Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголыг харж байхад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болгож байгаа гэхчилэн олон зүйл л яваа харагдах юм. Та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн тодотголыг Их хурал хэлэлцэж байна. Инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу тийм л төсвийн тодотгол орж ирлээ. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхэлснээр бодлогын хүү 15 хувь боллоо. Ингэснээр банкнаас гарах зээл хязгаарлагдана. Хоёрдугаарт, арилжааны банкны Монголбанкин дээр байлгах нөөц нэмэгдэнэ. Энэ хэрээр зах зээл рүү орох мөнгөн урсгал хумигдана гэсэн үг. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа үед Сангийн яам эсрэгээрээ зөөлөн бодлого явуулах хэрэгтэй байдаг л даа. Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой байтал татвар нэмж ард түмний халаасанд буй жаахан мөнгийг татвар болгон эргүүлж, дээрээс нь гаргаж буй зардлаа татаж эхэллээ.

Тухайлбал, хүүхдийн 20 мянга, оюутны 70200, тэтгэвэр, тэтгэмжээр зах зээл рүү гарах ёстой мөнгийг хязгаарлаж байна гэдэг бол хоёр иституци хоёулаа бэлэн мөнгийг татах бодлого явуулж эхэллээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрнэ. Эдийн засаг бие барьсан хувцас өмсөхөд ямар байдаг билээ, яг тэр зарчим руу орно. Ийм тохиолдолд гаднаас бараа бүтээгдэхүүн импортлох нь багасна. Ам.долларын урсгалыг ингэж зогсоох гэж байна л даа.

-Яагаад заавал энэ арга замыг сонгох болсон юм бол. Та юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн юм аа. Үүний үргэлжлэл явж байна гэдэг пиарыг хийх зорилгоор ийм алхам хийж байгаа. Гурван сарын дараа зах зээл дээр ам.долларыг худалдан авах чадваргүй болоод ирэхээр валютын ханш бууна. Мөн он гарангуут мөнгөний бодлогоо суллах арга хэмжээ аваад эхлэхээр зах зээл рүү орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Тэр үедээ “Бид эдийн засгийг сайжруулчихлаа шүү” гэдэг мессэжийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан гаргаж ирж оноо авна. Ердөө л энэ. Үүнд л зориулсан төсвийн тодотгол орж ирж байна.

-Ийм төсвийн тодотголыг АН-ын бүлэг дэмжихгүй байх тийм үү?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох ёстой гэж хамгийн их хашгирсан хүмүүс бол Ардын намынхан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоё гэхэд тэд л хамгийн их эсэргүүцсэн. Энэ МАН-ынханд ой санамж гэж юм байна уу. Одоо болохоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гээд оруулж ирэх юм.

Мөн оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө МАН-ынхан тусгаа биз дээ. Одоо тэгээд юу яриад байгаа юм. Энэ мөнгийг нь олгоно гэж оюутнуудаас санал авчихаад маргааш нь “Та нар бидэнд хэрэггүй байсан шүү” гээд салаавч үзүүлж болохгүй. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг багасгаж байна. Тухайлбал, бүх насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүсийн тэтгэвэрт гарахдаа ганц удаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон багасгаж байна. Нэгээс 12 сар гэдэг нь нэг сарын тэтгэмж ч олгож болно гэж байгаа юм. Ингэж ард түмний аж амьдралд хэрэгтэй байсан зүйлсийг устгаж буйгаараа энэ удаагийн төсвийн тодотгол онцлог болохын дээр мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмыг хийлээ. Ингэж ард түмний амьдрал ахуйд таатай бус төсвийн тодотгол өргөн барьж байхад бид яаж дэмжих юм бэ.

-Ерөнхий сайд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн Сангийн сайд нь жил бүрийн төсвийг өөрийнхөө өрөөнд шахам боодог байсан талаар ярьж байна. МАН-ынхан үнэхээр төсвийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм уу. Сөрөг хүчнийхээ хэлж ярьж буйг эрх баригчид хэр сонсож байна?

-МАН-ынхан ганцхан бодлого барьж байгаа нь Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн гэж ярих явдал. Үүнийг нь бид засах гээд явж байна гэж ярьдаг. Үнэндээ ямар аргаар, яаж засах гэж байгаа талаараа огт ярихгүй байна. Зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, татварын бодлогоороо эдийн засгийг сайжруулах уу гээд алийг нь сонгож байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн гарцаа тодорхойлохгүй хэрнээ УИХ дээр цэвэр улс төрийн шинжтэй зүйлс ярьж байгаа юм. Эдийн засгийн болж бүтэхгүй байгаа бүх л зүйлсээ АН-д нялзаах гэж зүтгэж байгаад үнэнийг хэлэхэд эмзэглэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Их хуралд хүчтэй сөрөг хүчин байсан. Мөн МАН өөрсдөө АН-ын хаяанд ирж гэрээ барьж, Засгийн газарт орж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед хамтдаа төр засгийг удирдаж байсан гэдгээ мэдэхгүй ингэж ярьж буй нь ядаж хүн чанар талаасаа бодох л ёстой зүйлсийн нэг.

-Өнгөрөгч дөрвөн жилд иргэдэд хэрэгтэй хуулиуд баталсны нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байлаа. Ахмад настнууд маш өндөр хүлээлттэй хэрэгжих хугацаа нь хурдан болоосой гэж байсан бол хэрэгжилтийг нь хойшлуулахгүйгээр бүр хүчингүй болгуулахаар оруулж ирж байгаа нь тэдэнд таалагдахгүй байна…

-Энэ бүхнийг үе шаттай ярих нь зөв байх.

Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэг гээд тал хувьд нь олгохгүй байхаар орж ирж байна. Оюутнуудын 70200 төгрөгийг нь өгөхгүй гэлээ. Залуу идэр үеийнхний бизнес эрхэлж буй хүмүүст татвар нэмэх аргаар дарамт учруулж эхэллээ. Ахмадуудын хамтын тэтгэврийг байхгүй болголоо. Ардын намын явуулж буй энэ бодлого нь бүх шатандаа Монголын ард түмэн рүү нуруугаа харуулж буй тод хэлбэр. Ардчилсан намын бүлгээс энэ бүхнийг хэвийн явуулаач ээ л гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл “Эдийн засаг муудсан” гэдэг гуравхан үгээр хаалт хийж, ард түмний амьдрал ахуйд муугаар нөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаад байна.

-Энэ мэтчилэн зүйлс дээр Ардчилсан нам ямар байр сууринаас хандах вэ. Хэдий цөөхүүлээ ч гэсэн сөрөг хүчин хангалттай сайн ажиллах хатуу шаардлага тулгараад байна л даа. Ардын намын зарим гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байна гэж байгаа ч ярилцлага өгөхөөрөө намаа муулж болохгүй байна гээд байна л даа?

-Ардын намынхан хувь улстөрчийг улс төр хэрхэн хийх нь вэ гэдгийг хатуу хянадаг юм шиг байгаа юм. Тиймээс гишүүд нь дотроо хэчнээн эсэргүүцэж байсан ч ил гаргаж чаддаггүй. Ард түмэнд ярьж хэлж санал авч байсан зүйлсээ бодоод ярих гэхээр намаа эсэргүүцэх болчихдог. Дотроо эмзэглэж байгаа ч намын удирдлагаасаа айгаад өөрийнхөө бодож байгаагийн эсрэг улс төр хийж байна. Тэр хийж байгаа улс төр нь маш хиймэл харагдаж байгаа. Өөрийнхөө бодож байгаагийнхаа эсрэг явахаар яаж үнэн байх юм. Намаа эрүүл байлгая гэвэл өөр өөрийнхөө үзэл бодолд үнэнч явах л хэрэгтэй.

-МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ард түмэнд хамгийн их таалагдсан нь цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн өгүүлбэр. Бараг л оюутнуудыг үнэгүй сургачих юм яриад байсан. Одоо бол мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмуудыг хийж байна. Ирэх жилүүдэд тус намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж хэр байгаа бол?

-МАН-ынхан эдийн засгийг сайжруулах тодорхой бодлогогүй явж байгаа. Хэрэв эдийн засгийг тэгж сайжруулна гэж бодлоготойгоор ажлаа эхлүүлбэл ядаж хийх зүйлс нь тодорхой байна. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ гэсэн бодлого нь тодорхойгүй тул мөрийн хөтөлбөрөө юугаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихсон. Үнэхээр харамсалтай.

-Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэдэг зүйл ярьж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж Сангийн сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн. Үнэндээ энэ хүмүүсийг халах үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчдын тоо яагаад ихэссэн бэ гэхээр өнгөрсөн дөрвөн жил маш их сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан. Энэ газруудад чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьчихаад байхад хүссэн хүсээгүй тэнд ажиллах хүнийг авах ёстой. Эдийн засаг тэлсний хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул ажлын байр нэмэгдсэн байхгүй юу. Хороодын нийгмийн ажилтнаас эхлээд бүгдийг нь төрийн албан хаагч болгосон. Үүнтэй холбоотойгоор автоматаар нэмэгдсэн юм. Мөн сургууль, цэцэрлэгийн галчаас эхлээд хүмүүсийг төрийн албан хаагч болгосон. Ингэхээр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхгүй яах юм бэ. Түүнээс биш АН засгийн эрхэнд байхдаа төрийн албан хаагчдын орон тоог нэмчихсэн зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулалтаас шалтгаалан төрийн албан хаагчид нэмэгдсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 20 мянган төрийн албан хаагчийг хална гэдэг бол төрийн үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг л хална гэсэн үг. Энэ бол байж болшгүй асуудал. Бидний хүүхэд эрүүл саруул байх ёстой, бидний хүүхдүүд боловсролтой байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчдыг хална гэдэг бол Монголын ирээдүйг байхгүй болгож байгаатай яг адилхан зүйл.

-Жилийн 30 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж байна. Сард хуваагаад үзэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг хүн түүнд хамаарч байгаа юм. Энэ нь сарын мянган ам.долларын цалин авч байна гэсэн үг. Монголд мянган ам.долларын цалин тийм өндөрт орох уу?

-Ардын намынхан аль ч төрлөөр татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байна. Баялаг бүтээж, цалингаа аваад явж буй хэвийн амьдралтай хүнд дарамт болон очиж байгаа. Хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн 200 метр квадрат байртай байгаа шүү дээ. 200 метр квадрат байртай байсан тэр хүний цалингаас нь өндөр татвар авчихаар ипотекийн зээлээ яаж төлөх вэ. Цалин нь хүрэхээ больж эхэлнэ биз дээ. Хоёрдугаарт, 200 метр квадрат байртай тэр хүний Үл хөдлөх хөрөнгийн татвар нь нэмэгдэнэ. Хэвийн амьдарч байсан хүнийг ингэж дарамтад оруулж болохгүй ээ. Ингээд ирэхээр цалингаа хоёр хувааж өөр дансаар авч эхэлнэ. Уршиг нь далд эдийн засгийг бий болгоно. Энэ бол дэмжээд байхаар зүйл биш.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг буулгахтай холбоотойгоор иргэдээс эсэргүүцлээ илэрхийлж утсаар ярьж, мессэж бичиж байна. Иргэдийнхээ төлөө бид ажиллана.

-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэх байсан ч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр МАН-ынхан оруулж ирлээ. Заавал ингэж хойшлуулах шалтгаан юу байсан юм бол?

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах болсон нь хоёр шалтгаантай. МАН-ын зүгээс уг хуулиудтай холбогдсон дүрэм, журмыг боловсруулаагүй, бэлтгэл ажил хангаагүй, сургалт явуулаагүй гэдэг шалтгаан хэлж байгаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байна. Уг асуудалтай холбогдуулан завсарлага авсан.

Уг хуулийг буцаах болсон нэгдүгээр шалтгаан нь 2017 оны тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших тул уг хуулиудыг хэрэгжүүлээд эхэлбэл тэр хүний ялтайд тооцогдох хугацаа ирэх есдүгээр сарын 1-нээр дуусах юм. Уг хуулиудын хэрэгжилт долдугаар сарын 1 болж хойшилсноороо Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Ардын намынхан өөрсдийн саналыг хуваачихна хэмээн айж байгаа тул улс төр хийж уг хуулиудыг хойшлуулж байна.

Хоёрдугаарт, Ардын нам хүний эрх, эрх чөлөө, баталгааны тухай ам ангайдаггүй нам. Тиймээс уг хуулийг хойшлуулж, дахин өөрчилж хуучны хуультайгаа адилхан хүн нь байвал гэмт хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажиллах гэж байна гэж харж байгаа. Энэ хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Өөрсдийнхөө хүний эрхийн баталгааг дээд түвшин рүү аваачих байх гэж харж байгаа ч харамсалтай нь Ардын нам үүний эсрэг яваад байгаа л даа. Ингэснээрээ тэд хүний эрхийн төлөө байдаггүй, хүний эрх, эрх чөлөөг ярих дургүй, хуулийн салбарын шинэчлэлийн талд байдаггүй нам гэдгээ улам бататгаж байгаа хэрэг.

-МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа зүйлс нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдэж байна гэж та хараад байгаа бололтой. Таны хэлсэн хэд хэдэн зүйл дээр тэгж санагдлаа?

-Өргөн барьсан төсвийн тодотгол хийгээд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг харж байхад яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа нь илт харагдаад байна. Угаасаа тэгж ч байгаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал есдүгээр сарын 16-ны өдөр болохоор хойшиллоо. Хойшлох болсон гол шалтгаан нь юу байсан юм бол. Уг нь хэлэлцэх асуудал нь тодорхой байгаа шүү дээ?

-Ардчилсан нам шинэ өнгө төрхтэй болох ёстой. Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий дарга нарын нам явж ирлээ. Их хурал дахь нам болж хувирсан. Тиймээс өнөөдөр Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй байна. ҮЗХ-ны хуралдаан хойшилсон нь шинэ дүр төрхийг манай хууччуул гаргахгүйн төлөө тэмцэж буй тэмцэл гэж харж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *