Categories
мэдээ нийгэм

“Солонгосын долоо хоног” өнөөдөр эхэлнэ

БНСУ-ын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд зориулж “Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-нд зохион байгуулах болжээ. Тус арга хэмжээ өнөөдөр 17.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд зохион байгуулагдах загварын шоугаар эхэлнэ. Шоуны үеэр ханбуг, дээл, ноолууран бүтээгдэхүүний загварын дээжээс сонирхуулах бол маргааш “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм байна.

Мөн энэ хүрээнд таевандогийн үзүүлбэр, Солонгос хоолны фестиваль, Ким Чан Ваны хамтлагийн тоглолт, Бадүг даамны тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд энэ сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээний талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун арга хэмжээний талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “БНСУ-ын ЭСЯ шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр сар болж байна. Уг байрандаа бид Консулын хэлтсээ ажиллуулж, БНСУ-ыг зорих виз хүсэх иргэдэд тухтай, таатай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Мөн шинэ байрны нээлтдээ зориулж, хоёр орны ард иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг улам ойртуулах зорилгоор Солонгосын соёл, урлаг, ахуй амьдралыг сурталчлан таниулах өдөрлөг зохиохоор бэлдлээ. Долоо хоног үргэлжлэх уг өдөрлөгийн хүрээнд Монгол, Солонгосын хамтарсан үндэсний хувцасны загварын шоу, Монгол орны байгалийн сайхныг харуулсан Солонгос гэрэл зурагчны үзэсгэлэн, таеквондогийн үзүүлэн тоглолт, солонгос хоолны фестивал, урлаг соёлын тоглолт, бадүг даамны тэмцээн зэргийг зохион байгуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *