Өнөөдөр Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажил болоод намрын ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тухайлбал, манай улсын нийт нутгийн 50 гаруй хувьд намаржаа хэвийн, 40 гаруй хувьд дунд зэрэг байгаа аж. Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Их хэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээ сумдад ургамал ногоо муу ургасан талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Одоогийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэж, өмнөх долоо хоногоос 200 мянган тн-оор нэмэгдсэн гэлээ. Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгэж эхэлжээ.
Харин ЦУОШГ-аас ирүүлсэн есдүгээр сарын мэдээгээр хур тунадас элбэгтэй, энэ сарын 10-аас 20-ний үед ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна.
Маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Иймээс хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүдэд анхаарууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр ХХАХҮ-ын газрын дарга Л.Чой-Иш “Одоогийн байдлаар нийт газар нутгийн ная орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна. Зарим нутгаар гандуу, бэлчээрийн даац хүрэлцээгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнээс шалтгаалж отор нүүдлийн зохион байгуулалт явагдана. Тухайлбал, 14 аймгийн 47 сумын 4.6 сая малыг отор, нүүдлийн зохион байгуулалт хийж, ирэх өвлийг давна. Мөн худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалт, малын хашаа, хорооны ариутгалын ажлыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг нийт малчид, иргэддээ анхааруулж байна” гэв.
Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааны үеэр малчдын дулаан хувцасны багц, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэлийн багц, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багцууд, зөөврийн хашаа, саравчийг бэлтгэн танилцуулах аж. Мөн захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерийн худалдаа зохион байгуулах ажээ.