Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Биеийн тамиржиж буй улс

Хэдэн жилийн өмнө бид “бөхчүүд улс төрд орж эхэлсэнтэй уялдуулан харьж яваа улстөрчдийг бөх болгоё” хэмээн наргиан болгож байсан сан. Харин өнөөдөр тэр үеийн наргиа түүх болон хоцорч Монголын улс төр илүү спортлог болжээ.

Бөхчүүд, тамирчид рингээ орхивч алдар хүндийн титмээ зүүсэн хэвээр орж болох дэвжээг улс төр хэмээн харах болсон, харснаа хийх ч болсон. Эхний хэдийнх нь олж буй амжилт үлдсэн хэсгийнх нь урам зоригийг сэргээж байгаа бололтой. Дэгсдүүлсэн хүнд бол, Монголын улс төр тамирчдын тэтгэврийн ордон болох нь уу ч гэмээр.

Ардчилсан нийгэмд Спортын төв ордноос Төрийн төв ордонд шилжихийг хэнбугай ч хориглох эрхгүй. Ерөөсөө хэн ч бай сонгогдох эрхтэй, өнөө “жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшив” гэдэг шиг.

Цаашдаа манай улс төр улам спортжих нь тодорхой учраас тамирчин маягийн улс төрийнхөө шинж байдлыг ойлгох хэрэгцээ гарч байгаа юм.

Дүр барааг нь наадам тэмцээний сурвалжлагаас үе үе харж баясдаг хүмсийнхээ дүрийг өдөр болгон парламентын сувгаар үзэхэд муу нь юу байхав. Гэхдээ улс төр нь биеийн тамиржиж спортжиход учирдаг нэг зовлон байна аа. Энэ нь тэдний амьдралын чин эрмэлзлээс үүдэлтэй юм.

Тамирчны амьдралын дүрэм бол “ялах, эсвэл ялагдах”. Улс төр, нийгмийн амьдралыг яг спортын нүдээр ингэж хардаг. Тэдний ийм хандлага нь манай улс төрийн амьдралыг арай ч донсолгоотой болгоод байна.

Гэтэл нийгэм улс төрийн амьдрал чинь ялалт ялагдал дээр биш зохицол, ойлголцол дээр оршин тогтнодог үзэгдэл. Спортчин улстөрчид үүнийг ойлгоход амаргүй. Ерөөсөө ялахгүй тийм тэмцээнд ороод ч байгаа юм шиг, эсвэл түрүүлээд байхад нь медаль зүүхгүй орхисон ч юм шиг сэтгэгдэл төрөн бачимддаг болтой юм. Өөрийнх нь санаачилга няцаагдах, тухайн асуудлаар дэмжлэг хүлээхгүй үлдэх зэрэг нь цэвэр ялагдах, тэмцээнээс хасагдахтай агаар нэгээр төсөөлөгдөж бачимдуулна.

Улстөрчдөд цаг нь болоогүй зүйл дээр буулт хийх, тэвчээртэй хүлээж сурах, хэтийн зорилготойгоор ухрах зэрэг нь тун чухал. Харин тамирчин хүн дараагийн тойрогт ялахын тулд энэ удаа бууж өгөх, шувтаргын тэмцээнд амжилт гаргах үүднээс өвдөг шороодох, дараагийн олимпод алтан медаль авахын тулд спортоос түр завсарлах ямар ч боломжгүй.

Ийм дэглэмд дассан, өөрийгөө дасгалжуулсан улстөрчид нийгмийн амьдралын зохицлыг алга болгоод зогсохгүй эхний байранд шалгарахын төлөөх хайр найргүй тэмцээн болгон хувиргаж байх шиг.

Яг нарийндаа улс төрийг ихээхэн спортлог болгосон зүйл бол коммунист дэглэм бөгөөд ХХ зууны дэлхийн нийгэм, улс төрийн байдлыг “хоёр системийн үхэх сэхэхээ үзэлцсэн өрсөлдөөн” хэмээн томьёолж байсан юм. Хорин тавны тэртээ үлдсэн хуучин дэглэмийн маань энэ үзэл санаа өнөөгийн спортлог улс төрийн гал дээр тос нэмэн дүрэлзүүлж байгаа юм.

Хуучин онигоонд гардагчлан “Марксэнгельс гэдэг чинь нарийндаа хоёр өөр хүн юм байна” гэлээ гэдэг шиг улс төр спорт хоёр дэндүү ялгаатай. Улс төрийн ялагдал нь хүлээлт, дараагийн томоохон хожлын бэлтгэл байх нь олонтаа. Нарийн яривал байнга ялах нь хортой төдийгүй хориотой. БНМАУ-ын үед ганц тамирчинтай улс төр байсан нь нэг намын систем бөлгөө.

Генри Киссинжер улс төрийг хэн нь ч ялдаггүй, харин давуу байдал олж авах байдлаар дуусахгүй үргэлжилдэг хөлөгт тоглоомтой зүйрлэсэн байдаг. Наад захын жишээ хэлэхэд Монгол, Орос, Хятад гурван улс хэн нь хэнийгээ цэвэр ялахгүйгээр, нөгөөхөө заавал өвдөг шороодуулахгүйгээр хөршлөн суугаад хэвийн оршин тогтнож болоод байгаа биз дээ.

Хэрвээ тамирчин хүн тэмцээндээ улстөрлөг хандаж, өрсөлдөгчдөө боломж олгож, дэвжээн дээр зохицож, харилцан буулт хийж эхэлбэл юу болох вэ? Биеийн тамиржсан улс төр яг тийм болоод байна.

2016.05.03

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *