Мэри Шэллей өөрийг нь алдарт хүргэсэн “Франкенштейн” романаа 19 настайдаа бичиж дуусгасан юм гэдэг. Энэ бүтээл дэлхийн шилдэг 100 зохиолын нэгээр өргөмжлөгддөг хэдий ч монгол хэлээр орчуулагдсаныг нь үзэж байсангүй. Харин 1818 онд хэвлэгдсэн тус зөгнөлт романаас сэдэвлэсэн олон кино бий. Мэдээж зохиол нь кинотойгоо адилгүй. Тиймээс “Франкенштейн” романы үйл явдлаас маш товчлон хүргэе. Мөс зүсэн урагшилж яваа усан онгоцны багийнхан нохой чаргатай нэгэн аварга хүн явааг хараад гайхан ярилцдаг. Тэсгим хүйтэн, хүн амьтангүй зэлүүд мөсөн дунд хэн нэгэн явж байна гэдэг сонин үзэгдэл. Гэвч гайхах болоогүй байжээ. Хэдэн өдрийн хойно мөсний хагархай дээр хөвж яваа өөр нэгэн хүнийг олно. Тэр хүн маш их өлсөж, цангасны дээр хөл нь хэдийнэ хөлджээ. Хэд хоног асарсны эцэст нөгөө хачирхалтай эр усан онгоцны ахмадтай ярилцах тэнхэл суулаа. Нэрийг нь Хэнри Франкенштейн гэдэг аж.
Тэрбээр өөрийгөө дандаа бараан амьдрал туулаагүй хэмээгээд төрөлх тосгондоо өнгөрсөн аз жаргалтай бага насныхаа талаар хүүрнэдэг. Өсөж өндийгөөд том хотод суралцахаар одно. Их сургуульд суралцаж байхдаа цахилгаан гүйдлийн хүчээр үхмэл махбодид амь оруулж болох тухай онолоо дэвшүүлдэг. Харин багш нь түүнийг энэ чиглэлд авьяастай боловч боломжгүй зүйл ярьж байна гэж үзнэ. Залуу эрдэмтэн санасандаа хүрэхээр шийджээ. Ингээд оршуулгын газраас хүүр авчирч цахилгаан гүйдлийн хүчийг ашиглан амилуулахаар чармайна. Энэ ажилдаа олон сарыг зарцуулж махран оролдсоор санасандаа хүрдэг. Гэвч олон зүйлт, залгаасаас бүрдсэн аймшигт бүтээл нь амь ормогцоо түүнийг дагахад гэрээсээ гаран зугтана. Ухаан мэдрэлгүй гүйж байхдаа сургуульд суралцахаар ирсэн багынхаа найзтай тааралддаг. Найзын хамт гэртээ очиход мангас хэдийнэ алга болсон байв. Энэ өдрөөс хойш тэрбээр эгэл жирийн амьдралдаа эргэн орж найзтайгаа хамт уран зохиол, урлаг сонирхон судалж эхэлнэ. Жил, сар урсан өнгөрөхийн хэрээр өөрийн бүтээлийг мартагнах аж. Гэтэл нэгэн өдөр төрсөн дүү нь бусдын гарт амиа алдсан тухай мэдээ хүлээн авна. Гэртээ очих замдаа тэрбээр нэгэн хүн модон дундаас өөрийг нь ажиглаж буйг анзаардаг. Тэр бол өөрийнх нь бүтээл байлаа. Дүүг нь хэн нэгэн багалзуурдан хөнөөжээ. Хэрэгтэнг ч олсон байв. Олон жил тэдний гэрт асрагч, үйлчлэгч хийсэн нэгэн эмэгтэй алтан гинжинд нь шунаж амийг нь бүрэлгэсэн болохыг баримтаар тогтоосон аж. Харин эрдэмтэн Франкенштейн өөрийнх нь мангас үүнийг хийснийг мэдэж байлаа. Тиймээс буруугүй эмэгтэйг хамгаалахыг оролдоно. Харамсалтай нь ярьсан түүх нь хүмүүст үнэмшилтэй санагдсангүй. Түүгээр барахгүй уй гунигтаа автсандаа эмэгтэйг хамгаалахыг оролдож байна гэж бодоцгооно. Шүүх хурал болж чанга хатуу эрүү шүүлтийн дараа хөөрхий эмэгтэй хүний амь хөнөөсөн хэргээ хүлээж дүүжлүүлдэг. Франкенштейн мангасыг олохоор ууланд гарна. Мангас ч түүнтэй уулзахыг хүсч байжээ. Тэр хоёр уулзан мангасын овоохойд очдог. Өөрийнх нь бүтээл анх амь орохдоо хэрхэн нялх хүүхэд шиг байсан хийгээд өөрөөс нь айн зугтсаныг ойлгоогүй тухай ярина. Бүгд л түүнийг мангас хэмээн үзэж айн зугтаж байсан тул ууланд гарч жимсээр хооллон хэсэг амьдарчээ. Тэгж байтал нь цагаан нунтаг тэнгэрээс бууж хөл, гар нь бээрч эхэлсэн гэнэ. Нунтаг бодис нь цас байсан аж. Зовж зүдэрч тэнэж явахдаа ууланд нэгэн сохор хөгшин хүүхдүүдтэйгээ амьдардаг байшингийн ойролцоо очжээ. Энэ үеэрээ тэдний өвсний амбаарт амьдарсаар ярьж сурсан байна. Хүмүүст дасч эхэлжээ. Нэгэн өдөр түүнийг хүүхдүүд нь мэдэж хөөж байхдаа хөлөнд нь буудав. Шархдаж, айж, зугтаж байхдаа хүн төрөлхтнийг үзэн ядаж эхэлсэн байна. Тэгсээр нэгэн өдөр цовоо балчир хөвгүүнтэй таарчээ. Өөрөөс нь айгаагүй тэр хүү бүтээгчийнх нь дүү байв. Үзэн ядалтдаа багтарч түүнийг нэг базтал хүзүү нь хугарч үхсэн аж. Харин мангас модны ёроолд амарч байсан эмэгтэйн халаасанд гарт нь тасарч үлдсэн алтан гинжийг шургуулсан байна. Энэ бүх түүхийг яриад хэрвээ өөрт нь эмэгтэй хамтрагч хийж өгвөл хүн амьдардаггүй зэлүүд нутаг руу явна. Үгүй гэвэл гэр бүл, гэрлэхээр төлөвлөсөн бүсгүйг нь хөнөөнө хэмээн сүрдүүлдэг.
Залуу эрдэмтэн гэр бүлийг нь тайван орхивол эмэгтэй мангас хийж өгөхөөр тохирдог. Түүгээр барахгүй бүтээнэ. Гэхдээ яг амь оруулах гэж байх мөчдөө хоёр мангас бүтээх эсэхдээ эргэлзэж буцаагаад хэдэн хэсэг болгочихдог. Мэдээж энэ нь мангаст таалагдсангүй. Хэдийгээр эрдэмтэн бэлтгэлтэй байсан боловч хуримынх нь шөнө сүйт бүсгүй болоод хөгшин эцэг нь хөнөөгдөнө. Орь ганцаар үлдсэн Франкенштейн өөрийн бүтээлийг хөнөөхийг амьдралынхаа зорилго болгон олон улсаар дамжин ангуучилсаар Орос орны хүний хөл хүрээгүй хүйтэн газар хүртэл мөрджээ. Хүйтэн хахир байгальд чарганых нь ноход үхэж өөрөө хүндээр өвдсөн байхдаа усан онгоцтой таарсан аж. Түүхээ ярьж дуусаад насан эцэслэсэн шөнө нь мангас усан онгоцны цонхоор орж ирнэ. Өөрийнхөө бүтээгчийг нас барсныг үзээд гашуудан шаналдаг нь сонин. Өрөөнд байсан онгоцны ахмадад “Бидний тооцоо дууслаа” гэж хэлээд хүйтэн, харанхуй мөсөн орны гүн рүү одсоноор зохиол төгсдөг.
Ж.БАЯР