Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны албан хаагчид ийм байр суурьтай байна

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 12 дугаар хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг одоо байгаагаас дордуулахаар болсон байна гэж үзэж байна.

“… Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол хангасан, энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаа, алслагдсанд тооцох аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, нэгтгэл, хилийн суман, хороонд 10-аас доошгүй жил алба хаасан …. генерал, офицер, ахлагч нарт тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох” заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг дараах үндэслэлээр дордуулахаар байна. Үүнд:

  1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь 2011 оноос энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд жилд дунджаар 20-25 албан хаагч буюу нийт бүрэлдэхүүний зөвхөн 0.6 хувь нь 8-10 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа тул энхийг дэмжих ажиллагаад 10-аас доошгүй жил ажиллах боломжгүй юм.
  2. “Алслагдсанд тооцох аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, нэгтгэл, хилийн суман, хороо” гэсэн заалт нь “алслагдсанд тооцох аймаг, суманд аль, аймаг, сум хамаарах нь тодорхойгүй, Засгийн газрын 2009 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Эмч, багш нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох алслагдсан сумдын жагсаалт”-ад Онцгой байдлын албаны нэг ч Гал унтраах, аврах анги, салбар байхгүй байна.
  3. Мөн “ … бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох” гэсэн заалт нь “бусад цэргийн албан хаагч” гэдэгт аль цэргийн байгууллагын албан хаагчдыг хамруулах, ямар тохиололд 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох нь ойлгомжгүй байна.
  4. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийн “цалин хөлстэй” гэснийг “үндсэн цалинтай” гэж өөрчилсөн нь алба хаагч биеийн эрүүл мэндээс шалгаалж цэргийн албанаас чөлөөлөгдөх, /үндсэндээ ажил мэргэжлээс шалтгаалж тухайн хүний эрүүл мэнд нь хохирдог, бөгөөд цэргийн албанаас халагдсан хүн өөр ажил хийх тохирох мэргэжилгүй тул тэр бүр ажил олддоггүй/ мөн өвчнөөс шалтгаалан нас барах, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдах тохиолдолд ар гэрт нь олгох тэтгэмжийн хэмжээг эрс багасгаж байна.

Бусад цэргийн байгууллагатай харьцуулбал Онцгой байдлын албаны албан хаагчдын өдөр тутмын ажил, үүрэг нь гамшгийн аюулаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчныг аврах хамгаалах үйл ажиллагаа тул өөрийн эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэлийг байнга дагуулж байдаг бөгөөд сүүлийн 10 жилийн байдлаар тул албанаас 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн байдаг.

Манай улсад жилд дунджаар 3600 гаруй гамшгийн аюулт үзэгдэл тохиолддог бөгөөд Онцгой байдлын байгууллага нь жилдээ 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га ой, газар нутгийг авран хамгаалдаг.

2015 онд улсын хэмжээнд 5426 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 198 хүн нас барж амь насаа алдсан бол Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 161 хүн нас барсан. Онцгой байдлын албаны албан хаагчид 2016 онд 545 хүний амь насыг авран хамгаалжээ. Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах нь түүний ар гэрт маш хүнд цохилт болдог /ар гэр нь ихэвчлэн нялх, балчир насны хүүхэдтэй, ажил төрөлгүй үлддэг, ялангуяа аврагч, гал сөнөөгч зэрэг бага бүрэлдэхүүн бүгд хашаа байшин, орон сууцны, хүүхдийн сургалтын, цалингийн зэрэг зээлтэй байдаг/.

Нөгөөтэйгүүр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тогтоолын төслийн заалттай холбогдуулан олон жил ажилласан, туршлагатай, мэргэшсэн албан хаагчид тэтгэвэрт гарах өргөдлөө өгөх, албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа нь албаны хэмжээнд боловсон хүчний чадавхийг сулруулах нөхцлийг үүсгээд байна.

Мөн Онцгой байдлын албаны албан хаагчдын хувьд ар гэр, нийгмийн баталгааг дордуулсан, цаашид албан үүргээ нэр төртэй гүйцэтгэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, гамшгийн аюултай өөрийн амь, нас, эрүүл мэндээ үл хайрлан тэмцэх, итгэл, үнэмшлийг үгүй хийх эрсдлийг дагуулж байгаа юм.

Иймд дээрх хууль, Засгийн газрын тогтоолын төслийн заалтуудыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг дордуулалгүйгээр өөрчлөх саналыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлж байгаа юм.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *