УИХ-ын ээлжит бус
чуулганаар засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол
хэлэлцэж буй энэ чухал цаг үед Сангийн сайдын хэлсэн ярьсан бүхэн олны
анхаарлын төвд буй. Тухайлахад, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих
байсан хамтын тэтгэврийн хуулийг засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд
буцаахаар оруулж ирсэн. Эл үндэслэлээ Сангийн сайд тайлбарлахдаа “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль
шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон
хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх
санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг
хүчингүй болгох санал оруулж ирсэн” тайлбар өгсөн нь олны гайхширлыг
төрүүлээд байгаа юм.
Хамтын тэтгэврийг олгож эхэлснээр нийгмийн
даатгалаа насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын ар
гэрийнхэнд нь талийгаачийн тэтгэврийг олгох байсан юм. Харин энэ зохицуулалтаас
ахмадууд татгалзсан гэж Сангийн сайдын тайлбар хийсэн нь сошиол ертөнцөд хүчтэй
түгсэн юм.
Сангийн сайдын уг
тайлбарын талаар МАН-ын гишүүдээс тодруулахад “УИХ-ын
гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт
хэлд орж байгаа нялх хүүхдээс ч дор юм ярьж, намын нэр хүндийг
хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа
илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй цаашид Сангийн сайд Б.Чойжилсүрэнг энэ
мэтээр амны алдаа гаргаад байх юм бол огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэсэн
яриа ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд гарсан байна.