илтгэлээ ямар сэдвээр тавих гэж байна?

-Монголын уул уурхайн салбарын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварын тухай ярих сонирхол байна. Мэдээж илтгэлийн нарийн ширийнийг “Дисковер” дээр ирсэн хүмүүс сонсоно. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хугацаанд болсон цөөхөн хэдэн баримт бий. Олон улсын зах дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, олон компани алдагдалтай ажиллах, хаалгаа барих, түр болон удаан хугацаагаар зогсч байгаа ч бүх уурхай хаалгаа бариагүй. Дэлхий уул уурхайн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэвээрээ. Тэр бүү хэл яг энэ хямралын үед зарим компани хүчин чадлаа нэмж байна. Үнэ бага үед өрсөлдөх чадвар муутай компаниудыг зах зээлээс албаар шахаж байна. Харин илүү өндөр үр ашигтайгаар, илүү хямдаар нийлүүлдэг компаниуд зах зээлийнхээ дийлэнх хувийг эзлэх бизнесийн том стратеги явж байна л даа.

-Манай уул уурхайн компаниудын хувьд өрсөлдөх чадвар тийм ч сайн биш шиг санагддаг. Адаглаад л төмөр замгүйгээс болоод тээврийн зардал дээрээ бүдэрдэг. Монгол дэлхийн уул уурхайн бизнесээс шахагдаж гарах магадлал өндөр гэсэн болгоомжлол төрж байна…?

-Бидний хувьд яагаа ч үгүй эрт гараа өргөж зах зээлээс хөөгдөөд гарах тоглогч мөн эсэхээ нухацтайгаар бодох хэрэгтэй. Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар заяагдмал давуу тал дээрээ яваад байна л даа. Ашигт малтмал нь газрын гадаргатай ойрхон, нөөц ихтэй учраас хамгийн хямдаар авч болдог, хямд ажиллах хүчтэй нь манай заяагдмал давуу тал. Гэхдээ заяагдмал давуу тал дээр удаан явж болдоггүй. Бусад өрсөлдөх давуу талууд руу орох ёстой. Заяагдмал давуу тал бол их эмзэг. Удахгүй шахагдчих эрсдэлтэй. Заяагдмал давуу тал нь бусад сул талаа нөхөөд явчихаар олон орд ашиглаад байгаа мөртлөө улс нь баяжиж чаддаггүй, үр ашиг нь гэвэл цөөхөн хэдэн хүний цалингаас хэтэрдэггүй. Уул уурхайд өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд дэлхийн бусад том корпораци юу хийдэг, бусад улс орнууд ямар бодлого барьдаг вэ гэдгийг судалж байна. Миний хувьд уул уурхай бидний хийх гэж зориод байгаагаас өөр тийшээ явах гээд байна шүү гэдгийг амьхандаа мэргэжлийн хүрээнд дуугарч байсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөр ашигтайгаар зараад болоод байх үед хүмүүс юу ч сонсдоггүй юм билээ. Тэр үед үр ашиг, өрсөлдөх чадвар, хямд зардлаар олборлох гэх мэт үгнээс илүүгээр их хэмжээгээр олборлох, хэн эзэмших вэ, ард түмэнд яаж хувь хүртээх вэ мэтийн өөр асуудлыг дуулиан шуугиан болгочихсон. Маш ихээр олборлож асар их ашиг хийх давалгаа, хийрхэл явчихаар зардлаа бууруулах тухай яриа бүр хойгуур орчихож байгаа юм. Харин үнэ унаад, уул уурхайн компаниудын амьд үлдэхийн төлөө тэмцэл эрчимжингүүт эхний нэг хоёр жилд үр ашиг муутай ажиллаж байсан компаниудын хувьд үрэлгэн зардлаа хасахаас эхэлсэн.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ санаснаас их унаад зардлаа хасаад ч ашигтай ажиллах боломжгүй болчихлоо шүү. Энэ тохиолдолд бидэнд гарц байна уу?

-Үрэлгэн зардлаа хасах асуудал 2014, 2015 онуудад явсан. Зардлаа хэчнээн хасаад үнэ түүнээс доошоо орчихоор өөр юм бодохоос аргагүй болсон нь үнэн. Ийм асуудал руу орсон дэлхийн хэд хэдэн компани маш сонирхолтой аргуудаар зардлаа бууруулж, үр ашгаа дээшлүүлж чадсан байдаг юм билээ. “Дисковер”-т тавих илтгэлдээ тэр жишээнүүдээс нь дурдаж ярина. Ер нь бол бизнесийн, технологийн түвшинд гарч байгаа зардлаа бууруулах, нийгмийн чиглэлээр гарч байгаа болон дэд бүтцийн зардлаа илүү оновчтой болгох гэх мэт олон арга бий. Төмөр зам барьчихвал тээврийн зардал их хэмжээгээр буурах яриа байгаа. Гэхдээ улиг болтол ярьсан учраас энэ удаа дэлгэрүүлж хөндөхгүй. Яг уурхай дотроо компаниуд бизнес, технологийн түвшинд яаж зардлаа хэмнээд байгаа тухай ярья гэж бодож байна. Уул уурхайн үр ашгийг монголчууд зөв хүртэж байгаа эсэх дээр өчнөөн жил ярьсан ч яриагүй өнцгүүд бий. Саяхан нэг судалгаа гарсан байна лээ. Уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж байгаа ихэнх хөрөнгө оруулалт орон нутгаас их дээд сургуулийн оюутны төлбөр явдаг гэж. Үнэн л дээ. Голдуу уул уурхайн чиглэлээр сурдаг залууст компаниудын тэтгэлэг хөлөөр нэг хөглөрч байна.

-Уурхайн хаалтын хурал лав л арваад жил болж байна. Ингэхэд ирэх лхагва гаригт болох уурхайн хаалтын хурал болохоос аргагүй ямар шалтгаан байна вэ?

-Уурхайн хаалтын хурлыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Ирэх лхагва гаригт болно. Хамгийн анх нөхөн сэргээлтийн сайн талыг бусдад түгээдэг хурал байсан. Нөхөн сэргээлтийг ойшоодоггүй байсан захирлуудын бодлыг өөрчилж чадсан арга хэмжээ л дээ. Уул уурхайн нөлөө их болсон. Дундаж уурхай гэхэд л нэг аймгийн төсвийг аваад явчихаж байна. Улсаас татаас авахаа больсон аймаг гэхэд Сүхбаатар байна. Тэнд цайрын уурхай ажилладаг. Орхон аймаг татаасгүй. Булган гэхэд л зөвхөн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг усаараа төсөвтөө багагүй мөнгө олчихдог. Уурхайн эзэн нэг айлын амьдалыг авч явдаг үе дуусаад нэг аймгийг, нэг бүсийг авч явдаг хэмжээнд хүрээд байгаа. Энэ утгаараа уул уурхай зогсвол нэг аймагт, нэг бүс нутгийн эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээнд хүрчихсэн. Тэр утгаараа уурхайн хаалт гэдэг бол аль аль талдаа анхаарахаас аргагүй асуудал. Австралиас хүн урьж туршлага яриулна. Бидний зүгээс уурхайн хаалт дээр олон улсын хууль эрх зүйн жишээг харж байгаад тодорхой гарцууд ярина. Уурхайн хаалттай холбоотой эрх зүй ойрын хугацаанд шинэчлэгдчих болов уу. Яамны зүгээс өндөр дэмжлэгтэй ажиллаж байгаа.

-Салбарынхаа сайдтай уулзсан уу?

-Уулзсан. Салбарт хэрэгцээтэй хуулиудаа 2017 ондоо багтаагаад цэгцэлчихье гэсэн бодолтой ажиллаж байгаа юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *