Categories
мэдээ спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хуралджээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны хоёр жил тутам болдог ээлжит Их хурал боллоо. Тодруулбал, Франц улсын Маконь хотод болсон залуучуудын ДАШТ-ий сүүлийн өдөр тус хурал болсон байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан үндэсний холбоодын төлөөлөгчид Их хурлаар бөхийн спортын хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Товчоо гэж нэрлэгддэг тус холбооны Гүйцэтгэх хорооны зургаан гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар сонгожээ.

Их хурлаар тивийн аварга шалгаруулах тэмцээний хураамжийн асуудлыг хэлэлцэж, одоо байгаа хураамжийн хэмжээг 15-20 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийн хураамжийг санал болгосон хэмжээнд үлдээсэн байна.

ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович, Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Дюссон нар 120 гаруй улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнө тус холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаа, амжилт болон санхүүгийн тайлангаа танилцуулж, хэлэлцүүлжээ.

Ерөнхийлөгч Н.Лалович тавьсан илтгэлдээ, “Чөлөөт бөхийн тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулж байх тухай асуудлыг дэвшүүлж, ингэх нь алтан медаль авахын төлөө өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож, бөхчүүдийг жин хасах эрүүл бус үзэгдлээс ангид байх бололцоо олгоно” хэмээжээ. Гэвч Их хурлаар дээрх асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. “Токио-2020” олимпийн наадам болоход аливаа өөрчлөлтөд дассан байхын тулд асуудлыг шуурхай шийдэж байх нь зүйтэй” гэдгийг ерөнхийлөгч Н.Лалович сануулаад өнгөрсөн байна.

Их хурлаар яригдсан гол сэдвийн нэг нь Рио-2016 олимпийн үеэрх элдэв маргаантай асуудал, шүүлтийн талаарх гомдлууд байжээ.

Их хурал энэ тухай хэлэлцээд, шүүгчдийн сургалтад зориулсан шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн дүрмийг дэмжиж, шүүгчдийн асуудалд шударгаар хандаж шийдэх үүргийг ДБНХ-ны Спортын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *