Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Өмчөөр баяжихгүй, алдагдлаар хоосрохгүй нийгэм

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Юмжаагийн Цэдэнбал” хэмээх намтрын ном “Түүхэн эрхмүүдийн цэдэг” цувралын хүрээнд хэвлэгдэж худалдаанд гарлаа. Энэ цувралаар урьд нь Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Намдаг, Д.Нацагдорж, Чин ван Ханддорж, Ц.Дамдинсүрэн, Ж.Батмөнх зэрэг ХХ зууны Монголын шилдэг эрхмүүдийн намтар ном хэвлэгдсэн ба өдгөө Б.Ширэндэв, Богд хаан, Р.Чойном, А.Амар, Бадамдорж зэрэг зүтгэлтнүүдийн намтар бэлтгэгдэж буй. Цэдэнбалын намтрын зохиогч Баабар урьд нь “Хорлоогийн Чойбалсан” номдоо түүгээр төлөөлүүлэн ХХ зууны Монголын эхэн хагасын түүхийг харуулсан бол “Юмжаагийн Цэдэнбал” номоороо ХХ зууны хоёрдугаар хагасын түүхийг дэлгэн үзүүлэхийг чармайжээ. Уг номын нэг хэсгээс танилцуулж байна.

Томас Моор Утопи зохиолдоо бичсэн нь:

Коммун нийгэмд боломжийн жишиг бүхий амьдралыг буй болгож чадна гэдэгт би итгэхгүй. Хэн ч хүчээ шавхаж ажиллахгүй учраас хомсдол үргэлж байх болно. Ашиг олох нь өөрт нь хэрэггүй юм бол хүн бүр залхуурч хойш суун, өөр хэн нэг нь өмнөөс нь ажиллахыг хүлээх болно. Ингээд бүх юм буруудаад ирэхээр аллага, бослого, үймээн зайлшгүй гарах болно. Учир нь, ялангуяа эрх мэдлийг хүндэтгэх хүнгүй нийгэмд хэн ч өөрийн хөдөлмөрийн бүтээмжийг хуулиар хамгаалж чадахгүй. Ангигүй нийгэмд өөрөөр байх арга зам би мэдэхгүй юм байна.

Хачин юм шүү, марксизмыг буй болгосон гурван том тулгуурын нэг нь утопи социализм юм гэж Ленин бичээд, гол төлөөлөгчөөр нь Томас Моорыг цохон тэмдэглэдэг байсан Лениний энэ сургаалыг коммунист бүх нийгэмд, түүний дотор Монголд 70 жил сурталчилж, хүн болгонд албадан цээжлүүлж, байнга шалгалт авдаг байсан байхад Томас Моор нь өөрийн хамгийн сонгодог “марксист” зохиолдоо ингэж анхааруулсан байх юм. 1516 онд анхлан латин хэлээр хэвлэгдсэн энэ номын нэр нь орчуулбал Бодит бус гэсэн утгатай.

Цэдэнбалын заалгасан онол, үзсэн социализм байгуулалт хийгээд Монгол дахь бодит байдал хоёр даанч зөрүүтэй байлаа. Улсын өмчийн ганцхан хэлбэр бүрэн эзэгнэсэн Зөвлөлттэй харьцуулахад монголчууд өмчтэй байлаа. Хүмүүс хувьдаа өмчтэй байвал тэнд ямар ч социализм, марксизм байхгүй гэсэн үг. Монголын дээд удирдлагад орж ирүүтээ л тэрээр монголчуудыг өмчөөс нь салгах арга ухаан сэдэж эхлэв. Монголчуудын гол өмч бол мал. Гэтэл малыг нь хурааж авахыг Чойбалсан яасан ч зөвшөөрөхгүй байв. Ер нь ч тэгээд газрыг тариачдаас хурааж авах тухай марксист онолд нарийвчлан заасан болохоос мал хураах тухай тэнд юу ч өгүүлээгүй аж.

Чойбалсан хувийн мал аж ахуйг хөгжүүлэхийг зүйл бүрээр дэмжиж байлаа. Тэрээр олон малтай болохыг уриалдаг төдийгүй тэгж чадсаныг нь одон медалиас өгсүүлээд янз бүрээр хөхиүлнэ. Мянгат малчны улсын зөвлөлгөөн гэдгийг үе үе зохион хувийн хөрөнгөө арвижуулж баяжсан малчдыг урамшуулан бусдад нь үлгэр жишээ болгоно. Хэдийгээр тэднийг албан татвараар зовоодог байсан авч эцсийн бөлөгт хувийн малаа олон болгохыг л шаардана. Цэдэнбал Чойбалсанд монголчуудын ганц өмч болох малыг нь хурааж хамтрал байгуулахыг олон удаа шахаж шаардаж байсан боловч цаадах нь 1930-аад оны хамтралжуулалтын гашуун туршлагыг ярьж зүйл бүрээр эсэргүүцэж байлаа.

Өмчгүй нийгэм Цэдэнбал бол марксизмын фанат байлаа. Өмч хөрөнгө болон шашныг үзэх түүний үзэл хэт туйлширсан байв. Ийм л учраас Монголын нүүдэлчдийн магадгүй цорын ганц өмч болох малыг нь хурааж хамтралжуулснаа Монголын түүхэнд гарсан хамгийн том хувьсгал гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Хувийн өмчийн ямар ч хэлбэрт тэрээр дайсагнан хандана. Хувиараа хөдөлмөр эрхлэгч жижиг үйлдвэрлэгч, гар урчуудын хөрөнгийг мөн нийгэмчлэн Үйлдвэр хоршоолол гэгчийг байгуулсан ба тун удалгүй улсад хурааж авсан билээ. Хувиараа үйлдвэрлэл явуулах, худалдаа үйлчилгээ хийх зэрэг иргэдээс илүү орлого олох гэсэн алив оролдлогыг дайсагнаж үзнэ.

Жараад оны эхнээс Монголд гагцхүү улсын өмч дангаар ноёрхох болжээ. Үүнийг социалист өмч ба хоршооллын өмч гэж өөрөө хоёр ялган тайлбарлах авч үнэндээ ямар ч ялгаа байсангүй, нэг л хэлбэр аж. Үнэн чанартаа нийгмийн гэх өмч нь хэний ч харьяаллын биш, өөрөөр хэлбэл, эзэнгүй зүйл учраас иргэдийн өмчид хандах хүйтэн цэвдэг хандлага мөн үеэс үүсчээ.

Нийтийн болж хувирсан малыг маллах хүн олдохоо болив. Малчид өөрснөө биш гэхэд үр хүүхдээ малаас аль болох зугтаалгах хандлагатай боллоо. Чухам энэ хандлага л Монгол орныг үйлдвэржиж, хотжиж, иргэншиж, соёлжиход гол түлхээс болсон өөрийн үнэлж баршгүй сайн талтай. Нүүдлийн мал аж ахуй захиргаадлын эдийн засгийн хэлбэрээр хөгжиж, малын тоо толгой өсөхөө болив. Ган зуд зэрэг байгалийн үзэгдэлд хамгийн эмзэг, сүйрэмтгий болж хувирлаа. Тэр хэмжээгээрээ нүүдлийн мал аж ахуйд оруулах хөрөнгө оруулалт өсч байсан юм. Хэдэн мянган худаг, өвөлжөө хаваржаа улсын төсөв болон зээлийн хөрөнгийг уудаг аранга болж мал аж ахуйг тогтоон барьж байх эрмэлзэлд бүх хүнийг чадахын хэрээр дайчилна. 1970-1990 онд ЗХУ-аас зээлсэн 17 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийн 60 гаруй хувь нь Монголын нүүдлийн хамтралжсан мал аж ахуйг тогтоон барьж байхад зарцуулагджээ. Энэ нь нийт малын өртгөөс давсан хэмжээ юм. Үүн дээр мал аж ахуйд суурилсан хэдэн зуун жижиг сууринг хүчээр барьж байхад зарцуулсан хөрөнгийг нэмбэл толгой эргэм тоо гарна.

Социалист хулгай Эдийн засгийг үр ашиг гэдэг талаас нь харах ахул Цэдэнбалын буй болгосон “социалист эдийн засаг” нь социалист л болохоос эдийн засаг биш ажгуу. Архи, спирт зэрэг хэдхэн нэр төрлийн үйлдвэрлэлийг эс тооцвол эдийн засгийн үр ашигтай ганц ч салбар үнэндээ байсангүй. ЗХУ-тай хамтран байгуулсан зэсийн том уурхай “Эрдэнэт” ч үйлдвэрлэх тутмаа хохиролтой тооцоо гарсан нь эцэстээ Цэдэнбалын засаглалыг унагах нэг гол шижим болжээ.

Илүү орлого олох бүх зам бололцоо хаалттай болохоор хүмүүсийн идэвх санаачилга огт үгүйн дээр ийм нийгмийн гишүүдэд байдаг моралийн уналт түгээмэлжлээ. “Социалист өмчөөс” бололцооны хэрээр хулгайлах, шамшигдуулах, хүйтэн цэвдэг хандах, үрэн таран хийх явдал жилээс жилд нэмэгдэнэ.

Шамшигдуулах явдал нийгэмд хүчтэй болж эхэллээ. Үүнтэй бусдад жигшүүлэх, айлгах аргаар тэмцэхээр шийдэв. 1964 онд “махны хэрэг” гэгч илрэв. Бүлэг этгээд Мах комбинатаас дэлгүүрт хүргэх сүлжээнд ажиллан жин дутуу тооцох, барааны чанарыг бууруулах зэргээр нийтдээ 25 мянган төгрөг идсэн нь тухайн үеийн ханшаар Чехословакт үйлдвэрлэсэн жижиг гарын ганц Шкода машины үнэ байлаа. Бүлэглэн шамшигдуулсан долоон этгээдийг хүндээр цээрлүүлж, гуравт нь цаазаар авах ял оноосон юм. Социалист өмчийг шамшигдуулсан гэх энэ хэргийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр цацаж энд тэндгүй “үзэн ядах цуглаан” зохион байгуулж байлаа. Гэвч ердөө 15 жилийн дараа гарсан “кондукторын хэрэг” гэгчид хоёрхон кондуктор нийлээд хэдхэн жилийн дотор сая төгрөг завшжээ. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэгэнт хэтэрхий хавтгайрсан байсан учир хоёр гэмтэн ердөө хэдхэн жилийн ял авсан байна.

1978 онд социалист өмчийг хайрлан хамгаалах МАХН-ын Төв хорооны тогтоол гарлаа. Тогтоолоор өмч хамгаалах санаа зөвхөн коммунист оронд л байж болох зүйл. Харин хэрэгжүүлэх арга механизм нь өөр хаана ч байж боломгүй болхи бүдүүлэг үзэл суртал болсон юм. Юун түрүүн тогтоолоо хүн толгойтой болгонд цээжлүүлэхээс ажлаа эхэллээ. Социалист өмчийг нүдний цэцгий мэт хайрлах нь хүн болгоны үүрэг мөн гэж тунхагласан уг тогтоолд “туйлын” гэдэг ганц үг нэмж оруулахын тулд Төв хорооны бүгд хурлыг дахин хуралдуулжээ. Тогтоолын орос орчуулгыг ихэд чухалчилж сэхээтнүүдийг орос, монгол хэлээр цээжлэхийг шаардав. Шалгалт улс орон даяар өрнөлөө. Сургууль, албан газар болгонд Намын эвлэлийн, Үйлдвэрчний эвлэлийн шугамаар хоёр тогтоолыг цээжилсэн эсэхийг шалгана. Сүүлдээ эмнэлэгт өвчтөн эргэх гэж ирсэн ар гэрийнхнийг хүртэл үүдэн дээр цээжилсэн тогтоолыг уншуулж байж нэвтрүүлнэ. Ийм түвшинд хүрсэн болохоор албан ёсны мэдээллийн хэрэгсэл яаж солиорсныг дүрслэхэд ч хэцүү. Монголын радио телевиз нэвтрүүлэг эхлэхдээ болон төгсгөхдөө мөнөөх социалист өмчийн тухай тогтоол лоозонгоор ёслол үйлдэнэ.

Социалист өмчийг хайрлах дараагийн алхам нь улсын өмчийг дээр нь “социалист өмч мөн” гэсэн хаяг тавин дугаарлаад хариуцах эзэн нь хэн болохыг зааж өгөх кампанит ажил өрнөлөө. Энэ оронд байгаа бараг бүх хөрөнгө “социалист” учир ямархуу цар хүрээтэй болсон нь ойлгомжтой. Гуанзангууд халбага сэрээн дээрээ хаяг тавьж эхэлсэн бол байшингууд ханан дээрээ сараачиж гарав. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд буй 10 орчим дан барилгын ханан дээр маш томоор, тосон будгаар “Энэ байшингийн өмч хариуцагч нь сумын ерөнхий нягтлан Чулууны Ганбаатар” гэх мэтээр эрээлсэн байв. Бараг огт машин дайрдаггүй говийн болон талын хээр газар социалист өмчийг хайрлах тухай намын цэцэн лоозонг асар том төмөр хавтан дээр бичин самбар болгосон нь нэн элбэг. Гэвч хүмүүс хулгайлсаар л байлаа. Яагаад гэвэл энэхүү социалист өмч нь лоозонгийнхоо нэгэн адил цаанаа хариуцах, өмчлөх эзэнгүй байсан юм.

Социалист үр ашиг Захиргаадлын эдийн засаг дангаар, цэврээрээ оршин тогтнох ямар ч бололцоогүйг Лениний цэргийн коммунизм, Сталины хамтралжуулалтын үе, Камбожийн улаан кхмерийн үе тов тодорхой баталсан билээ. Сайн дурын чөлөөт арилжаа ор тас алга болж цэвэр захиргаадлын эдийн засаг 100 хувь ноёрхвол шууд өлсгөлөн гамшиг залгадаг, цаашлаад өөрийн эрхгүй иргэний дайн үүсэх нөхцөл бүрддэг. Иймээс коммунист эдийн засаг оршин тогтнохын тулд “капиталист зөөлөвч” заавал хэрэгтэй. Зөвлөлт засгийн үед газрын дөнгөж хоёр хувь нь аминд байдаг байсан авч Зөвлөлтийн ихэнх төрлийн хүнсний ногоо болоод цэцэгт таримлын 90 хувийг хангадаг байжээ.

1960-аад он хүртэл Монголд чөлөөт арилжаа ямар нэг хэлбэрээр оршин тогтсоор байв. Нүүдэлчдийн гол арилжаа бол мэдээж мал. Тэдэнд өргөн хэрэглээний бараа хүргэх үүргийг улс дангаараа монополь байдлаар хүлээжээ. Иймээс арилжаа улс-малчин гэсэн харилцаанд хагас чөлөөт арилжааны шинжтэй. Улс өргөн хэрэглээний бараандаа хатуу хөдөлшгүй үнэ тавина, малчин цаг улирлаас хамаарч илүүтэй зах зээлийн шинжтэйгээр үнээ тогтооно. Гэхдээ улс ч малчдаас авах түүхий эдийн үнийг хатуу тогтоох боловч ховоргүй байсан хувийн худалдаачид, үйлдвэрийн хоршоологчид, жижиг үйлдвэрлэгчидтэй шууд зах зээлийн утгаар тогтсон үнээр арилжаа хийдэг байлаа.

Асуудал 1960-аад оны үеэс үндсээрээ өөрчлөгдлөө. Юун түрүүн нэгдэлжих хөдөлгөөнд малгүй болсон үй олон нүүдэлчин хот орон амьдрах болсноор Монголд хотууд үүсч түүнээ дагасан шинэ хэрэглээ буй болов. 1960 онд баталсан Үндсэн хууль Монголын нийгмийг ажилчин анги, хоршоолсон малчин, хөдөлмөрийн сэхээтэн гэсэн заагдсан гурван ангид хуваасан учир иргэн болгон аль нэгэнд нь хамрах, эс бөгөөс нийгмээс шахагдах үйлтэй болсон юм. Иймээс хуулиар хувиараа аж ахуй эрхлэх, худалдаа арилжаа эрхлэх явдал цаазлан хоригдлоо гэсэн үг. Эндээс хувиараа эдийн засгийн харилцаанд орох нь хууль зөрчсөн үйлдэл болж “хөдөлмөрийн бус орлого” гэсэн нэр томьёо үүслээ. Хуулийн аль ч шатны байгууллагын эрхэм үүргийн нэгэнд хувиараа аж ахуй эрхлэн худалдаа наймаа хийхтэй тэмцэж, “хөдөлмөрийн бус орлогыг” хурааж байх явдал тооцогдсон байна. Малчдын хувьд үлдээсэн цөөн хэдэн малыг ч улс тогтоосон үнээрээ дээрэмдэн авах ба үүнээс өөрөөр борлуулсан байвал хуулийн хариуцлага хүлээх болжээ.

1960 онд шинэ хуулийн зарчмаар Улаанбаатар хотод байсан дөрвөн бараан захыг хаалаа. Гэвч чухам бараан зах буюу хар захгүйгээр социализм байгуулж дөнгөхгүй нь тэр дороо мэдэгдэв. Ийм зөөлөвчгүйгээр нийгмийн харилцаа хөдлөхгүй. Ингээд хар захыг “ирээдүйд устах зүйл” гэдэг ангилалд оруулан хатуу хяналтын дор дахин нээлээ. Үзэл суртлын болоод хяналтын дайн зарлан байж довтлох боловч оршин байгааг нь эрхгүй зөвшөөрсөөр Монголын хар зах социализмын төгсгөл болтол байсаар байсан юм.

Иргэд хар зах дээр гар урлалын зүйлс, хүнсний бараа зарах боловч ихэнх зүйлс нь социалист худалдаагаар орж ирсэн олдоц муутай бараа, мөн хил дамнуулан олж ирсэн гадаад бараа байдаг байлаа. Импортоор орж ирсэн бараагаар бүтээгдэхүүн хийж борлуулахыг хориглосон хуулийн заалт байсан учир хамгийн болхи хийцтэй гар урлал ч “хөдөлмөрийн бус”-д тооцогдох тул хар зах дээр хийгдэх бүх наймаа хууль бус байсан юм. Үүнийг гарын салаагаар харан өршөөх боловч хэрэгт оруулъя гэсэн хэнийг ч энэхүү энгийн үйлдлээр нь дарамталж болох учир үнэн хэрэгтээ монгол иргэн болгон төрийн өмнө потенциал гэмт хэрэгтнүүд байлаа. Хууль сахиулагчдын хувьд ч ерөнхий зарчим үгүй болж тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харснаас хамааран тухайн субьектын хувь заяа шийдэгдэнэ. 1980 онд “Бохирын хэрэг” гэгч дуулиант явдал гарч байсан нь үүний нэг жишээ юм. Хотын бохирын санг өвөл хөлдсөн хойно нь ухаж цэвэрлэдэг бизнес байж. Үүнийг гүйцэтгэх байгууллага, хүн олддоггүй учраас хувь хүмүүс гэрээгээр хийнэ. Голдуу хятад иргэд мөнгө сайтай ийм ажил хийх нь элбэг. Гэтэл маоизмтай тэмцэх ээлжит кампанит ажлын нэг мөчлөг тааран тэднийг дарамтлах хэрэг гарчээ. Цаадуул нь хөлдүү бохир цэвэрлэхдээ техник хэрэглэсэн нь тогтоогдов. Бүх техник улсынх. Ингэхээр хөдөлмөрийн бус орлого олсон байж таараа. Ингээд тэднийг цээрлүүлэн шоронд илгээлээ. Харин бохир цэвэрлэх хүн дахиж олдохгүй болсон юм.

Монголын социализм оройн дээд цэгтээ хүрсэн 1989 онд Улаанбаатарт нийт гурван мянган автомашин хөдөлж байсны 100 нь хувийн өмч байлаа. Энэ 100 машины хөдөлгөөн болгоныг улсаас хянаж байсан юм. Цагдаа төдийгүй мэдээллийн хэрэгслийнхэн энэхүү ариун хяналтад орж машинаа такси болгон ашиглахаас сэргийлнэ. Тэднийг гэзэг даран мөрдөнө үү гэхээс жишээ нь шатахуунаар боомилох ямар ч бололцоогүй. Хэдийгээр улсын клонк тэдэнд маш бага шатахуун өгдөг боловч хар зах дээр бензинээс их юм байсангүй. Нэг литр бензиний улсаас тогтоосон үнэ нэг төгрөг 30 мөнгө. Харин хар зах дээр литр бензин 20-30 мөнгөний хооронд эргэлдэнэ. Бүх шатахуун зөвхөн импортын бараа, оруулах түгээх борлуулах бүх дамжлага нь зөвхөн улсын монополь эрх. Гэхдээ улсын үнээр хувьдаа шатахуун худалдан авдаг тэнэг хүн нэгээхэн ч байсангүй. Шалтгаан нь их энгийн, улсаас амархаан хулгайлчиж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *