Монгол-Германы XIV Чуулган шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог онцоллоо. Энэхүү чуулган нь Берлин болон Улаанбаатар хотуудад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулган 2016 онд Улаанбаатар хотноо “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол Германы чуулганы тэргүүн П.Очирбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел, ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг, ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ландтагийн гишүүн бөгөөд мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд бөгөөд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Тэрбишдагва, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа болон Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл,түүнчлэн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Беате Транкманн нар оролцлоо.
Чуулганы үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Улс төрийн бодлогоор шахаж эмэгтэйчүүдийг ажиллуулах боломжийг хайж байна. Нөгөө талдаа нэр дэвшээд сонгуульд өрсөлдөхөд үлэмж хэмжээний хандивыг авдаг. Тэгэхээр нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдэд тийм боломж байдаггүй. Энэ нь нэг талаар дэмжээд байгаа юм шиг боловч нөгөө талаар боогдуулаад байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд ар гэрийн асуудлууд их нөлөөлдөг. Энэ мэтчилэн олон асуудлаар энэ чуулган өрнөх байх” гэсэн юм.
Чуулганы хүндтэй оролцогч ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцаж дараахь асуултад хариулт авлаа.
- Монгол, Герман улсуудын хамтын ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ?
- Монгол, Герман орнуудын хувьд нөхөрсөг харилцаатай байгаа. Монгол Улс хоёр их гүрний дунд ардчиллыг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж германчууд өндрөөр үнэлдэг. Монгол, Герман улс олон зүйл дээр хамтран ажилладаг. Жишээ нь Афгинастан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр орны цэргүүд хамтран үүрэг гүйцэтгэх гэх мэт. Үүний хүрээнд Монгол, Германы хамтын чуулганыг жил бүр зохион байгуулдаг.
- Энэ жилийн чуулган яагаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан бэ?
- Эмэгтэйчүүд аливаа нийгмийн 50 хувийг бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хангалттай түвшинд хүрэхгүй байна. Хоёр орны хувьд ч онцгой асуудал болж байн. Энэ чуулган нь хоёр оронд аль алинд нь чухал байгаа сэдвийг сонгож авдаг. Тийм учраас эмэгтэйчүүдээр дамжуулаад ардчиллыг бэхжүүлэх нь чухал учир энэ жил ийм сэдвээр чуулганыг зохион байгуулж байна.
- Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд ямар нөлөөтэй байдаг вэ?
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харах өнцөг өөр байдаг. Тэдний сонголт ч ялгаата. Жишээ нь, Спортын цогцолбор барих уу, хүүхдийн цэцэрлэг барих уу гэсэн асуудал орж ирвэл эрэгтэйчүүд спортыны цогцолбор л гэж хариулна. Харин эмэгтэйчүүд цэцэрлэг гэнэ. Яагаад гэвэл тэд илүү хүүхдүүдэд ойрхон байдаг учраас тэр юм. Германд эмэгтэй Ерөнхий сайд гарангуутаа кабинетынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Тэгээд ажиллаж байх хугацаандаа маш олон нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадсан байдаг. Тэгэхээр энэ нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо ямар байдгийн тод жишээ болох байх. Мөн дахин нэг жишээ хэлэхэд, хүүхдүүд тоглоомын талбайд их дуу чимээ гаргадаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг гаргаж ирсэн. Үүнийг ээж нарын оролцоотойгоор тухайн хороотой нь хамтран шийдвэрлэх саналыг эмэгтэйчүүд гаргасан. Тэгснээр энэ асуудал их зөөлөн зөв аргаар шийдвэрлэгдсэн байдаг.
- Монголын эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог та хэрхэн харж байна вэ?
- Ардчилал гэдэг оролцоогоор хөгждөг. Тийм учраас миний оролцоогүйгээр ардчилал хөгжихгүй гэж бодох хэрэгтэй. Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд миний оролцоо хэрэгтэй юм байна гэж илүү итгэл үнэмшилтэйгээр хандаж, нийгэм болон улс төрд оролцох хэрэгтэй юм.Өнгөрсөн өдрүүдийн үйл ажиллагааг ажиглахад Герман, Монголын эсрэг тэсрэг үзэгдлүүд харагдаж байна. Германд бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох түвшин боломжийн хангагдчихсан. Харин бизнесийн түвшинд бага байдаг. Нийт худалдаа, бизнес эрхлэгч захирлуудын 11 хувь нь л эмэгтэй байдаг. Монголд харахад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага мөртлөө бизнес эрхлэгчдийн дунд их байна.
- Та Тюринген мужийн захирагч хийж байсан. Тэр үедээ эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байсан бэ?
- Мужийн захирагч хийж байх үедээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Засгийн газрын эмэгтэй гишүүдтэйгээ хамтраад гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгай байрыг бий болгож байлаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийг оролцуулахаас гадна хамтраад асуудлыг шийдэх тал дээр гарцуудыг хайж ажиллаж байсан.
О.ӨНӨРЦЭЦЭГ