Categories
мэдээ нийгэм

Баруун, зүүн дөрвөн замын уулзварын эгнээг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *